СУРВАЛЖИЛГА: Нүүрс тээврийн жолооч нарын тусгаарлалтад Өмнөговийн эмч, онцгой байдлын албан хаагчид бүх хүчээ дайчлан оржээ

СУРВАЛЖИЛГА: Нүүрс тээврийн жолооч нарын тусгаарлалтад Өмнөговийн эмч, онцгой байдлын албан хаагчид бүх хүчээ дайчлан оржээ

Isee.mn сайтын баг сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй нүүрс тээврийн жолооч нарыг тойрсон асуудлыг сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийг зорьсон юм. Өчигдөр/2021.09.14/ бид Хилийн Боомтын Онцгой Бүрэн Эрхт Захиргаа томилогдсоноор нүүрс тээврийн компаниуд болон жолооч нар нэгдсэн зохион байгуулалтад орж, экспорт нэмэгдсэн талаарх сурвалжилгаа уншигч танд хүргэсэн/сурвалжилгыг ЭНД дарж уншина уу/.   

Тэгвэл өнөөдөр цар тахлын онцгой нөхцөл байдалд жолооч нарыг тусгаарлах, шинжилгээ авах үйл ажиллагааг галын шугаманд ажиллаж буй эмч, онцгойгий албан хаагчид хэрхэн зохион байгуулж буй, мөн нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь сурвалжилснаа хүргэж байна.

ВИДЕО ҮЗЭХ: 

-ЖОЛООЧ НАРЫН ТУСГААРЛАЛТЫГ СУМЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ОНЦГОЙ БАЙДАЛ, АВТО ТЭЭВЭР, ОНЦГОЙ КОМИСС, ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД НЭГДЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

Цар тахлын улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа удааширч, нүүрс тээвэрлэлт зогссон. Цагаан хад суурьшлын бүсэд халдварын тархалт нэмэгдэж, БНХАУ ч хилээ хаан хүндхэн нөхцөл байдал үүсээд байв. Улмаар Засгийн газраас Хилийн Боомтын Онцгой Бүрэн Эрх Захиргааг томилсноор Цагаан хад суурьшлын бүсийг эрүүл, ногоон бүс болгох бодлогын хүрээнд шат дараатай арга хэмжээнүүд хэрэгжиж, эхнээсээ үр дүнгээ өгч эхэлжээ. Үүний нэг нь жижиг битүүмжилсэн тээвэр буюу бөмбөлгийн зохион байгуулалт. Жолооч нар хилээр нүүрс гаргахдаа эхлээд Монголын талд PCR шинжилгээ өгдөг. Хэрэв эерэг тохиолдол батлагдвал тухайн жолоочийн харьяалагдаж байсан бөмбөлгийг л Цагаан хад суурьшлын бүсээс гаргана. Харин бусад бөмбөлгийн үйл ажиллагаа зогсохгүй, хэвийн үргэлжлэх юм.

Үүний дагуу ажлын хэсгээс компаниудад нүүрсний зам тээврийн дагуу 25 болон 28 дахь км-т өөрсдийн кемптэй байх шаардлагыг тавьжээ. Тухайлбал, бөмбөлөгт халдвар гарлаа гэж бодоход жолооч нар өөрсдийн компанийн шаардлага хангасан кемпид тусгаарлагдана гэсэн үг юм. Харин кемпгүй компаниудын жолооч нарыг Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах зочид буудлуудад тусгаарлаж байна.  Уг үйл ажиллагааг сумын мэргэжлийн хяналт, авто тээвэр, цагдаа, онцгой байдал, онцгой комиссын албан хаагчид нэгдэн зохион байгуулж байгаа аж. Бид жолооч нарыг тусгаарладаг хэд хэдэн зочид  буудалтай танилцсан бөгөөд өрөө бүр нь “нэгээс хоёр ортой, ариун цэврийн өрөө тусдаа, халдвар хамгааллын дэглэмийг сахисан” нь харагдаж байлаа.

Гал түймэр унтраах А-44 дүгээр ангийн захирагч М.Төгөлдөр

Бидний дараагийн зогсоол Цогтцэций сумын Онцгой байдлын алба байв. Жолооч нарын тусгаарлалтад Онцгой байдлын албан хаагчид ямар зохион байгуулалттайгаар ажиллаж буй, мөн ямар асуудал тулгарч байгаа талаар бид Гал түймэр унтраах А-44 дүгээр ангийн захирагч М.Төгөлдөрөөс тодрууллаа.

Тэрбээр “Ажлын хэсгээс юун түрүүнд зочид буудлуудтай хариуцлагын гэрээ байгуулдаг. Хариуцлагын гэрээнд тодорхой шаардлагууд тавигдана. Тухайлбал, ААН-үүд талаас ямар ариутгал дэглэмийг мөрдөх ёстой, үүнд нь төр яаж оролцох, нөгөө талаар жолооч нар ямар дүрэм журмыг баримтлах ёстой гэх мэт гурван талын оролцоог тусгасан гэрээ байгуулах юм. Улмаар шаардлага хангасан зочид буудлуудаас нүүрс тээврийн компаниуд сонгон, жолооч нарыг тусгаарлаж байна. Тусгаарлалтын явцад жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй байх асуудал гардаг. Тухайлбал, ариун цэврийн өрөө орохдоо амны хаалтгүй явах, өрөө дамнан хэсэх гэх мэт асуудлууд гарч байна. Нэг талаас ААН-үүд, нөгөө талаас жолооч нар болон тусгаарлалтыг мөрдүүлж буй зочид буудлын удирдлагууд хариуцлагатай байх нь чухал. Хэрэв ингэж чадвал бид ямар ч асуудалгүй үйл ажиллагаагаа явуулах боломжтой” гэсэн юм.

