О.Мөнхжаргал: ”Эрдэнэс Таван Толгой”-н бонд, хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө

О.Мөнхжаргал: ”Эрдэнэс Таван Толгой”-н бонд, хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө

“Эрдэнэс-Тавантолгой” компани хөрөнгийн зах дээр “Эрдэнэс” бонд гаргаж, хоёр их наядын төгрөгийн санхүүжилт татахаар ажиллаж эхлээд буй. Эхний ээлжийн арилжаа гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-нийг хүртгэл үргэлжлэх юм байна. Бондын хүүний тухайд төгрөгөөр авбал 10 хувь, доллароор бол 6.8 хувийн хүүтэй байх нь. Бүр тодруулж хэлбэл аль аль нь хадгаламжийн хүүгээс өндөр гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Иргэдийн хувьд банкин дахь долларын хадгаламжийн хүү хоёр хувиар тооцогдож байгаа. Тиймээс “Эрдэнэс” бондын арилжаанд оролцвол даруй 4.8 хувиар илүү өгөөж ашиг хүртэнэ гэсэн үг. Бондын хугацааг хоёр жилээр тогтжээ. Өндөр дүнтэй захиалга өгөх боломжтой хоёр хэсэг бий гэж хөрөнгийн захынхан тодотголоо. Эхнийх нь банкууд, хоёр дахь бүлэг нь хадгаламж бүхий иргэд. Банкууд өнөөдрийн тухайд илүүдэл мөнгөө төв банкны үнэт цаасанд зургаан хувийн хүүтэй байршуулж буй. Бондын арилжаанд гадныхан оролцох боломжтой гэнэ. Бондын арилжаанд оролцохыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компанидаа хандахад л болох нь. Утсаар, онлайнаар захиалга өгч, бонд худалдаж авч болох юм байна. 1072 хувьцааны дансаа нээлгэсэн хүмүүсийн тухайд шинээр данс нээлгэх шаардлагагүй, нээлгэчихсэн дансандаа мөнгө байршуулж арилжаанд оролцох боломжтой хэмээн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хэлж байна. “Эрдэнэс Таван толгой”-н бонд 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй байна.

 “Эрдэнэс Таван толгой”  компанийн бонд  тойрсон асуудлаар “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.

-“Эрдэнэс Таван толгой” бол төрийн өмчит компани. Тэр утгаараа энэ удаагийн бонд ямартай ч эрсдэл багатай гэсэн давуу талтай байх нь...?

-Тэгнэ. Ер нь Засгийн газрын үнэт цаасыг  хамгийн найдвартай гэж үздэг л дээ. Улс тэр чигээрээ дефольт зарлахгүй л бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Засгийн газар 2012-2016 онд үнэт цаас гаргаж, тэр нь хөрөнгийн зах зээлийн тулах багана болж байсан. Энэ удаа төрийн өмчит компани зах зээлээс мөнгө татах гэж байна. Тэр утгаараа эрсдэлгүй гэсэн давуу талыг хамгийн түрүүнд онцлохоос аргагүй. Товчхондоо аль аль талдаа ашигтай. Бонд худалдаж авсан хүмүүст ч, бонд арилжаалж хөрөнгө татаж байгаа компанид ч. Компани банкнаас бага хүүтэйгээр мөнгө босгоно, хүмүүс банкны хадгаламжийн өгөөжөөс өндөр ашиг хүртэнэ. Бидний хувьд хөрөнгө оруулалтын соёлыг л өөрчлөх гэж ажиллаж байгаа.

Бид  хадгаламжинд мөнгөө хийдэг, арилжааны банкаас зээл авдаг энэ тогтолцоогоор сүүлийн 30 жил явлаа. Хөрөнгийн зах зээлийн  үнэлгээ том биш. Эдийн засаг маань  30 их наяд байхад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наядаар хэмжигддэг. Банкны актив ч мөн 30 их наяд шүү дээ. Тэгэхээр монголчууд өнөөхөндөө  арилжааны банкны системээр 100 хувь явж байна гэсэн үг.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг иргэд эзэмшдэг. Хөрөнгө оруулалт татаж, өгөөж ашгаа нэмэх хэрээр 1072 хувьцааны өгөөж ч дагаад өсөх нь ээ?

