Ц.Оюунгэрэл: Миний анхны болон цорын ганц боломж Ардчилсан нам байгаасай

Ц.Оюунгэрэл: Миний анхны болон цорын ганц боломж Ардчилсан нам байгаасай

УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй билээ.  

СОНСОХ:

-НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬ ХОЁР УДАА БОЛБОЛ ХОЁУЛАНД НЬ ОРОЛЦОНО-

-Та Ардчилсан намын даргын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ бусдаас түрүүлж мэдэгдсэн. Шийдвэрээ танилцуулсны дараа хүмүүсээс ямар хандлага ирсэн бэ. “Нэрээ татчих, тохиролцъё” гэх ч юм уу, шахах дарамтлах гэх мэтээр ямар нэгэн реакц ирсэн үү?

-Янз бүрийн реакц ирсэн. Дэмжинэ шүү, юу болсон ч битгий нэрээ татаарай гэсэн сэтгэгдэл маш их ирж байна. Мөн “Намаас чинь сонгогдсон Ерөнхийлөгч байхад яах чи гэж зэрэгцэж нэрээ дэвшүүлээд байгаа юм” гэж загнах хүмүүс ч байна. Энэ бүхэн байх л ёстой. Гэхдээ төсөөлснөөс их хүн “Дэмжинэ шүү” гэсэн учраас урам зоригтой байгаа.

-Яг өнөөдрийн байдлаар Ардчилсан нам хоёр дарга, хоёр тамгатай талцаж хуваагдсан байдалтай байна. Таны хувьд С.Эрдэнэ, Ц.Туваан нарын хэнийх нь зохион байгуулсан дотоод сонгуульд оролцох вэ. Ц.Тувааны нам энэ сарын 28-нд, С.Эрдэнийн нам ирэх сарын 25-ны өдөр Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийг зохион байгуулна гэж мэдэгдсэн. Та дээрх хоёр сонгуулийн алинд нь өрсөлдөх вэ?

-Нэр дэвшиж буй хүмүүсийн хувьд Ардчилсан нам нэг. Нэг л даргыг тодруулж, Дээд шүүхэд бүртгүүлнэ гэдэг ойлголттой байна. Зохион байгуулж буй одооны удирдлагууд маань эвээ олох үүрэгтэй. Хүлээн зөвшөөрөгдсөн сонгуулийн дүн гаргах нь тэдний үүрэг. Сонгуулийн дүн гарч Дээд шүүх нэг л даргыг бүртгэх ёстой. Дээд шүүхэд бүртгэгдсэн дарга албан ёсоор дараагийн ажлаа хийгээд явна. Миний хувьд нэг маргаангүй сонгуульд орохын төлөө нэрээ дэвшүүлсэн.

-Гэтэл хоёр тусдаа сонгууль болох гээд байна шүү дээ?

-Нэг байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг урагш, хойш татаад байгаа юм. Шийдвэр гаргаж буй байгууллага буюу нэг л дотоод сонгуулийн хороотой учраас эцсийн шийдвэрээ нэр дэвшигчдэдээ хэлэх үүрэгтэй. Ямартай ч бид эхний он, сар дээр нь бүртгүүлчихлээ. Хоёр дахь он, сар дээр бүртгүүл гэвэл би дахиад л бүртгүүлнэ. Учир нь  би биш тэд л эцсийн дүнг гаргана. Тэгэхээр хэд бүртгэж, хэд зохион байгуулж, хэд санал хурааж байж нэг дүнг намынхаа Их хуралд оруулна тэр болтол л нэр дэвшигч хэвээрээ байна.

-Та  Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд аль алинд нь өрсөлдөнө. Ялбал тус хоёр албан тушаалыг хоёуланг нь хаших уу?

-Тэгэж ойлгож болно. Хүмүүст төсөөлөгдөхгүй байх шиг байна. Өрсөлдөгч намаас дор хаяж Ерөнхий сайд, намын дарга өндөр зиндааны албан тушаалтай хүн нэр дэвших учраас манай намаас  намын дарга эсвэл улс төрийн өндөр статустай хүн дэвшиж байж ижил, тэнцүү өрсөлдөөн болох болов уу гэж миний хувьд бодож байна. Ардчилсан намын даргаар сонгогдвол сонгогдсоноос хойш маш богино хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь. Энэ нь практикийн хувьд болох уу гэдэг асуулт ирж байгаа. Практикийн хувьд маш боломжтой гэж үзэж байна. Тиймээс хоёуланд нь нэрээ дэвшүүлж байна.

