Э.Аминжаргал: Үндэсний үсэглэлийн аварга болж мөрөөдлөө биелүүллээ

Э.Аминжаргал: Үндэсний үсэглэлийн аварга болж мөрөөдлөө биелүүллээ

Монголчуудын шимтэн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг бол яах аргагүй “Боловсрол” суваг телевизийн бэлтгэн хүргэдэг “Үндэсний үсэглэлийн аварга”. Тус нэвтрүүлгийн нэгдүгээр улирлыг үзээд “2020 оны миний хамгийн том зорилго Үндэсний үсэглэлийн аварга болох” гэж хичээнгүйлэн бичиж, ширээн дээрээ наан бяцхан зүрхэндээ мөрөөдөл тээж байсан охин бол Энхбатын Аминжаргал. Тэгвэл тэр хэдхэн хоногийн өмнө энэхүү мөрөөдлөө биелүүлж, Үндэсний үсэглэлийн аваргын цомыг авсан юм. Энэ цомыг авахын тулд Э.Аминжаргал зуны турш өдөр бүр шаргуу хичээж, ээжтэйгээ хамт бэлдсэн гэнэ. “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн" энэ түүхэн өдөр бид Үндэсний үсэглэлийн аварга Э.Аминжаргалтай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Э.Аминжаргал зургаан настай байхдаа Соробан сампингийн Үндэсний аварга болж байжээ. Мөн түүний ихэр дүү Э.Амаржаргал 2016 онд Энэтхэгт болсон "Соробан сампин"-гийн Олон улсын тэмцээний тэргүүн байрыг эзэлж байсан аж.

-ЯЛАГЧ БОЛСНОО СОНСООД ӨӨРТӨӨ ҮНЭХЭЭР ИТГЭЭГҮЙ-

-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс “Үндэсний үсэглэлийн аварга” болсонд баяр хүргэе. Үнэхээр мундаг байсан шүү. Ялагчийн цомыг авах мөчид юу бодогдож, ямар мэдрэмж төрж байв. Өөрийгөө ялагч болно гэдэгт итгэлтэй байсан уу?

-Баярлалаа. Есдүгээр дугаарын өмнөх шөнө нэвтрүүлэгт оролцсон бүх хүүхэд адилхан хувцас өмсөөд цуглачихсан байхад би ганцаараа сондгой хувцастай зогсож байна гэж зүүдэлсэн. Өглөө ээжид хэлэхэд “Сондгойрч байна гэдэг чинь ялагч болох магадлал өндөр байна гэсэн үг” гэсэн. Ээжийнхээ үгийг сонсоод би өөртөө илүү итгэлтэй болсон. Зүүд маань их нөлөөлсөн болов уу гэж бодож байна/инээв/. Гэхдээ ялагч болсноо сонсоод өөртөө үнэхээр итгээгүй. Маш их баярласан.

-Э.Аминжаргалыг “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн ялагч гэдгээр нь хүмүүс илүү мэддэг боллоо. Тэгвэл бидэнд гэр бүл, сургуулийнтаа талаар товчхон танилцуулааач.

-Би “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн 6-1 ангид сурдаг. Аав, ээж ихэртэйгээ хамт амьдардаг. Аавыг маань А.Энхбат, ээжийг маань З.Энхдэлгэр гэдэг. Харин ихрийг маань Э.Амаржаргал гэдэг. Ихэр бид хоёр нэг ангид сурдаг.

-“Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлэгт хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ. Нэвтрүүлэгт орох санааг анх хэн гаргаж байв?

-Нэвтрүүлгийн эхний улирлыг үзээд дараа жилийн дугаарт заавал орно доо гэж бодож, наадмын дараа бэлдэж эхэлсэн. Тухайн үед ялагч болсон М.Түвшинзаяаг их дэмжиж байсан.

-Ялагч тодрох финалын дугаарын эхний үед “эхэлжиргэнэ” гэдэг үгийг амжилттай тайлбарлаж, сэдвээ түрүүнд сонгох давуу эрхтэй болсон шүү дээ. Хоол гэсэн сэдвийг яагаад сонгосон юм бэ?

-Тэмцээн эхлэхээс өмнө ээж маань “хоолны сэдэв дээр их амархан үгнүүд байдаг” гэж хэлж байсан юм. Бас өмнөх жилийн улирлаас харахад ч хоолны сэдэв дээр харьцангуй гайгүй үгнүүд ирсэн юм шиг санагдсан.

-ХАМТ ОРОЛЦОЖ БАЙСАН ХҮҮХДҮҮДЭЭ ХАСАГДАХЫГ
ХАРАХ ХАМГИЙН ХЭЦҮҮ БАЙДАГ-

-Нэвтрүүлгийг нь үзэх үед бусад хүүхдээс маш хурдан үсэглэж байгаа нь илт харагдсан. Бас үсэглэх үедээ нүдээ аньж байсан. Магадгүй анхаарлаа төвлөрүүлж, сандарлаа тэгж дарж байгаа юм болов уу гэж бодож байлаа?

