М.Сандаг: Олон хүн пүүз хөрөөдөж, “идэж” байгааг минь хараад галзуу гэдэг. Гэвч жинхэнэ Саагаа бол өөр хүн

М.Сандаг: Олон хүн пүүз хөрөөдөж, “идэж” байгааг минь хараад галзуу гэдэг. Гэвч жинхэнэ Саагаа бол өөр хүн

Цахим сүлжээнд “Пүүз иддэг Саагаа” хэмээх нэрээр алдаршсан нэгэн залууг бид энэ удаагийн ярилцлагын буландаа урилаа. Түүнийг мэдэхгүй зарим нь “пүүз хөрөөддөг”, “пүүз иддэг галзуу, солиотой” гэх нь бий. Гэвч жинхэнэ Саагаа гэдэг хүн бизнесийн чиглэлээр магистр хамгаалсан, өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн хөлс хөдөлмөрөөр бүхнийг тэгээс эхэлж зорилгынхоо төлөө зүтгэж яваа нэгэн юм. Түүний хувьд бизнесээ эхлүүлсэн цагаасаа хойш тусламж хэрэгтэй байгаа, ядарсан нэгэнд чадах чинээгээрээ гар сунгах болсон бөгөөд үүнийгээ улирал бүрийн уламжлал болгожээ.

СОНСОХ: 

-ПҮҮЗ ХӨРӨӨДӨЖ БАЙГААГ МААНЬ ЗАРИМ ХҮН ХАРААД “ГАЛЗУУ” ГЭДЭГ. ГЭВЧ ХӨРӨӨДӨЖ ҮЗҮҮЛСЭН ПҮҮЗ МААНЬ МАРГААШ НЬ ШУУД Л ДУУСЧИХДАГ-

-Таныг “Z sneaker” болон Саагаа гэдэг нэрээр тань олон хүн андахгүй байх аа. Тэгвэл хувь хүн талаасаа бидэнд өөрийгөө танилцуулаач. Саагаа гэж яг хэн юм бэ.

-Намайг М.Сандаг гэдэг. Харин Саагаа гэдэг бол бизнесийн нэр гэж хэлж болно. Найз нөхөд, ойр дотнынхон ч энэ нэрээр минь дууддаг. Би Говь-Алтай аймгийн Халиун суманд төрж, Улаанбаатар хотод өссөн. Компьютер, программ хангамжийн мэргэжлээр бакалавраа төгсөж, ШУТИС-ийн бизнесийн удирдлагын ангид магистрын зэргээ хамгаалсан.

-Хэзээнээс яг пүүзний бизнесээ эхлүүлсэн бэ. Бизнес эхлүүлэх болсон түүхээсээ хуваалцвал?

-Би сургуулиа төгсөөд хувийн компанид маркетингийн менежерээр гурван жил гаруй ажилласан. Тухайн үед жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, бараа бүтээгдэхүүн худалдаалж буй газрууд хуучны уламжлалт хэлбэрээр маркетингаа хийдэг, цахим сүлжээ, дижитал орчинг төдийлөн ашигладаггүй байсан. Тэдгээр компанид би маркетингийн зөвлөгөө өгдөг байсан. Бараг 100 гаруй компанитай хамтарч ажилласан байх. Зөвлөгөө өгдөг байгууллагуудын маань дунд пүүзний хэд хэдэн дэлгүүр байсан. Үүнээс санаа авч эхнэр маань “Хоёулаа спорт бараа, пүүзний зах зээлд орвол яасан юм” гэж хамгийн анх санал тавьсан. Ингээд л одоогоос хоёр жилийн өмнө “Z sneaker shop” дэлгүүрээ нээсэн дээ. Үүнээс өмнө эхнэртэйгээ “Z hair salon” нэртэй үсчин гоо сайхны газар ажиллуулдаг байсан. Тэндээс бидний бизнесийн гараа эхэлсэн гэж хэлж болно.

-Анх та бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг байсан юм байна. Тэгвэл өөрөө  бизнес эрхлэхэд ямар бэрхшээлүүд тулгарч байв.