-ХҮН-аас “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг зохион байгуулж байна. Хэрвээ энэ аянд оролцсон иргэд ХҮН-аас таныг нэр дэвшүүлмээр байна гэх захиалгыг өгвөл яах вэ. Тэр тохиолдолд таныг ХҮН-ээс нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Миний анхны болон цорын ганц боломж Ардчилсан нам байгаасай гэж бодож байна. Тийм учраас Ардчилсан намынхаа даргад нэр дэвшээд явж байна. Ардчилсан намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан. Тэгэхээр Ардчилсан нам эхлээд шийдвэрээ гаргах ёстой. Ардчилсан нам шийдвэрээ гаргаагүй байхад дараагийн сонголтын тухай яриа болох болоогүй.

-Ардчилсан нам шийдвэрээ гаргаад та Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжгүй болчихсон үед ХҮН-аас санал тавьбал татгалзахгүй юм байна. Тийм үү?

-Хэнийг нэр дэвшүүлэхийг ХҮН л шийднэ. Ардчилсан нам хэнээ нэр дэвшүүлэхээ Ардчилсан нам шийднэ. Яг энэ тохиолдолд би шийдвэр гаргагч биш.

-ХҮН-аас энэ тухай ямар нэгэн уулзалтыг хийсэн үү?

-Яг чиний асуусан асуултын хүрээнд хийгээгүй.

Ц.Оюунгэрэл

-НАМАЙГ БҮРТГҮҮЛСНИЙ ДАРАА МАРГААН БҮР ШИРҮҮССЭН-

-Ардчилсан намын дарга болоод Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл таныг дэмжих шалтгаан юу вэ. Яагаад заавал Ц.Оюунгэрэлийг сонгох ёстой гэх асуултад та юу гэж хариулах вэ?

-50 нас хүрсэн Монгол улсын иргэн. Улс төрийн туршлага байна. Үндэстэй  мод цэцэглэнэ гэдэг шиг хүндтэй албан тушаалд угшил, туршлагатай улс төрч ажиллах ёстой  гэж боддог. Тийм учраас улс төрийн туршлага хангалттай хуримтлагдсан гэж бодон нэрээ дэвшүүлсэн. Мөн аливаа хүн цоо шинэ замыг гаргах ёстой. Ялангуяа эмэгтэй хүн томилогдож үзээгүй албан тушаалд нэрээ дэвшүүлж өрсөлдөж үзэх нь “Ингэж болдог юм байна” гэх ойлголтыг залууст өгнө.  Дараагийн үеийнхэндээ зам тавьж өгөх түүхэн үүрэг бий. Энэ үүргийг 50 насанд хүрсэн хүн  гүйцэтгэх ёстой. Өөрийн үеийнхэн дээр ирсэн үүргийг үүрэлцэнэ гэж бодож байна.

-Ардчилсан намын талцаж, хуваагдсан байдлыг засах шийдлийг та юу гэж харж байгаа вэ?

-Хүчээр, наймаагаар, хуйвалдаанаар шийдэх боломжгүй. Одоогийн нөхцөл байдлыг шийдэх цорын ганц шийдэл бол дүрэм юм. Дээд шүүхэд бүртгэлтэй дүрэмд нийцэж буйгаа авч үлдэж, нийцээгүйгээ хасаад л эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Энэ шийдлийг гаргах түүхэн үүрэг нь С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрт байна. Нэг багт ажиллаж байсан энэ хоёр хүн үгээ нийлүүлэх хэрэгтэй. Гэхдээ хаалганы цаана биш ханцуйн дотор биш дүрмийн заалт дээр нийлүүлэх ёстой. Тэр нийлүүлэх дүрмийнхээ заалтын дагуу эцсийн шийдлийг гаргаж өгөх ёстой. Энэ хоёр хэдий хурдан дүрэм дээрээ уулзана төдий чинээ хурдан манай намын асуудал шийдэгдэнэ.

-С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр хэн нь дүрмээ зөрчөөд байгаа юм.

