“Рио Тинто" түүхэн дэх хамгийн өндөр ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ өгөхөө мэдэгдэв

“Рио Тинто" түүхэн дэх хамгийн өндөр ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ өгөхөө мэдэгдэв

Англи-Австралийн уул уурхайн аварга компани болох “Рио Тинто” 148 жилийн түүхэндээ хамгийн их буюу 9 тэрбум ам.долларын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаа мэдэгдлээ.

Өчигдөр/2021.02.17/ тус компанийн үндсэн ашиг тооцоолж байснаас 20 хувиар өсөж, 12,4 тэрбум ам.долларт хүрснийг мэдэгдсэн. Үүнд БНХАУ-д төмрийн хүдрийн эрэлт ихсэж, үүнийг дагаад үнэ нь ч өссөн нь нөлөөлсөн байна.

Орлого нь өссөнтэй холбоотойгоор компанийн “цэвэр өр” 3.65 тэрбум доллараас 664 сая доллар болж буурсан аж. Улмаар нэгж хувьцаанд ногдох ашгийг 3.09 ам.доллар гэж зарлажээ. Энэ нь 2019 оныхоос 2.31 ам.доллараар өндөр үзүүлэлт юм. 

Өнгөрсөн оны есдүгээр сард “Рио Тинто” Австралид олборлолт явуулахдаа нутгийн уугуул Аборигенчуудын түүхийн дурсгалт газруудыг эдлэн сүйтгэж, иргэдийн эсэргүүцэлтэй тулсан юм. Үүний улмаас тухайн үеийг гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак огцорч шинэ гүйцэтгэх захирал Якоб Стаушольмын томилогдсон билээ. Ийнхүү өндөр ногдол ашиг хуваарилаж буй нь Риогийн нэр хүндийг өсгөх үйл явдал болж байна хэмээн Якоб Стаушольм хэлжээ. 

Эх сурвалж: FinancialTimes