“Нэг ардчилал” фракцын Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр нар АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ уламжилжээ

“Нэг ардчилал” фракцын Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр нар АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ уламжилжээ

Өчигдөр /2021.02.24/ АН-ын Дотоод сонгуулийн хороо хуралдаж, тус намын шат, шатны дарга нарыг тодруулах, сонгуулийг зарлах тухай шийдвэрийг гаргасан байдаг. 

Тодруулбал, орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн дунд шатны АН-ын дарга нарыг огцруулж, дараагийн даргыг нь тодруулах сонгуулийн санал хураалтыг ирэх сарын 16 –ны өдөр байхаар тогтсон байдаг. Харин төв АН-ын даргаа сонгох сонгуулийн бүртгэлийг ирэх сарын 15 –ны өдөр эхлүүлж, санал хураалтыг дөрөвдүгээр сарын 25 –ны өдөр байхаар тогтсон талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Тэгвэл тус намын даргад өрсөлдөх хүмүүс тодорч, хүсэлтээ уламжилж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар хүсэлтээ ямар нэг байдлаар уламжлаад байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

Харин тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийх үеэрээ “АН-ын дарга болон дэд дарга нар сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагаа хүлээж, намын даргын сунгаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр АН-ын 10 дугаар Их хурлаар хэлэлцээгүй дүрмийн заалтыг УДШ рүү илгээсэн О.Амартүвшин нарын хүмүүс хариуцлагаа хүлээж, нийт гишүүдээс уучлалт гуйх ёстой гэж мэдэгдсэн. 

Ингэснээр АН-ын дэд дарга асан Х.Тэмүүжин, МХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар тус намын даргын сунгаанд нэр дэвшихгүй боломжгүй болсон гэж эх сурвалж мэдээлсэн юм.  

мөн АН-ын даргыг тодруулах тус сонгуульд, тус намын "Нэг ардчилал" фракцаас Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр нар өрсөлдөж, саналаа хуваах магадлалтай болоод байгаа аж. Учир нь тэд тус фракцад хамаардаг байна. Мөн нөгөөтэй УИХ-ын гишүүн, Тесо группийн эзэн О.Цогтгэрэлийг тус намын дарга болго гэж нэр бүхий УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нь С.Эрдэнэд шахалт үзүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна. Нөгөөтэй дээрх хүмүүсээс гадна тус намын даргын сонгууль нэр бүхий залуучууд ч өрсөлдөж магадгүй байгаа ажээ.