-Эхний дугаар дээр анх удаа оролцож байсан учраас маш их сандарч, гар салганаж, янз бүрийн юм толгойд эргэлдээд анхаарал төвлөрөхгүй байсан. Харин сүүлийн дугааруудад туршлагатай болж, сандрахаа больсон. Тэмцээний үеэр үсэглэлийн тавцан дээр гарч зогсоход урд тайзны улаан гэрэл тойрч асаад байдаг. Тэр улаан гэрлийг хараад илүү их сандардаг болохоор нүдээ аньчихдаг юм.

-Нэвтрүүлгийн эхний дугаараас сүүлийн дугаар хүртэл чамд таарч байсан хамгийн хэцүү үг нь ямар үг байв?

-Багийн тоглолт дээр “дурсчхаарай” гэдэг үгийг алдаж үсэглэж байсан. Анх удаа алдсан болохоор санаанаас ерөөсөө гардаггүй. Дараа нь заримдаг “с”, “х” гийгүүлэгчийн араас “т”, “ч” гийгүүлэгчийг шууд залгадаг гэсэн дүрмийг толь бичгээсээ уншиж мэдсэн. Дүрмийг нь ч дахин мартахааргүй сайн ойлгож авсан даа/инээв/. Бас наймдугаар дугаарын “үг таах” үе хэцүү санагдаж байсан.

-Багийн тоглолт хэр байв. Тэмцээний туршид ганцаараа оролцож ирсэн шүү дээ?

-Надад маш хөгжилтэй санагдсан. Бас хэн ч хасагдахгүй гэсэн болохоор үнэхээр гоё байсан. Нэвтрүүлэгт хамт оролцож байсан хүүхдүүд хасагдахыг харах хамгийн хэцүү байдаг.

-Тэмцээний үеэр огт утгыг нь мэдэхгүй, урьд нь сонсож байгаагүй үг таарч байсан уу?

-“Цүлдэгнүүр” гэдэг үг. Анх сонсоод цүндгэр, том гэдэстэй хүн санаад орж байсан ч эмийн ургамлын нэр гэдгийг дараа нь мэдээд их гайхсан шүү.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байв?

-Нас бол тоо гэдэг шиг найман настай байсан ч арван настай байсан ч том, жижиг гэлтгүй авьяас чадвараараа шалгарч ирсэн хүүхдүүд болохоор бүгдээрээ хүчтэй өрсөлдөгч байсан.

-Тэмцээнд танай ангийн найз, эсвэл сургуулийн таньдаг хүүхэд оролцсон уу?

-Таньдаг хүүхэд нэг ч байгаагүй. Гэхдээ миний өмнө нь сурдаг байсан Нэгдүгээр сургуулийн хоёр хүүхэд оролцсон гэдгийг сүүлд мэдсэн. /Э.Аминжаргал өмнө нь Нэгдүгээр сургуульд сурдаг байжээ/

-Хичээл орж байх үед нэвтрүүлгийн зураг авалт явагдаж байсан. Даалгавар, хичээлийн хажуугаар хэдэн цагийг үг цээжлэхэд зарцуулдаг байсан бэ?

-Есдүгээр сарын сүүлээр тэмцээн эхэлж гурван долоо хоног үргэлжилсэн. Тэр хугацаанд хичээлээсээ чөлөө авч, өдөр болгон нэвтрүүлгийн зураг авалтад ордог байсан. Зураг авалтаа дуусгаад гэртээ харих замдаа, замын түгжрэл дунд гээд боломж гарвал үгнүүдээ давтдаг.

-ДҮРМЭЭ МЭДЭЖ БАЙВАЛ ЯМАР Ч ҮГИЙГ ЗӨВ ҮСЭГЛЭХ
БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН-

-Тэмцээнд ихэвчлэн хэнтэй бэлддэг байсан бэ. Бэлтгэлийн талаар яриагаа үргэлжлүүлье.

-Ээжтэйгээ хамт бэлдсэн. Ээж журамласан толь бичгээс хэцүү гэсэн үгүүдийг тодруулж, надаас асуудаг. Хэрэв алдвал дэвтэртээ тэмдэглэж аваад цээжилдэг. Ээж ажилдаа явсан үед ихэр маань хааяа надаас үг асууж бэлдүүлдэг. Гол нь үгээ нэг бүрчлэн цээжлэх биш, дүрмээ сайн ойлгох нь чухал юм байна лээ. Дүрмээ мэдэж байвал ямар ч үгийг зөв үсэглэх боломжтой гэдгийг ойлгосон

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ.

