Г.Занданшатар: Шинэ төрсөн ээж, гэр бүлээс нь, ард иргэдээсээ уучлал хүсч байна

Г.Занданшатар: Шинэ төрсөн ээж, гэр бүлээс нь, ард иргэдээсээ уучлал хүсч байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэлж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-д шилжсэн эмэгтэйн асуудалтай холбогдуулж, дараах мэдэгдлийг хийлээ. 

Тэрээр “УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс мэдэгдэл гаргаж ирүүлсэн. Үүнд цар тахлын үед онцгой дэглэмийн горимыг мөрдүүлэхдээ хүнлэг бусаар, хүний эрхийг зөрчиж харьцсанд харуусал илэрхийлж, уучлал гуйжээ. Мөн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсан байна. Ээж гэдэг бол энэ хорвоогийн хамгийн хүчтэй үг. Ээжээс төрөөгүй хүн байхгүй. Тэр дундаа монголчууд бид ээжийгээ их дэлхийтэйгээ зүйрлэж, хүндэлж ирсэн уламжлалтай ард түмэн. Өнөөдөр хүнд хэцүү цагт ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй. 

Өчигдөр Улсын нэгдүгээр төрхөд төрсөн короновирусийн халдвартай ээжид гаргасан хандлага, бүдүүлэг арчаагүй алдааг бид тэвчиж дуугүй өнгөрөх ёсгүй. Халдвар дотооддоо алдсан байгаа энэ цаг үед халдвар хэнд ч халдаж болно. Энэ үйл явдал нийгмийг бүхэлд нь цочроолоо. Сэтгэл, ухаан дутсан, ажилдаа хүйтэн цэвдэг хандаж байгаа дүр зурагтай эвлэрэх ёсгүй. Энэ асуудлаар УОК-т шаардлага тавьж, бид ярьсан.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг чиглэл өгч ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүнд цаг үед ч төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн, хүнлэг үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлэх болсон нь энэ жишээ харуулж байна. хариуцлагагүй үйлдлүүдэд хариуцлага тооцож, нийгмийн хүлээлтэд шударга хандахыг чухалчлан анхаарахыг шаардаж байна. Шинэ төрсөн ээжээс, гэр бүлээс нь, ард иргэдээсээ уучлал хүсч байна. Монголын төр ард иргэдийнхээ төлөө тасралтгүй шударга ажиллах үүрэгтэй. Үүнийг УОК анхаарч ажиллахыг Шадар сайдад анхаарууллаа. Үүнийг улстөржүүлж болохгүй. Хариуцлага сахилгыг хаана хаанаа сайжруулж, иргэнээ дээдэлсэн төр Үндсэн хуулийг сахин ажиллах үүрэгтэй гэдгийг онцгой анхааруулж байна” гэсэн юм.