Залуус шиг морь уяж, унаж, уургалж, эмнэг сургадаг 84 настай эмээ Д.Бямбаням гуайтай ярилцлаа

Залуус шиг морь уяж, унаж, уургалж, эмнэг сургадаг 84 настай эмээ Д.Бямбаням гуайтай ярилцлаа

Залуус шиг шаламгай хөдөлгөөнтэй морь унан давхиж яваа эмээгийн зураг олон нийтийн цахим сүлжээнд хүмүүсийн хайрыг татаад байна. Моринд эрэмгий шигээ машин сайн жолооддог 84 настай Д.Бямбаням гуай хотоос холгүй зусч үхэр сүргээ хариулан амьдарч байна. Олны хайрыг татаад буй авъяаслаг эмээтэй ярилцлаа.

МИНИЙ УЯСАН МОРЬ УЛСЫН ТҮРҮҮ АВЧ БАЙСАН . ОДОО Ч ӨВӨЛ АДУУНДАА ӨӨРӨӨ ЯВДАГ

Д.Бямбаням гуай 1936 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төржээ. Ганц өргөмөл ахтай, айлын ганц  охин тэрбээр багаасаа аавыгаа даган мал хариулж, адууны оторт явснаар морь унаж сурчээ. 

Тэрбээр өөрийн морьтой холбогдсон түүхийг ярихдаа “ Би таван настайгаасаа 17 нас хүртлээ хурдан морь унасан. Миний аав, ээж мөн л Төв аймгийн уугуул.  Миний аав орчин тойрны айлуудынхаа адууг аваад өвлийн оторт явдаг байсан. Тэгэхэд нь би дагаж явдаг байлаа. Хоёр салдаг тоонотой, гурван ханатай гэрээ нүүлгээд өвсний сайханд адуугаа оторлуулдаг байв. Хаана хононо тэр газраасаа өглөө адуунд мордоно. Аав минь уулын орой дээр гарч эргэн тойрноо харчихаад “Охин  минь тэр айлын адуу тэнд байна. Энэ айлын адуу энд байна. Миний охин хураагаад ир” гээд л явуулдаг байсан. Хүүхнээрээ унуулахаар морь муухай болохгүй гэж хэлээд намайг их дагуулж явдаг байсан даа. Ингээд л би адуунд хайртай болсон. Аавынхаа буянаар морь сайн унахаас гадна уургалдаг, эмнэг булгиулж, уяж сурсан. 20 гаруй жил морь уясан.  Уясан морио нөхрийнхөө нэр дээр уралдуулдаг байсан. Миний уясан морь 1972 оны ойгоор улсын наадамд түрүү авч байлаа” хэмээн хуучилж байсан юм.

Д.Бямбаням гуай одоо ч 40 гаруй адуутай аж. Мөн 15 үнээ, хонь, ямаа нийлсэн 40 гаруй бог малтай.  Энэ  жил хүний хөдөлгөөн тасрахгүй хотын ойр оторлсон учир урт хөлийн мал буюу адуугаа Туул голын ойролцоо нутаглаж буй дүүгийндээ  тавьжээ. Өвөл болохоор өөртөө авна гэдгээ эмээ ярьж байлаа. Мөн хонь, ямаагаа хотоос холгүй өөр айлд тавьсан байна. Харин өөрөө үнээгээ сааж сүүг нь борлуулж байгаа ажээ.  84 настай хүн адуу маллахад хүнд санагддаггүй юу гэсэн  асуултад тэрбээр “Би одоо ч морийг төвөггүй унадаг. Моринд хайртай учраас хэдэн адуугаа өөрөө маллана. Өвөл адуундаа өөрөө явдаг. Хаа байгаа газраас нь олж ирнэ шүү дээ. Намар адуугаа өөртөө авна. Тэгэхгүй сүүлгүй хулгайч нар айхтар шүү дээ” гэж хариулсан юм.

Манай сурвалжлах багийг эмээгийнд очиход тэрбээр үнээгээ сааж байсан юм. Бид эмээтэй үнээн зэлэн дээр нь хэсэг хууч хөөрөлдөө. Түүнийг жижиг биетэй учир нутгийнхан нь  ажаа, жаалаа гэж өхөөрдөн дуудсаар өдийг хүрчээ.

-Та Төв аймагт дунд сургуулиа төгссөн үү. Бидэнд бага насныхаа түүхийг яриач?