-Ном унших дуртай. Номд гарч байгаа үйл явдал байнга өөрчлөгдөж, гунигтай, аз жаргалтай, түгшүүртэй гээд янз бүрийн мэдрэмжийг уншиж буй хүнд төрүүлдэг нь гоё байдаг. Тэмцээнд орохын өмнө би “Гүйж яваа эмэгтэй” гэдэг ном уншсан. Тэр номд миний үеийн нэг охин хэцүү бэрх амьдралыг туулсан ч хичээж зүтгэсний эцэст амжилтад хүрч, бэрхшээлээ хэрхэн даван туулж байгаа талаар гардаг. Тэр номыг уншаад их урам зориг авч, илүү хичээж бэлдсэн. Одоо хөл хорионы үед гэртээ номоо уншин, англи хэлний нэмэлт давтлагад явж өдрийг өнгөрүүлж байгаа.

-Аминжаргал том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Хөтлөгч болохыг хүсдэг. Хуучин сургуульдаа би радио нэвтрүүлэг хөтөлдөг байсан юм. Шинэ мэдээлэл, сургамжтай зүйлсийг уншиж, ярилцдаг болохоор надад их гоё санагдаж, хөтлөгч болохыг хүсдэг болсон.

-Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Миний дүү шиг Үсэглэлийн аварга болох мөрөөдөлтэй олон хүүхэд байгаа байх. Үе тэнгийн хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна. Юун дээр илүү анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна?

-Дүрмээ сайн ойлгож, цээжлэх нь чухал шүү. Үгнүүдийг нэг бүрчлэн цээжлээд байвал олон үгэн дунд төөрч, будлиад байдаг. Хэрэв дүрмээ сайн мэддэг болчихвол ямар ч үг таарсан дүрмийн дагуу хувиргаж зөв үсэглэж чадна.

Бид үргэлжлүүлэн Э.Аминжаргалын ээж З.Энхдэлгэртэй богинохон боловч амттай яриа өрнүүлж амжсан юм.

-Та охиноо нэвтрүүлэгт оролцох үеэр хажуутаас нь дэлгэцээр харж, их сандарч догдолж байгаа харагдсан?

-Үнэхээр аймар байсан. Миний охин алдчих вий гэхээсээ илүүтэй айлын хүүхдүүд хасагдаж, уйлж орж ирэхийг харах үнэхээр хэцүү. Хүний ч, өөрийн ч хамаагүй адилхан хүүхэд учраас нэвтрүүлгийн зураг авалт дуусах бүрд л уйлчихсан зогсож байдаг болсон. Охин маань зуны амралтаар айлын хүүхдүүд гадаа тоглоод гүйж байхад гэртээ суугаад үгээ давтдаг байсан. Бас хөдөө амралтаар явсан ч, машинд түгжирч байсан ч зав л гарвал үсэглэлээ бэлддэг. Ямар их хөдөлмөр, цаг хугацаа, хичээл зүтгэл гардаг вэ гэдгийг өөрсдийн биеэр мэдэрсэн болохоор хүүхэд хасагдахад үнэхээр хэцүү байдаг.

-Охин тань тэмцээнд бэлдэж эхэлснээс хойш ямар өөрчлөлт гарсан бэ. Эцэг эхийн нүдээр илүү сайн мэдэгдэж байгаа байх.

-Охин гэлтгүй манайх гэр бүлээрээ өөрчлөгдсөн. Анх нэвтрүүлгийн албанаас шалгарсан 52 хүүхдэд “шифи” маягаар жишиг 1000 үг өгч байсан юм. Харахад мэддэг, зөв бичдэг нэг ширхэг ч үг байгаагүй. Ямар ч юмыг олон давтах тусам хоногшиж сурдаг шиг манай Монголчууд ч гэсэн ном, телевизээр гарч байгаа буруу бичиглэлтэй үгсийг харсаар байгаад тэгж л бичдэг юм шигээр ойлгодог. Манай гэр бүл гэхэд тэмцээнээс өмнө номын үгийн алдаа биш утга агуулга, үйл явдал дээр л анхаардаг байсан бол нэвтрүүлгээс хойш толь бичиг, балаа бариад алдааг давхар хянаж уншдаг болсон. Номон дээр ч маш их үгийн алдаа гардгийг анзаарсан. Бас бид нар үгийн дүрмийг бодохгүйгээр шууд бичдэг юм байна лээ.

Тухайлбал, хүүхэд гэдэг үг  дээр өгөх оршихын тийн ялгалын нөхцөл залгахад “хүүхдэд” болно. Дахин хамаатуулахын “-ээ” нөхцөл залгахад “хүүхдэдээ” болно гэх мэтээр тэр болгон нарийн ухаж мэддэггүй. Харин охиноо нэвтрүүлэгт орсноос хойш гэр бүлээрээ үгийн дүрмийг сурдаг болсон. Цаашлаад найзуудтайгаа уулзахдаа хүртэл “энэ үгийг ингэж буруу бичдэг юм байна лээ, ингэх нь зөв шүү, дүрэм нь энэ шүү” гэж тайлбарлаж олон хүнд түгээхийг хичээдэг болсон. “Үндэсний үсэглэлийн аварга” бол зөвхөн тэмцээн биш монгол хэлний зөв бичгийг сурч, зөвөөр үлгэрлэж, олон хүнд мэдлэг түгээж буй маш өндөр ач холбогдолтой нэвтрүүлэг.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