-Тухайн үед би хүмүүсийн аль хэдийн босгочихсон бизнес дээр нь ажиллаж, зөвлөгөө өгдөг байсан. Харин яг өөрөө бүхнийг туулах болоход хүндрэлтэй зүйл их гарч ирсэн. Бараа бүтээгдэхүүнээ хаанаас, яаж оруулж ирэхээ хүртэл мэддэггүй байлаа. Анх эхнэр бид хоёр гоо сайхны бизнесээсээ “босгосон” 25 сая төгрөгөө аваад Гуанжу руу явсан юм. Гуанжуд очоод хаанаас яаж бараа, бүтээгдэхүүн авахаа мэдэхгүй, эхэндээ их будлисан даа/инээв/. Тухайн үед хэдхэн төрлийн пүүзтэй эхэлж байсан ч одоо бол богино хугацаанд энэ зах зээлд олон мянган үйлчлүүлэгчтэй болж чадсан.

-Богино хугацаанд хэдэн мянган хэрэглэгчтэй болсон нь танай маркетингтай салшгүй холбоотой байх. Ийм өвөрмөц санаа анх яаж төрж байв.

-Тухайлбал, нэг ширхэг чихэр байлаа гэхэд хүмүүс “гоё амттай, гоё үнэртэй” гэх мэтээр нь сурталчлах байх. Харин би тэр чихрийг хайруулын таваг дээр шарж иддэг нь юм уу хүмүүсийн урд өмнө нь ерөөсөө харж байгаагүй хэлбэрээр сурталчлах байсан. Маркетинг талаасаа миний хүмүүсийн анхаарлыг татах гол аргачлал бол тухайн бараа бүтээгдэхүүнийг бусдын олж хараагүй тэр өнцгөөр хэрэглэгчдэд хүргэх. Ер нь хүний санаанд оромгүй “crazy contant” хийх дуртай. Ямар ч хүний толгойд пүүзийг рекламдахдаа голоор нь хөрөөдөх санаа төрөхгүй байх.

Гэтэл үүний цаад учир нь нэгдүгээрт, тухайн пүүз ямар эд материалаар хийгдсэнийг харуулчхаж байна. Хоёрдугаарт, тэр хэмжээгээрээ хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм. Пүүз хөрөөдөж, пүүзээр хоол хийж байгааг хараад зарим хүн “галзуу, солиотой” гэдэг. Гэвч тэр хөрөөдсөн пүүзний төрөл маргааш нь дуусаж байх жишээтэй. Миний өөрийн аргачлал энэ. Өмнө нь би нэг гар утасны худалдаа эрхэлдэг компанитай хамтарч ажиллаж байсан. Тухайн үед “Iphone” гар утсыг шууд хөрөөдөж үзүүлье гэтэл их гайхаж, надад эргэлзэж байсан. Гэтэл сурталчилгаагаа минийхээр хийсний дараахан тус компани маш олон бүтээгдэхүүн борлуулж, амжилттай ажиллаж чадсан.

 

-АНХ ХҮМҮҮСЭЭС ИРСЭН СӨРӨГ СЭТГЭГДЛҮҮДИЙГ УНШААД УЙЛМААР САНАГДАЖ БАЙСАН Ч ОДОО ТООХОО БОЛЬЧИХСОН-

-Хүмүүс таныг “галзуу солиотой” гэх мэтээр хэлдэг байсан гэж та хэллээ. Сөрөг сэтгэгдлийг анх яаж хүлээж авсан бэ. Сэтгэлээр унадаг байв уу.

-Яг үнэндээ олны шүүмжлэл гэдэг хэр баргийн хүн даваад байх зүйл биш ээ. Өмнө нь миний ажилладаг байсан компани уураар цэвэрлэгчийг Монголд нэвтрүүлж байсан юм. Энэ цэвэрлэгчийн сурталчилгааг би уураар цэвэрлэсэн шалан дээр цуйван асгаж байгаад идэх зохиомжоор хийх санааг гаргаж байсан. Шалыг тийм л түвшинд цэвэрлэнэ гэсэн агуулгатай. Захиралдаа анх энэ санааг хэлэхэд “хүмүүс ойлгохгүй ээ” гэж эсэргүүцэж байсан. Гэсэн ч би зүтгэсээр байгаад зоригтой хийсэн. Реклам цацсаны маргааш нь ажилдаа ирээд сэтгэгдлүүдийг унштал маш өндөр хандалт авчихсан, тэр хэмжээгээрээ маш олон хүн сөрөг зүйлс бичсэн байсан. Уншаад уйлмаар санагдаж, рекламаа устгачихдаг юм уу гэж бодсон. Гэхдээ би шантраагүй дараагийн төлөвлөгөөндөө орж, бүтээгдэхүүний албан ёсны рекламаа цацсан. Үүнээс хоёр долоо хоногийн дараа манай бүтээгдэхүүний борлуулалт огцом өсөж, сүүлдээ бүтээгдэхүүн дууссан. Энэ үеэс л борлуулалтыг ингэж хийвэл болох юм гэсэн бодол төрсөн гэх үү дээ. Дараа нь компаниасаа гарчхаад энэ зарчмаар ажиллаж эхэлсэн. Сөрөг сэтгэгдлүүд эхэндээ хүндээр тусдаг байсан ч яваандаа тоохоо ч больчихдог.