-Намайг 15 настайд манай суманд сургууль байгуулагдсан. Манай сум анх Бор-Өндөр нэртэй байсан юм. Хожмоо нэгдэлжих хөдөлгөөний үеэр Алтанбулаг нэртэй болж Туул голынхоо наад энгэрт гарч суурьшсан шүү дээ. Ингээд сургуульд 9-10 настай хүүхдийг сургуульд авна гэхэд нь би 10 настай гэж хэлээд нэгдүгээр ангид орж байсан. Айлын 9-10 настай хүүхдүүдтэй 15 настай би хамт сурахаар мэдээж онц сурна биз дээ. Үүний дараа аймгийнхаа сургуульд тавдугаар ангидаа шилжин очиж долдугаар анги төгстлөө сурсан. Ингээд долдугаар ангиа төгсөөд Авдархангай нэгдэлд тоо бүртгэгч, бригадын даргын ажлыг хийж эхэлсэн.

-Долдугаар ангиа төгсөөд л бригадын дарга хийчихсэн байна шүү дээ. Таньд энэ ажлыг хариуцаж хийх итгэл тухайн үед хэр байсан бэ?

-Миний үед долдугаар анги төгссөн хүн боловсрол өндөртэйд тооцогддог байв. Улсаас хариуцуулж өгсөн ажил учраас яс хийнэ. Нэгдлийн цалин бага. Тийм учраас хотод амьдармаар санагдаад ээж, аавыгаа дагуулаад Улаанбаатар руу явсан. Хотод дэлгүүрт худалдагч хийсэн. Дараа нь мөн Авдархангай нэгдлийн талхан заводыг сэргээж гуанз болгоход эрхлэгч, тоо бүртгэгч хийж байсан. Үүний дараа ажлаа өөрчилж Байшин үйлдвэрлэх комбинатад компрессор асаадаг машинистаар ажиллаж Орос мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхад Улаанбаатар хотын жолооны сургуулиас нэг ажилтнаа явуулж сургалтад суулга гэсэн бичгийг Байшин үйлдвэрлэх комбинатад  ирүүлсний дагуу би томилогдсон. Ажлаа гайгүй хийдэг байсан юм байгаа биз зайлуул. Ингээд 1966 -1967 оны хооронд жолооны сургуульд нэг жил гаруй сурч жолооч мэргэжилтэй болж байлаа. Бидний үед Зил 130 машины моторыг таллаж хөрөөдөөд бодит үзүүлэн дээр хичээл заадаг байсан. Их сайхан байж дээ.

-Жолооны сургуулиа төгсөөд л тээвэрт явж эхэлсэн үү. Хэдэн жил жолоочоор ажилласан бэ?

-1967 оноос хойш тэтгэвэрт гартлаа машин барьсан. Жолооны сургуулиа төгсөөд тээврийн жолооч хийсэн гэсэн үг. Миний хань Аранз мөн л Байшин үйлдвэрлэх комбинатад жолооч хийдэг хүн байлаа. Би бага охиноо гэдсэнд байхад чиргүүлтэй Зил 130 машин бариад Баян-Өлгий аймаг хүртэл явж ирээд долоо хонолгүй төрсөн.  21 аймгаараа хэдэнтээ тойрдог байсан. Бүх хүүхдээ машинд өсгөсөн. Төрөөд 20 хонохгүй нялх хүүхдээ машиныхаа кабинд уяад тээвэрт явдаг байлаа.

-ТӨРӨӨД 14 ХОНООД Л НЯЛХ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ЗИЛ 130 МАШИНААРАА ХӨДӨӨ ТЭЭВЭРТ ЯВДАГ БАЙСАН-

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-12 хүүхэдтэй. Одоо 12 сайхан айл болжээ. Би өөрөө долоон хүүхэд төрүүлсэн. Энэ долоо дээрээ өргөмөл ганц ахынхаа таван хүүхдийг өсгөсөн. Ах минь 1977 онд нас барсан. Эхнэр нь мөн 49 хоног дээр нь өнгөрч таван хүүхэд нь өнчин үлдэж байв. Эхнэрийнх нь ах дүү нар нь таван хүүхдийг нь асрамжийн газарт аваачиж өгнө гэхэд  том хүү нь “Би асрамжийн газарт очихгүй. Аранз ахынд очно” гэж уйлж байсан гэдэг. Тэгэж хэлж байгаа хүүхдүүдийг өсгөхгүй яахав. Таван хүүхдээ дагуулаад ирж байснаа санадаг юм.

-Эмэгтэй хүн Зил 130 мишины жолооч хийнэ гэдэг хүнд хэцүү. Бороо, цастайд чиргүүлтэй том машин унаад олон хоногоор хээр хөдөө явна. Ар гэр, үр хүүхэд үлдсэн байдаг. Аль заваар нь хүүхдүүдээ өсгөж, гэр орноо зохицуулдаг байв. Үнэхээр одооны бидэнд хүндхэн л сонсогдож байна?

