Ерөнхийлөгчид дэвших 10 хүнийг У.Хүрэлсүх зарлахад “Энэ бол заль” гэж бага хурлын гишүүд нь шүүмжилжээ

Ерөнхийлөгчид дэвших 10 хүнийг У.Хүрэлсүх зарлахад “Энэ бол заль” гэж бага хурлын гишүүд нь шүүмжилжээ

Өчигдөр /2021.01.10/ МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж ээлжит 30 дугаар Их хурлыг зарлан хуралдуулах товыг тогтоосноос гадна, намын 100 жилийн ойг тэмдэглэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар гишүүдтэйгээ санал солилцжээ. Мөн Их хурлын төлөөлөгчдийг сонгох тухай, МАН-ын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонссон байна.

 -У.ХҮРЭЛСҮХ: МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАХ ЁСТОЙ-

Бага хурлыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Намын Их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна. Манай намаас нэр дэвших боломжтой 10 хүн бий. Мэдээж намын гишүүдийн зүгээс намын дарга, Ерөнхий сайд гэдэг утгаар нь намайг дэмжиж байгаа байх. Гэхдээ улс төрд хуримтлуулсан туршлага, мэдлэг, боловсролоороо энэ шалгуурт тэнцэх хүмүүс бий.

Тухайлбал, С.Батболд, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил зэрэг кандидат байна.

Бид бүгд дахин нухацтай ярилцаж ялалт авчирч чадах хүнээ сонгох ёстой. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялах ёстой. 100 жилийн ойн баяраа ялалтаар угтахын төлөө хичээцгээе” гэжээ. Уг хуралд Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумаас гишүүд шууд онлайнаар оролцсон бөгөөд 71 хувийн ирцтэй эхэлсэн юм. Хуралдаан даргалагчаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, орлогч даргаар Х.Булгантуяа ажиллажээ.  

-ӨВЧИН, ЗОВЛОНТОЙ БАЙХАД НАМЫН ИХ ХУРАЛ, 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТАЛААР ЯРЬЖ БУЙ НЬ ЗОХИМЖГҮЙ БАЙНА-

Бага хурлын гишүүдийн зүгээс У.Хүрэлсүхийг намын даргын хувиар, нэр хүнд өндөр байгаагийн хувьд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой гэсэн санал гаргажээ. Харин  зарим гишүүдийн зүгээс өвчин зовлонтой байхад юун намын Их хурал, юун 100 жилийн ой тэмдэглэх вэ хэмээн шүүмжилсэн байна.

Тухайлбал, нэр бүхий нэлээн олон гишүүн “Улс орны нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс Намын Их хурлыг цахимаар хийх хэрэгтэй. Олон хүнийг Улаанбаатарт цуглуулж эрсдэлд оруулах шаардлагагүй. Мөн 100 жилийн ойг хойшлуул” гэжээ.

Гишүүдийн гаргасан саналд МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар ч хариулт өгөөгүй байна. Гэхдээ эцэст нь коронавирусийн цар тахалтай холбоотойгоор нөхцөл байдал хүнд байгаа учир ирэх гуравдугаар сарын 01-нд цахимаар хуралдахаар тогтжээ. Энэ өдөр МАН-ын баяр таардаг билээ. Харин 100 жилийн ойг тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ, зохион байгуулалттай холбоотой асуудлыг Намын Их хурлаар ярилцая хэмээн тарсан байна.

Мөн өчигдөр намын Их хурлын үеэр хэрүүл өдөөсөн, шүүмжлэл хэлсэн зарим гишүүдэд цензур тавьсан гэх мэдээлэл ч байна. Тухайлбал, зарим гишүүд дээрх 10 гишүүний нэр ярьж зальдах шаардлагагүй эхнээсээ тодорхой яв гэж хэлжээ.

ДҮГНЭЛТ: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн дээрх 10 нэрийн тухайд олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн заль нь мөн бөгөөд тус намд тийм ч ширүүн өрсөлдөхгүй нь тодорхой. Намын Удирдах зөвлөлөөр ярилцаж тохирсон нэрийг л Их хурлаараа дэмжээд явдаг өмнөх жишиг давтагдах магадлал өндөр. Мөн намын Их хурлын цаана нам доторх фракцийн хагарал ч ирэх өдрүүдэд ил болж магадгүй байна. Бид энэ талаар мэдээллэх болно.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

40 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

42 минутын өмнө

МАН-ын бүлэг хаалттай хуралджээ

15 цагийн өмнө

Шуурхай мэдээ