-"Лайв" дээрх Саагаа гэдэг хүн галзуу, хөгжилтэй. Тэгвэл Сандаг гэдэг хүн хэр төлөв даруу вэ.

-"Лайв" хийнэ гэдэг бол тухайн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах бүтэн жүжигчилсэн тоглолт. Миний бие хүн бол Сандаг. Гэр бүлдээ ч Сандаг. Харин лайв дээр бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа дүр бол Саагаа. Би лайв хийснийхээ дараа заавал нөхөж үздэг. Өөрийгөө хараад заримдаа инээдэг. Юун дээр алдаа гаргав, юуг сайжруулах хэрэгтэй вэ гэж. Бизнесээ дөнгөж эхэлж байхад Сандаг, Саагий хоёр бол нэг их ялгаагүй байсан. Төлөвшөөгүй, томоогүй байсан үе. Харин гэр бүл зохиож хүүхэдтэй болсны дараа энэ хоёр эрс тэс хүн болсон. Одоогийн Сандаг бол энгийн даруу, төлөвшсөн, буурь суурьтай эцэг хүн.

-Гэр бүлийнхэн тань Саагааг хэрхэн хүлээн авдаг вэ. Олон нийтийн сүлжээгээр пүүз хөрөөдөж лайв хийж байгааг тань хараад дургүйцэж байсан удаа бий юү.

-Эхнэрийг маань н.Зулцэцэг гэдэг. Стилист мэргэжилтэй. Эхнэр маань намайг хамгийн ихээр ойлгодог, дэмждэг хүн. Миний бизнес хийж, амжилттай яваагийн хамгийн том хөшүүүрэг бол хань минь. Би марктенгээ хариуцдаг бол эхнэр бусад зохион байгуулалт, санхүү, миний чадахгүй байгаа бүх зүйлийг амжуулдаг. Зарим хүн Саагаа л ийм “галзуу, солиотой” гэдэг ч заримдаа манай хүн тэр галзуу, өвөрмөц контентийн санааг гаргадаг.

-Анх пүүз хөрөөдөж лайв хийж хүмүүст танигдаж байсан. Анхны лайв хийсний дараа төсөөлсөн үр дүнг тань үзүүлж чадсан уу.

-Би хийж байгаа зүйлээсээ байнга суралцаж явдаг. Надад алдаж байсан удаа бий, онож байсан ч удаа бий. Эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг. Би боломжийн үнэтэй пүүзнүүдийг л хэрэглэгчдэд нийлүүлэхийг хүссэн. Гэтэл зарим хүн үнэтэй биш л бол муу пүүз гэж хүлээж авдаг. Тиймээс тэр боломжийн үнэтэй пүүзнүүд ер нь ямар материалтай юм бэ гэдгийг хүмүүст харуулбал итгэл үнэмшил төрөх байх гэж бодсон юм. Яг өөрсдийн нүдэн дээр нь хөрөөдөж, материалыг нь нэг бүрчлэн харуулахад хүмүүс их өөрөөр хүлээж авсан. Борлуулалтад ч сайнаар нөлөөлсөн. Анх саарал өнгийн “помпсайз” гэдэг пүүз хөрөөдөж байснаа санаж байна. Гэтэл маргааш нь яг энэ саарал өнгөөс нь авъя гэж маш олон хүн ирсэн.