-Инээв. Хүүхэд хөдөлгөөнд ороод тогтохоо болиод ирэхийн цагт нь Улаанбаатарт аав, ээждээ үлдээгээд явдаг байсан. Нөхөр минь л хүүхдээ өсгөнө. Дулаан кабинд хүүхдээ хуурайлаад, хөхүүлээд явчихна. Унтаж л байна шүү дээ. Манай өвгөн над шиг хөдөө тээвэрт явахгүй, хотдоо л ажилладаг байсан. Тийм учраас хүүхдүүдээ харна. Өөрт ногдсон ажлыг хийхээс өөр аргагүй. Амьдрал залгуулахын тулд хийнэ шүү дээ. Уул даваагаар давна. Засмал замгүй байсан учраас бартаа ихтэй. Дугуй засвар байгаагүй. Дугуй хагарвал өөрөө  хээр задлаад хийлчихдэг байсан. Өвсийг хүүхдүүдээр ачуулбал нураад явахгүй учир өөрөө ачдаг байлаа. Муу өвгөн минь л гэрийн ажлаа амжуулдаг байсан даа.

-Таны хүүхдүүд мөн моринд эрэмгий юу?

-Манай хүүхдүүд бүгд морь унадаг. Багачууд л айгаад ойртохгүй байна. Миний бага охин  хурдан морь унадаг байсан. Сая дэмбээний наадамд оролцохоор Эрдэнэ-Сант руу явчихлаа. Би ч мөн дэмбээднэ. Гэхдээ ажил ихтэй  учраас явж чадсангүй. Нэг ач хүү минь Хятад улсад морин циркийн жүжигчнээр ажилладаг.

-Хотод жолоочоор ажиллаж байгаад хэзээнээс хөдөө гарсан бэ?

-1977 оны Төв аймгийн нөхөрлөлийг байгуулагдахад хөдөө гарсан. Тэжээлийн аж, ахуйд ханьтайгаа  жолоочоор ажиллахаар ирсэн. Ингээд тэтгэвэрт гартлаа эндээ жолоочоор ажилласан. Тэтгэвэрт гараад хийх ажилгүй учраас хэдэн үхэр авсан даа.

-НАСААРАА ХӨДӨЛМӨРЛӨСӨН УЧРААС БИЕ ӨВДӨХГҮЙ. ХҮҮХДҮҮДТЭЙ УРАЛДСАН Ч ГҮЙНЭ-

-Үлгэр дууриалал болохоор хөдөлмөрч, хаттай эмэгтэй юм?

-Завгүй хөдөлмөрлөдөг учраас өвддөггүй. Даралт ч хөдөлдөггүй. Хүүхдүүдтэй уралдвал гүйнэ шүү. Мах идэхгүй. Сүү цагаан идээ тараг, аарц, их иднэ. Урт наслахын нууц хөдөлгөөн, мах бага идэх юм. Залхуураад байвал гал хөл чиь эвхээтэй л болно шүү дээ.

-Сүүлийн үед малчид морио унаж эдлэхээ больжээ. Монголчуудын морь унах, эдлэх соёл алсуурхан алдагдаж буй талаар та юу гэж боддог вэ?

-Арай л хэтэрхий юм. Монгол хүн морио унах ёстой. Морио унаж малаа хариулдаг байгаасай гэж  бодох юм. Хүүхдүүдээ ч ажилд сургахгүй юм. Би айлын хүүхдүүдийг авчирч  морь унуулж, үнээ саалгаж сургадаг. Аль болох л хөдөлмөрлөх хэрэгтэй. Би нэг ч амралтгүй өдрийг хүртэло хөдөлмөрлөсөний хүчинд урт насалж байна шүү дээ. Өөлөхөөс чих жаахан хатуу. 

-Та өдөрт хэдэн литр сүү борлуулж байна?

-50-60 литр сүү зарна. Литр сүүгээ 700 төгрөгөөр хямдхан  зардаг. Биднээс хямд худалдаж аваад цааш нь үнэтэй  л зардаг юм гэсэн.  

-Амьжиргаа цагаан машинаараа их ажил амжуулж байна уу?

-Амьжиргаа цагаан машинтай. Хүү минь мөн 20 приүс машин авч өгсөн. Хоёуланг нь унана. Амьжиргаа цагаан ачаа даахгүй юм. Ачааг нь ихдүүлээд моторгүй болгоод байна. Гурван ч мотор эвдлээ. Гэхдээ үүнийгээ унаад хот орчихноо заримдаа.

-Хот дотор асуудалгүй барих уу?

-Асуудалгүй барина.

Ярилцсанд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай та.

- Та бүхэнд ч мөн баярлалаа. 

Д.Бямбаням эмээ ирэх сараас Хустайн нурууны орчим дахь гэртээ очиж малаа хариулна. Тэрбээр зарим зун тэндээ гурав, дөрвөн гэр барьж жуулчин хүлээж авдаг байна.




Улаанбаатарт 20 градус дулаан байна

36 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

39 минутын өмнө