-Би энэ тухай нийтлэл бичсэн. Дээд шүүхээс Ардчилсан намын дүрмийн талаар хоёр удаа шийдвэр гаргачихаад байна. Эхний шийдвэр гаргасны дараа би бичсэн. Тодруулбал, манай намыг дүрмээ дага гэж Дээд шүүхээс шийдвэрлэсэн. Энэ дүрмээ дагаад явбал С.Эрдэнэ дараагийн хүнд тамгаа шилжүүлж өгөх ёстой. Сайн, муу, сайхан, муухай хүн гэсэн асуудал яригдахгүй. Энд С.Эрдэнэ Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийг яриад байна. Тэгэхээр Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмээрээ хуулиндаа хавчигдаад тэнд очиж уулзана. Энэ дүрэм рүү Ц.Туваан их ойртох хэрэгтэй байна гэж л би ярьж байгаа.

Ц.Оюунгэрэл

-Намын даргад нэр дэвшигчид бүртгүүлсэн. Одоо Ардчилсан намын дотоод уур амьсгал ямар байна. Хэр шударга болно гэж та үзэж байгаа вэ?

-Энэ талаар хэвлэлээс л мэдээлэл авсан. Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг гар дээрээ аваагүй байна. Яг ямар журмаар сонгууль, санал хураалт явагдах тухай журмыг хараагүй байна. Хурлуудын шийдвэрүүдийг сонсоогүй байна. Ер нь маргаан гараад байна гэдэг ойлголттой явна. Намайг бүртгүүлсний дараа маргаан бүр ширүүссэн ойлгосон. Бүртгүүлсний дараа нэр дэвшигчийн үнэмлэх авах гэж үйл явц бий. Энэ  үйл явцын өмнө чиний асуусан асуултыг тодруулж асуух эрхтэй. Нэр дэвшигчийн хувьд би асууж тодруулна. Яг яаж сонгууль явагдах юм, шударга явагдаж чадах уу, үйл явц нь ямар байх вэ гэдэгтэй дараагийн долоо хоногоос танилцана.

-Нэр дэвшиж буй хүмүүсийг харахад ихэнх нь Ерөнхийлөгчтэй нэг багийнх шиг харагдсан. Олон хүн нэр дэвшиж  ширүүн өрсөлдөөн болсон гэж харагдуулаад ард нь хуйвалдаанаар намын даргаа аль хэдийн сонгочихсон юм биш үү дээ гэж хардаж байна. Энэ тухай танд мэдээлэл байна уу?

-Хамтарч өрсөлдөж буй учир сонирхлын зөрчлийн үүднээс энэ тухай сэтгэгдэл хэлэх боломжгүй. Хөндлөнгөөс харж буй хүмүүс сэтгэгдэл хэлж илүү эрх чөлөөтэй дүгнэх байх. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад хамт өрсөлдөх гэж буй хүмүүсийнхээ талаар янз бүрийн зүйл хэлэх ёс зүй алга. Ер нь би Ардчилсан намын гишүүдээ юунд ч хардмааргүй байна.

Ц.Оюунгэрэл

-ОЛОН ХҮН НЭР ДЭВШИЖ БУЙ НЬ АРДЧИЛСАН НАМ БУТРАЛ РУУГАА ОРЖ БУЙГ ХАРУУЛЖ БАЙНА-

-Энэ удаа Ардчилсан намын даргад их олон хүн нэр дэвшиж байна. Аймаг, аймгийн төлөөлөл гэж харж ч бас болохоор байна. Үүний үр дагавар ямар байх вэ?

-Энэ яахав, өнгөц харахад олон хүн эрх чөлөөгөө эдэлж байгаа мэт дүр зураг харагдаж байгаа боловч улс төр судлал талаасаа харвал бутрал болоод ирлээ. Учир нь нам зохион байгуулалттай, төвлөрсөн сонголттой байж сонголт хийхэд амар болно, үзэл санааны хувьд ч төвлөрнө. Үзэл санаагаар төвлөрөхгүй орон нутгаар задраад эхэлбэл намын нэр хүндийн доройтол биш бутрал гэх өөр шатны үзэгдэл рүү явах аюул харагдаж байна. Тиймээс энэ аюулаас сэргийлж саналаа өгөөсэй гэж намынхандаа хэлмаар байна.

-Олон хүн нэр дэвшиж буй нь ямар нэгэн зохион байгуулалттай  үйлдэл юм биш үү?