-Та зөв харж байна. Иргэдийн эзэмшдэг хувьцааны өгөөж дагаад өсөх давуу талтай. Тэгэхээр энэ удаагийн бондын өгөөжийг улсаараа хүртэнэ гэсэн үг. Мэдээж ойрын арав гаруй жил “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн борлуулалт өндөр хэмжээгээр өсвөл 1072 хувьцаа эзэмшиж байгаа хүний ногдол ашиг өснө. Нүүрс үнэ цэнтэй, хэрэгцээтэй байх үед борлуулалт өсөж Монголын төгрөгийн валютын урсгал өснө гэсэн үг л дээ. Экспорт өсөх тутам Монголын эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь тодорхой.

-“Эрдэнэс Таван толгой” хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөө юунд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бол?

-"Эрдэнэс Таван толгой” компани цаашдын гурван жилийн төлөвлөгөөгөө танилцуулж байгаа. Угаах үйлдвэр барина, дэд бүтцээ хөгжүүлнэ. Дэд бүтцээ хөгжүүлчихвэл борлуулалт нь дагаад өсөх нь тодорхой. Жилдээ 30 сая тонн нүүрс борлуулна гэж байгаа шүү дээ.  

-Энэ удаагийнх нээлттэй бонд гэсэн тодотголтой байгаа. Нээлттэй бонд хамгийн ашигтай зөв хувилбар мөн үү?

-Хөрөнгийн зах зээлийн хамгийн эрүүл хувилбар. Нээлттэй бондын гол  ялгаа нь хөрөнгийн биржээрээ дамжиж зарагдана. Гэхдээ хөрөнгө оруулагчид мөнгө нь хэрэгтэй болвол бирж дээр бондоо зараад мөнгөө авчихаж болно. Бусдаар бол хамгийн найдвартай тогтвортой хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Ер нь бол  цагаа олсон бүтээгдэхүүн.

Хадгаламжийн хүү буурсан байгаа үед төрийн өмчтэй,  Монгол улсын иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг, сүүлийн таван жил бизнес моделоо баталчихсан, нүүрсээ арван доллараар олборлоод 60 доллараар зарж хангалттай мөнгө хийж яваа компани ийм бонд гаргана гэдэг хаана хаанаа ашигтай шийдэл л дээ.

-Хоёр их наяд гэхээр том дүн сонсогдоод байх юм. Энэ хэмжээний мөнгө зах зээлээс цуглах боломжтой юу?

-Хоёр их наяд гэсэн том дүн сонсогдож байж магадгүй. Гэхдээ банкны хадгаламжийн хэмжээ 20-30 их наяд руу дөхөж байгаа. Энэ бол иргэдээс бүрдсэн хадгаламж. Өөрөөр хэлбэл зах зээлд хангалттай бэлэн мөнгө байна гэсэн үг.

“Эрдэнэс Таван толгой”-н хувьд өмнө нь “Чалко”-гоос 500 сая ам.доллар татаж байсан бол өнөөдөр дотоодоосоо хөрөнгө татаж төслийнхөө ашгийг нэмэгдүүлэх гэж байгаа нь бас л том давуу тал шүү...?

-Бидний хувьд арай өөр төвшинд хүрсний шинж л дээ. Гаднынхнаас мөнгө хүсч  “Чалко”-гоос 500 сая ам.доллар авч байсан  үе тодорхой хэмжээнд өнгөрөөд байна. Монголчууд өөрсдөө дэд бүтцийнхээ том төслийг санхүүжүүлэх тухай ярьж байна гэдэг яалт ч үгүй том давуу тал. “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын “Чалко”-гоос 500 сая ам.доллар аваад яасныг бүгд мэдэж байгаа. Харин энэ удаа “Монголоосоо мөнгө босгоё, хөрөнгө оруулалт хийгээд өгөөжийг нь та хүрт” гэж байна. Тэгэхээр хоёр жилийн дараа энэ төсөл сайн хэрэгжээд ирвэл иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны өгөөж өсөх нь тов тодорхой асуудал. Засгийн газар, “Эрдэнэс Таван Толгой” хоёр  бондоо гаргая гээд зарлачихлаа. Одоо монголчуудад бондоо худалдаж авах ажил л үлдээд байна.

-Хадгаламжийн хүүгээс өндөр өгөөжтэй гэхээр банкинд мөнгөө хадгалуулсан иргэд олноороо сонирхох л юм байна...?

