Хөл, хорионы хугацаанд иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлнэ

Хөл, хорионы хугацаанд иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлнэ

Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаж ирэх бямба гаригаас буюу энэ сарын 10-25-ны өдөр Улаанбаатар хотод хатуу хөл, хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Засгийн газраас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хөл, хорио тогтоосон 14 хоногийн хугацаанд иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдлээ. 

Энэ талаар тэрбээр “Энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо. Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаан үүсч, татварын нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар Арбитрын маргаан үүсгэсэн. Нэг жилийн хугацаанд нэлээдгүй том ажил болсон. Олон улсын шүүх дээр эхний маргаанаа шийдвэрлүүлж Монгол Улсад орж ирэх байсан татварууд орж ирж байгаа. 2020 оны хоёдугаар сарын 25-нд Төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Татварт төлөгдөх ёстой байсан Оюутолгойн мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 9-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн. Тиймээс хөл хорио тавигдах үед Засгийн газар иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан. Бид хөл хорио тавихгүй үед үүнийг өөр байдлаар зарцуулахаар төлөвлөж байсан.

Эдийн засаг -6 орчим хувийн агшилттай, төсөв 23 орчим хувиар тасарсан үзүүлэлт байсан. Зээл гарч байгаа учраас энэ тасралт нөхөгдөж байна. Зах зээлд эргэх ёстой байсан найм орчим тэрбум төгрөг Төв банкинд түгжигдсэн байсан. Энэ мөнгийг эдийн засгийн эргэлтэд Засгийн газар оруулахын тулд 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ Засгийн газрын мөнгө биш. Энэ арга үр дүнгээ өгч байгаа. Хатчихсан байсан эдийн засаг дээр тодорхой хэмжээний усан дуслууд бууж байгаа. Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд арилжааны банкнаас гурван хувийн хүүтэй зээл авч байгаагүй. Цаашдаа энэ нь хадгаламжийн хүү буурахад нөлөөлнө. Өмнө нь бэлэн мөнгө олгох нөөц Засгийн газарт байгаагүй. Сүүлийн сар гарын хугацаанд Оюутолгойгоос татварын мөнгө орж ирсэн. Энэ олон хөл хорионы дараа эдийн засгийн дэмжлэг байхгүй бол вакцинжуулалт үр дүнгүй болох нөхцөл байдал үүссэн. Тиймээс Засгийн газар сүүлчийн хүчээ шавхаж байна” гэсэн юм.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “300 мянган төгрөгийг өнөөдрөөс эхлэн 3.3 сая иргэдийн данс руу шилжүүлнэ. Дансгүй иргэдийг яаж олгохоо төлөвлөж байна. Банкуудаар дамжуулан харилцах данс руу нь 7-10 хоногийн хугацаанд 300 мянган төгрөгийг шилжүүлж дуусгана. Зарим иргэд дансгүй учраас данс нээх ажил хийгдэнэ. Иргэдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, и-баримт, 1072 хувьцааны данс, буюу бүртгэлтэй, ашигладаг данс руу өнөөдрөөс эхлэн мөнгийг шилжүүлнэ. 

Монголын татварын албанаас Оюутолгой компанид тавьсан актын хүрээнд төрийн санд нэг их наяд 26 тэрбум төгрөгийг  төвлөрүүлсэн. Татвар төлөх ёстой учраас акт тавьсан. Хэдий  асуудал арбитр дээр явж байгаа ч манай улс төлөөгүй татварыг нэхэх, төлүүлэх үүрэгтэй.  Энэ хүрээнд Оюутолгой компани татварын нэг их наяд гаруй төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг 3.3 сая иргэндээ хуваахад 300 мянга гарсан. Энэ хэрээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Инфляцын түвшин 2.6 хувьтай байгаа. Үнэ өснө, инфляц өснө гэдэгтэй санал нийлэхгүй байна. Статистик өөр тоо хэлж байгаа. Тиймээс зохиолмол үүсгэхгүй байхын төлөө Засгийн газар, Төв банк анхаарал тавьж, бодлогоор дэмжиж ажиллана” гэв.

ҮЗЭХ: