Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэх Ц.Уянгад холбогдох хэргийг Прокурорт буцаажээ

Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэх Ц.Уянгад холбогдох хэргийг Прокурорт буцаажээ

Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянгыг Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж гүтгэсэн гэх шалтгаанаар Ерөнхийлөгчийн тамгын газраас цагдаагийн байгууллагад хандаж зөрчлийн хуулиар торгох шийтгэл оногдуулсан.

Ц.Уянгыг Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан гэж 2 саяар торгосон нь зөв эсэхийг дэнслэх шүүх хурал өчигдөр 14:00 цагт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Улмаар тус хэргийг прокурорт буцаасан байна.

Энэ талаар иргэн Ц.Уянгын өмгөөлөгч Б.Мэргэн өөрийн цахим хуудаснаа “Тамгын газраас нь Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан үндэслэлээр цагдаад гомдол гаргаж, холбогдогч иргэнийг Зөрчлийн хуулиар 2 сая төгрөгөөр торгосон шийдвэрт мөн давах гомдол гаргаж, өнөөдөр шүүх хуралдаан нь болов.

Өмгөөлөгчийн хувиар үндэслэлүүдээ дурдсаны дараа прокурор няцаалт хийхдээ миний ярьсан зүйлсийг хавтаст хэрэгт байхгүй гэв. Нотлох баримтыг шинжлэн судлах болж хавтаст хэргийн материалыг хартал миний хэлснээс өөр прокурорын хэлснээр бичигдсэн байлаа. Яасан байхнав, прокурор, мөрдөгч 2 өөрсдийн алдаатай тогтоолоо штрихдэж байгаад засчихсан, хуудасны дугаарлалтыг өөрчилсөн байлаа. Би хүсэлт гаргаад Нийслэлийн прокурорын газрын тамгатай хэргийн материалын хуулбарыг авчихсан байсан тул тэрийгээ үзүүлж прокурор, мөрдөгчдийн хууль бус ажиллагааг илчиллээ. Бас хуурамчаар гарын үсэг зурсан асуудал гарав. Нэг хүний гарын үсэг 2 өөрөөр зурагдсан байлаа.

Ямар аймар бөх зүрх, тэнэглэл / штрихдсэн нь улаан цагаан хэн ч мэдэхээр илт /, мэргэжлийн ёс зүйгүй, хууль бус ажиллагаа вэ? Анх удаа л ийм зүйл харж байна. Яаж ч байсан арай ингэдэггүйсэн. Ерөнхийлөгчөө хамгаалах гэж бүхнээ тавьж тууж байна даа, хууль сахиулагчид нь.

Бас нотлох баримтын шаардлага хангаагүй, прокуророос зөвшөөрөл авалгүй ажиллагаа хийсэн байна гэсэн чинь прокурор " Угаасаа ойлгомжтой юмыг нотлох шаардлагагүй " гэж хэлэв. Та бүхэн итгэхгүй бол дараа тэмдэглэл үзүүлж болно. Би хэлсэн үгийг нь зориуд тодотгож тэмдэглүүлсэн байгаа. Нотлох шаардлагагүй ойлгомжтой гээд хүн яллах нь” хэмээн нийтэлжээ.