Гал түймэр унтраах А-44 дүгээр анги 20 албан хаагчтай. Гэвч сумын нутаг дэвсгэрт ковидын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед жолооч нарын тусгаарлалтад хүрч ажиллахад хүн хүч хүрэлцэхгүй байгаа талаар тэрбээр мөн ярьж байлаа.

Тусгаарлалтын зориулалтаар ашиглаж буй зочид буудлуудын нэг өрөөнд 1-3 жолоочийг байрлуулах журамтай. Мөн жолооч нарт өрөөнөөсөө аль болох гарахгүй байх шаардлагыг тавьдаг аж. Ийнхүү тусгаарлалтын 13 дахь хоног дээр PCR шинжилгээ авч, сөрөг гарснаар боомт руу явж ажиллах боломжтой. Гэвч зарим иргэн жолооч нар тусгаарлалтын байрнаасаа халдвар авч байна гэдэг ойлголттой байгаа юм. Энэ талаар Гал унтраах А-44 дүгээр ангийн захирагч М.Төгөлдөр “Бид анализ, судалгаа хийсэн. Орон нутгийн жолооч нар PCR өгөх боломжгүй гэсэн шалтгаанаар түргэвчилсэн шинжилгээтэй ирдэг. Түргэвчилсэн оношлуур гэдэг тухайн иргэн тухайн үед халдвар аваагүй гэдгийг л тестээр харуулдаг шүү дээ. Гэтэл явц дундаа, тухайлбал Ховдоос ирж буй жолооч халдварын нууц үедээ түргэвчилсэн шинжилгээ өгч, ирсний дараа жолооч нартай контакт үүсгэж, өөр хүнд дамжуулах эрсдэл үүсэж байгаа юм” гэлээ.

СОНСОХ: Нүүрс тээврийн компанийн төлөөлөл ярьж байна

-ЖОЛООЧ НАРЫГ ТУСГААРЛАЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 97 ЭЕРЭГ ТОХИОЛДОЛ БАТЛАГДААД БАЙНА-

Дээр дурдсанчлан жолооч нараас тусгаарлалтын 13 дахь хоног дээр нь PCR шинжилгээ авдаг. Тэгвэл шинжилгээ авах үйл ажиллагааг эмнэлгийн байгууллага хэрхэн зохион байгуулж байгаа талаар бид үргэлжлүүлэн сурвалжилсан юм.  

Цогтцэций сумын нутаг дэвсгэрт долдугаар сарын 23-аас өнөөдрийг хүртэл 4500 гаруй жолооч ирж, тусгаарлагджээ. Одоогийн байдлаар 3342 жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд 97 эерэг тохиолдол батлагдсан байна. Сумын эмнэлгийн зүгээс жолооч нараас PCR шинжилгээ авсны дараа сорьцыг 33 км зам туулан аймгийн төв рүү хүргэдэг. Шинжилгээ авах ажиллагаа өглөөний 09.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл үргэлжилдэг бөгөөд маш их ачаалалтай байдаг талаар эмч нар хэлж байлаа.

Цогтцэций сумын Тандалтын багийн эмч Ч.Ганболд

Цогтцэций сумын Тандалтын багийн эмч Ч.Ганболд “Өдөрт ойролцоогоор 150 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Нүүрс тээврийн компаниудыг өөрсдийн гэсэн эмчтэй байх шаардлагыг ажлын хэсгээс тавьж буй. Бидний зүгээс цаашид компанийн эмч нар өөрсдийн жолоочийн PCR шинжилгээг хариуцдаг болох хүсэлтэй байна” гэсэн юм.

Цогтцэций сумын эмч Б.Бат-Эрдэнэ

Мөн Улаан бүсэд ажиллаж буй Цогтцэций сумын эмч Б.Бат-Эрдэнэ “Нөхцөл байдал сумын хэмжээнд маш хүнд, орон тооны хүрэлцээ дутмаг байна. Өмнө нь бид 14 хоног ээлжинд гараад долоон хоног амардаг байсан бол одоо амрахаа больсон. Эмч нар ээлжээс буусны дараа түргэвчилсэн юмуу PCR шинжилгээ өгч өглөө нь дахиад нь ажилдаа ордог” гэсэн юм.

Тус сумын хэмжээнд одоогийн байдлаар эмнэлэгт 53, гэрийн хяналтад 60 гаруй хүн эмчлүүлж байна. Харин улаан бүсэд хоёр их эмч, хоёр бага эмч, хоёр сувилагч, хоёр үйлчлэгч гэсэн нийт 8-9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж. Сумын хэмжээнд халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед эмнэлгийн ажилчид жолооч нарын шинжилгээг давхар хариуцах болсноор ажлын ачааллыг нь улам нэмж байгаа талаар тэд хэлж байлаа.

Жолооч нарын тусгаарлалтад эмч, онцгой байдлын албан хаагчид ийн зохион байгуулалттай ажиллаж байна. Хэдий тэд тусгаарлалтын үйл ажиллагаанд бүхий л хүчээ дайчлан оролцож байгаа ч нөгөө талаас жолооч нар, болон нүүрс тээврийн компаниудын хариуцлага хамгийн чухал юм.