-Та олон хүнд маркетингийн зөвлөгөө өгсөн юм байна. Тэр хэмжээгээрээ шинэ санаанууд олох шаардлага үүсдэг байх. Шинэ санаа олно гэдэг амаргүй шүү дээ. Танд шинэ санаа хэрхэн, яаж төрдөг вэ. 

-Зөвлөгөө авахаар нэг хүн ирлээ гэж бодъё. Бүтээгдэхүүний талаар сонсоод тэр даруйд нь шинэ санаа олж хэлнэ гэвэл амаргүй. Эхлээд тухайн хүнтэй маш сайн ярилцдаг. Яавал хүмүүст илүү хүрч болох вэ гэж сайн бодож, санаануудаа хэлээд явдаг. Ярьж байхдаа нөгөө хүндээ “миний хэлсэн шинэ санаануудыг тэмдэглээд яваарай” гэж хэлдэг. Үгүй бол би дараа нь мартчихдаг юм. Ярилцаж байхдаа ерөнхий санаануудаа хэлээд дараа нь гэртээ очоод илүү нухацтай бодно. Энэ хооронд янз бүрийн байдлаар шинэ санаа төрдөг. Машинаа бариад явж байхад, кино үзэж байхад, хоол хийж байхад гээд л.

-ЖИНХЭНЭ СААГАА БОЛ ӨӨР ХҮН ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХЫГ ХҮССЭН-

-Таны хувцаслалтын талаар ярьж болох уу. Тод өнгөнд дуртай юм шиг санагдлаа?

-Тийм. Эхнэр бид хоёр тод өнгөнд их дуртай. Бизнес дээрээ ч гэсэн тод өнгийн бүтээгдэхүүн сонгохыг илүүд үздэг. Би арван жилээсээ “Boston Celtics” сагсан бөмбөгийн багийг дэмждэг байсан. Энэ багийн өмсгөл нь ногоон өнгөтэй. Тийм учраас дандаа ногоон өнгийн хувцас өмсдөг байлаа. Сүүлдээ жаахан уйдаж шар, улбар өнгүүдээр сольсон. Ер нь тод өнгийн хувцас хүнийг галтай цогтой, илүү эрч хүчтэй харагдуулдаг учраас дуртай. Эхнэр маань дээлийн цуглуулгатай, харин би малгайн цуглуулгатай. Ихэнх нь тод өнгөтэй/инээв/.

-Таны хамгийн сүүлд цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгийг үзсэн. Бичлэгээр лайв хийдэг Саагаа биш, Сандаг гэдэг хүнийг харуулахыг зорьсон юм болов уу?

-Сүүлийн үед аливаа байгууллагын эзэн, удирдаж буй хүн нь өөрөө “брэндинг” болдог болчихсон. Хуучин маркетингийн алба гэж байсан бол одоо өөрчлөгдөж байна. Яг энэ шиг Саагаа өөрөө дэлгүүрийнхээ “брэндинг” болох ёстой. Гэтэл ийм өвөрмөц байдлаар хэт их дагнаж маркетингээ хийгээд ирэхээр олон нийт “Саагаа бол пүүз хөрөөддөг, пүүзээр хоол хийдэг галзуу, солиотой хүн” гэдэг ойлголттой болчихсон. Би ч гэсэн ийм бичлэг үзсэн бол тэгж л бодох байсан. Тиймээс жинхэнэ Саагаа бол өөр хүн гэдгийг ойлгуулахыг хүссэн. Залуучуудыг эерэг зүйлд уриалж, эерэг зүйлээр давлагаалахыг хичээсэн. Хүн заавал баян тансаг байж ядарсан нэгэнд тусалдаг юм биш. Залуу үеийн төлөөлөл нь нийгэмд сайн сайхныг уриалаад ирвэл бусад нь даган, дууриаж, өдөөгдөх байх гэж бодсон. Түүнээс биш өнөөдөр би хэдэн тэрбумын хөрөнгөтэй учраас хүмүүст туслаад  яваад байгаа юм биш. Надад юу байна түүгээрээ дайлахыг хичээдэг.