 -Хадгаламжийн хүү буурчихсан, дунджаар 8.5 болсон гэж тооцвол арван хувийн татвараа хасаад 7.6 хувь руу орчихож байгаа юм. “Эрдэнэс” бондын хувьд арван хувиар гарч байгаа.

Татварын шинэ хуулиар нээлттэй бондын хувьд арван хувь биш таван хувийн татвар авна. Арван хувиас таван хувийг хасахаар 9.5 хувь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ бондын бодит өгөөж 9.5 хувь.  Дахиад хэлэхэд эрсдэлгүй гэдэг утгаараа энэ удаагийн бонд давуу талтай.

-“Эрдэнэс Таван Толгой” ирэх жилүүдэд хэр ашигтай ажиллах нь  нүүрсний зах зээлийн өнгө төрхөөс хамаарна. Нүүрсний зах зээл ямар байх бол?

 -Нүүрсний зах зээл ямар вэ гэхээс илүү төмрийн зах зээл ямар байх вэ гэдэг нь чухал. “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсний эрэлт Хятадын гангын үйлдвэрийн хэрэгцээнээс хамаарна гэсэн үг. Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн тухайд гангийн хэрэгцээ өсөх нь тодорхой. Тэгэхээр нүүрсний зах зээл дажгүй байх нь ойлгомжтой.

Хятад улс  Австралийн коксжсон нүүрсийг авахгүй байгаа. Уг нь энэ бүхнээс  хамгийн түрүүнд өгөөж хүртэх улс нь манайх байсан юм. Гэхдээ бодитой хэмжээгээр хүртэж чадахгүй байна л даа.  Гол шалтгаан нь дэд бүтэц. Гэтэл ОХУ өнөөдөр өндөр өгөөж хүртээд эхэлчихлээ. “Эрдэнэс Таван толгой” хөрөнгө оруулалт татаж дэд бүтэцдээ анхаарья гээд байгаа нь цаанаа ийм шалтгаантай. Монголын  нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Хятад гээд харахаар ирэх жилүүдэд нүүрсээ дажгүй үнээр их хэмжээгээр борлуулах боломж бүрэн бий.

-Бондын зах зээл зээлийн хүүг буулгах том хөшүүрэг болдог гэж ярьдаг. Манай хувьд “Эрдэнэс Таван толгой”-н араас компаниуд бонд гаргаад эхэлбэл хүү буурах бодит нөхцөл үүсэх нь ээ?

 -Компаниуд “Эрдэнэс Таван толгой”-н араас дотоодын зах зээл дээр бонд гаргаад эхэлбэл хоёр л юм болно. Компаниуд банкнаас 15 хувиар зээл авч байсан бол 10 хувиар бонд гаргаад санхүүжилт татчихна. Нөгөө талаас иргэд банкны хадгаламжаасаа илүү хүүтэй бонд худалдаж авах  ашигтай. Бондын зах зээл томрох тусам хөрөнгө оруулалтын сангууд илүү их худалдан авалт хийж эхэлдэг. Одоохондоо бол нээлттэй бондууд цөөхөн л дөө. Хөрөнгийн зах зээлд компанийн нээлттэй бонд бараг байхгүй. 2017 онд “Сүү” бонд гэж гаргахад зургаан тэрбум л байсан. Нэг жилийн бонд байсан учраас дуусчихсан, одоо хөрөнгийн зах зээл дээр байхгүй гэсэн үг. Засгийн газрын ихэнх үнэт цаас энэ жил дуусч байгаа. Тэгэхээр бондууд байхгүй гэчихэж болно. Бондын зах зээлийг харвал Япон, Солонгост бонд гаргаж хүүгээ бууруулсан тодорхой хэмжээний түүх байдаг.

Манай улсын хувьд арилжааны банкны системээсээ хэсэг хэсгээр өөрчлөгдөж эхлэх гээд байна гэсэн үг л дээ. Томоохон компаниуд Монголын хөрөнгийн зах зээл жижигхэн байна гээд бонд гаргадаггүй. “Эрдэнэс Таван толгой”  зориод бонд гаргачихсан байгаа тохиолдолд араас нь бонд гарах өчнөөн боломж нээгдэнэ. Тэгж байж хөрөнгийн зах зээл хөгжинө.

Ц.БААСАНСҮРЭН

 Эх сурвалж: Өдрийн сонин