Самсунг нугардаг дэлгэцтэй гар утсаа есдүгээр сард худалдаанд гаргана

Самсунг нугардаг дэлгэцтэй гар утсаа есдүгээр сард худалдаанд гаргана

Нугардаг дэлгэцтэй дэлхийн анхны гар утас гэгдэж байгаа Galaxy Fold-ын гэмтлийг засаж сайжруулсан тул есдүгээр сард худалдаанд гаргах болсноо Самсунг Электроникс өнөөдөр мэдэгджээ.

Гэхдээ есдүгээр сарын хэдний өдөр худалдаанд гаргах талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна. Үнэ нь анх зарлаж байсанчлан $1,980 хэвээр байх гэнэ.

Дөрөвдүгээр сард нээлтээ хийх байсан Galaxy Fold-ийн урьдчилж гаргасан загваруудад гэмтэл илэрсэн тул зах зээлд нийлүүлэх хугацааг Самсунг компани тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байв.

Шинэ загварт илэрсэн гэмтлийг хэрхэн шийдвэрлэснээ тус компани тайлбарлажээ. Тухайлбал дэлгэцийг хамгаалагч хальс амархан хуулагддаг байсныг засахын тулд хальсны эзлэх талбайг дэлгэцний хүрээг давуулан өргөтгөсөн байна.

Мөн нугасны завсарт элдэв хог орж, гэмтээж байсныг засварлахдаа нугасны завсрыг нэмэлт материалаар дүүргэж, бэхжүүлжээ.

Самсунг компани наймдугаар сарын 7-ны өдөр өөр нэг алдартай бүтээгдэхүүн болох Galaxy Note 10 загварын ухаалаг гар утсаа танилцуулах гэж байгаа юм.