Нөгөөтээгүүр хэт “crazy content”-д автах нь тийм ч сайн зүйл биш. Яагаад гэвэл өмнөхөө давсан зүйл хийхийн тулд сүүлдээ бүр тэнэглэл болно. Тиймээс өөрийнхөө жинхэнэ төрхийг хүмүүст харуулахыг хүссэн. Сандаг гэдэг хүн пүүз иддэг галзуу, солиотой хүн биш, боловсролтой, өөрийн гэсэн ертөнцтэй, мундаг залуу гэдгийг харуулахыг хүссэн. Сүүлд хийсэн сайн үйлийнхээ бичлэгийг цахим сүлжээнд тавихад ихэнх сэтгэгдэл “би энэ залууг  пүүз хөрөөддөг, зажилдаг галзуу хүн юм байна гэж бодсон. Хүнийг өнгөц дүгнэж болохгүй юм байна” гэсэн агуулгатай байсан.

-Бизнесээ эхэлсэн цагаасаа хойш улирал бүр хүмүүст тусалж, сайн үйл хийдэг гэж сонслоо?

-Эхнэр бид хоёр үүнийг бүр уламжлал болгочихсон. Улирал бүр нэг удаа буюу жилд дөрвөн удаа сайн үйл хийдэг. Энэ удаагийнх долоо дахь нь байсан.  Анх бид хоёр хүмүүст туслахдаа ямар нэгэн бичлэг хийдэггүй, хүмүүст төдийлөн хэлдэггүй байсан. Гэсэн ч нийгмийн сүлжээнд сөрөг мэдээлэл давамгайлж, хүмүүс их стрессддэг болсон шүү дээ. Тиймээс хүмүүсийг биднийг хараад эерэг энерги аваасай, бид хоёроос сэдэл авч чадах чинээгээрээ ядарсан нэгэнд туслаасай гэж хүссэн учраас бичлэг хийх болсон.

-Ярилцлагаа өндөрлөх тийшээ хандуулъя. Одоо бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа, эхлүүлэх хүсэлтэй байгаа олон залуус байгаа байх. Та тэдгээр залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Эхлээд хийх гэж байгаа зүйлээ сайн төлөвлөх хэрэгтэй. Гэхдээ төлөвлөчхөөд эрсдэлээ бодоод айгаад суугаад байж болохгүй. “Санаж явбал бүтнэ” гэдэг үг байдаг. Гэтэл дотроо бодож, санаад байгаа хэрнээ гар хамхиад байвал юу ч бүтэхгүй шүү дээ. Тиймээс үйлдлээ л хий гэж хэлмээр байна. Мэдээж алдах зүйлс байлгүй яахав. Би ч гэсэн зөндөө “шатаж” байсан. Тэглээ гээд битгий сэтгэлээр унаарай. Хоёрдугаарт, хийх гэж байгаа зүйлийнхээ зах зээлийн судалгааг сайн хийх хэрэгтэй. Зах зээлд хэр эрэлттэй байна вэ гэдгийг. Гуравдугаарт, хүмүүст хэрхэн хүргэх вэ гэдэг их чухал. Зарим хүн хүн сүрдмээр том стратеги ярьж эхэлдэг. Миний бодлоор стратеги гэдэг бол чи өөрөө. Чи ямар авьяас, ямар чадвартай вэ гэдгээ таньж түүнийгээ төлөвлөгөөндөө ашиглах хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Та хүмүүс намайг хараад үлгэр дууриалал аваасай гэж хүсэж байна гэсэн. Тэгвэл залуусыг өөрийн хийж буй зүйлдээ залуусыг уриалж юу гэж хэлмээр байна?

-Сайн үйлийг хүн бусдад сайнаар харагдахын тулд хийдэггүй. Бусдад сэтгэлийн очийг өгөх гэж хийдэг. Өнөөдөр би тодорхой хэмжээний мөнгө зарцуулаад бусдад тус хүргэлээ гэхэд эргүүлээд надад мөнгөөр хэмжишгүй сайхан энерги, урам зориг өгнө шүү дээ. Бусдын сайхан үг надад ерөөл болж, бизнест маань сайнаар нөлөөлдөг гэж боддог. Тиймээс танд юу байна түүгээрээ дайл. Танд ямар боломж байна тэр боломжоороо бусдад дэм өгч байгаарай. Заавал эд зүйл өгөх хэрэггүй. Урмын үг хэл. Мэдэхгүй зүйлийг нь ч хамаагүй зааж өг. Бусдаас ирсэн сайхан энерги буцаад таны амьдралд гэрэл нэмнэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.