ТОДРУУЛГА: Э.Энхбатын бие муу байна

Хуваалцах Жиргэх

2021-04-03 13:04

Н.Түвшинбаярыг сэжигтнээр тооцож, 72 цаг саатуулахаар болсон уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, Олимпын аварга Н.Түвшинбаярын хэвтэн, эмчлүүлж буй Интермэд эмнэлэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж, түүнээс тайлбар мэдүүлэг авсан байна.

Улмаар түүнийг бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэж 72 цаг саатуулахаар болсон гэх албан бус мэдээлэл байна. Харин түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэж прокурорын байгууллагаас үзвэл тус асуудлыг шүүхээр хэлэлцэх юм. Ямартай энэ талаар ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй Монгол болохыг иргэддээ уриалж байгаа. Энэхүү уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулахаар томилсон билээ. 

2021-04-03 11:52

ТОДРУУЛГА: Н.Түвшинбаяраас мэдүүлэг авахаар цагдаагийн алба хаагчид түүний хэвтэж буй эмнэлэгт ирээд байна

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарч эхлээд байна. Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэж буй ч ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.  

Мөн Н.Түвшинбаярыг эрэн хайж байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа ч, манай сайтад түүний ойр эх сурвалж тодруулга, тайлбарыг өгч байна.

Тэрээр “Яг одоо Н.Түвшинбаярын хэвтэн эмчлүүлж байгаа хувийн эмнэлэгт, цагдаагийн алба хаагчид хүрэлцэн ирээд байна. Улмаар түүнээс хэрэг явдлын талаар тайлбар мэдүүлэг авах гэж байна” гэсэн юм. Мөн өчигдөр орой тус хэрэг явдал гарсан газарт цагдаагийн алба хаагчид очиход Н.Түвшинбаяр байсан бөгөөд энэ үеэр түүнээс ямар нэг тайлбар, мэдүүлэг аваадгүй байна. 

2021-04-03 10:13

ТОДРУУЛГА: Н.Түвшинбаяр бэртэл авсан тул эмнэлэгт байна

Өчигдөр /2021.04.02/ орой 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн "120 долоон монгол корпараци"-д хүмүүс хоорондоо зодолдоод байна гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч очиж ажилласан. Улмаар Улсын начин Э.Энхбатыг 103-ын эмчид  хүлээлгэн өгсөн, тэрээр одоог хүртэл ухаан ороогүй ГССҮТ-д хэвтэн, эмчлүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. 

Мөн зарим эх сурвалжууд Н.Түвшинбаярыг хайж байгаа боловч олдоогүй байна гэж мэдээлж буй.

Тэгвэл бид түүний ойрын эх сурвалжаас тодруулахад, “Н.Түвшинбаяр бэртэл авсан тул эмнэлэгт хандаад байна. Эрэн сурвалжилж байна гэдэг нь худал мэдээлэл. Тус эмнэлэгт хоносон юм шиг байна. Одоо Н.Түвшинбаярын ах нар нь түүнтэй хамт байна, уулзаж байна” гэсэн юм. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ. 

2021-04-03 08:49

Э.Энхбатын биеийн байдал хүн, ухаан ороогүй, Н.Түвшинбаяр олдоогүй байна гэв

Өчигдөр /2021.04.02/ орой Улсын өсөх идэр начин Э.Энхбат бусдад зодуулсан байдалтай, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тус өдрийн 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн "120 долоон монгол корпараци"-д хүмүүс хоорондоо зодолдоод байна гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч очиж ажилласан. Улмаар Э.Энхбатыг 103 эмчид  хүлээлгэн өгчээ. Мөн алба хаагчид тухайн цаг үеэс эхлэн Н.Түвшинбаярыг хайж байгаа боловч олдоогүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн ГССҮТ-д хүргэгдсэн Э.Энхбат одоо ч ухаан ороогүй, сэхээн амьдруулах тасагт байгаа аж.

2021-04-02 23:34

ТОДРУУЛГА: Э.Энхбатын бие муу байна

Өнөөдөр /2021.04.02/ Олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өөрийн багийн найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хүнд гэмтээсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан юм. 

Тэгвэл энэ талаар Э.Энхбатын ойрын эх сурвалжаас тодруулахад “Түүний биеийн байдал хүнд, Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-т хүргэгдээд байна. Мөн тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна” гэсэн юм.

Харин энэ талаар Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг өөрийн facebook хуудастаа “Түвшинбаяраа чи ийм хогийн гар шүү дээ. Миний хань чамд ямар гай болсон бэ. Ханийг минь эв эрүүл саруул болгож өг чи муу” хэмээжээ. Хэрэв гавьяат тамирчин Н.Түвшинбаяр түүнийг хүнд гэмтээсэн нь тогтоогдвол энэ жил болох Токиогийн олимпд Монголын тамирчид оролцох нь эргэлзээтэй болох ажээ. Учир нь Н.Түвшинбаяр нь Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.