-Зохион байгуулалттай биш байх гэж бодож  байна. Өмнө нь хууль юм шиг л таван хүн намын даргад нэр дэвшдэг байсан. Яагаад таван хүн нэр дэвшдэг байсан бэ гэхээр таван фракцийн төлөөлөл юм. Фракцууд дотроо ярилцаж байгаад л хүнээ нэр дэвшүүлдэг жишигтэй байсан. Ер нь С.Эрдэнэ “Фракцгүй нам байгуулна” гэдэг уриатайгаар намын даргад нэр дэвшиж, өрсөлдсөн. Яалт ч үгүй өнөөдөр фракцгүй нам болсон нь харагдаж байна. Нэр дэвшигчдийг бүртгэхэд олон хүн нэрээ дэвшүүлж байна. Нэг талдаа фракцгүй болсон нь сайн. Нөгөө талдаа фракцгүй болсны үр дагавар байдаг юм байна. Тэр үр дагавар нь фракцийн төлөөлөлгүй аймаг бүрээс хүн нэр дэвшиж буйгаас харагдаж байна. Монголын улс төрд “Нам үгүй бол жалга, довны бутрал эхэлдэг юм” гэх хэллэг байдаг. Энэ үзэгдэл жижгэрсэн хэлбэрээр манай намд ороод ирлээ. Фракц гэх бүтэц задрангуут аймаг, аймгийн төлөөлөл өрсөлдөөнд орж ирж байна.

Ц.Оюунгэрэл

-Таныг Ерөнхийлөгчийг халхавчилж ил “тоглож” байна гэх хардлага байсан?

-Ерөнхийлөгчтэй нийлсэн байтлаа Ерөнхийлөгчтэй өрсөлдөнө гээд яваад байх уу. Х.Баттулга гэх хүнтэй өрсөлдөнө гэж зарласан хүн надаас өөр байхгүй. Шууд өрсөлдөнө гэж бодож байна. Яагаад намайг тэр хүнтэй нийлчихсэн гэж яриад буй логикийг огт ойлгохгүй байна. Би ил хэлээд л өрсөлдөнө. Өрсөлдөнө шүү гэдгээ хамгийн эхэнд хамгийн ил хэлсэн. Өнөөдөр үзэл санаагаа нэгтгэх, институт болох намаа босгож ирэх нь хамгийн чухал яриа байх ёстой. Гэтэл Ц.Оюунгэрэл тэгэх гэнэ, тэр тэрний хүн гэнэ гэх хов хамаг цагийг дэмий барж байна. Энэ дэмий ховийг мартаад үзэл санаатай, итгэл үнэмшилтэй байх эсэхээ шийдэх цаг болчихсон.

-Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Таны хувьд эмэгтэйчүүдийг аль эрхээ илүү эдлээсэй, илүү тодотгоосой гэж боддог вэ?

-Нийт эмэгтэйчүүдийн хувьд олсон эрхээ алдахгүй байх гэх нийтийн өмнө хүлээсэн үүрэг бий. Тэмцээд нийтээрээ олоод ирсэн эрхийг дордуулахгүй байх нь эмэгтэйчүүдийн үүрэг. Харин хувь хүнийхээ хувьд ямар нэгэн эрхээ илүү сурталчилж, олны өмнө гаргаж болно. Миний хувьд сонгогдох эрхээ сонгож авсан. Эмэгтэй хүн өндөр албан тушаалд сонгогдох эрхтэй. Эрэгтэй хүний адилаар нэрээ дэвшүүлж бүх шатны сонгуульд өрсөлдөж болдог юм гэдгийг энэ жил би биеэрээ тунхаглая гэж бодож байна. Тийм учраас эмэгтэйчүүдийн урьд өмнө хэзээ ч зарлаж байгаагүй түвшинд өөрийгөө зарлаж “Эмэгтэй хүн  ийм түвшинд байж  болох  юм байна” гэх төсөөллийг бий болгох ажлыг ойрын саруудад хийж байна. Төсөөлөл бий болсны дараа сонгогчид сонголтоо хийнэ.

-Үр дүн яаж ч гарч болно ?

-Тийм яаж ч гарч болно. Би үр дүнгээс илүү процесст анхаарч байна. Процесс  нь сонголт бий  болгодог, Ардчиллын үнэт зүйл учраас ухрахгүй гэж бодож байгаа.




Өнөөдөр үхэр өдөр

19 минутын өмнө