Энэ оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ахыг “аавыг цохиж зодлоо” гэх шалтгаанаар зодож, гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон иргэнд санаатайгаар хүний амь насыг хөнөөсөн гэх зүй заалтаар саяхан шийдвэрлэж, ял оноожээ. Иймд ард иргэд хоромхон зуурын уурыг тэвчиж чадаагүйн улмаас хүний алтан аминд хүрч болзошгүй тул согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, хоромхон зуурын сэтгэл хөдлөлийг дарахыг анхааруулан тус мэдээллийг нийтэлж байна.
Хэргийг тодруулбал, тус аймгийн харьяа ам бүл зургуулаа амьдардаг гэр бүлийн хоёр нь хоорондоо зодолдож, харамсалтайгаар нэгнийгээ хөнөөж, нэг гэр бүлд үүрд гашуун сургамж болж үлдсэн хэрэг гарсан байна. Хэрэг гарсан тухайн үед тус гэр бүлийн зургаан гишүүн зургуулаа гэрт байсан бөгөөд амь хохирогч М нь хөнгөн зэргийн согтолттой гэртээ орж ирээд байжээ.
Тэрбээр төд удалгүй орой нь 19 цагийн үед мотоциклоо асааж унтраагаад байж, иймд түүний ээж Д нь “шөнө орой хаашаа явах гээд байгаа юм бэ? Орж унт” гэсэн аж. Түүнийг даган эцэг нь ч гарж ирсэн байжээ. Гэвч бага зэргийн халамцуудаа тэрбээр хараалын үг урсгасан тул эцэг нь цохиод авсан аж. Тэр хоёрыг харилцан ноцолдож байх үеэр тэдний бага хүү Ш нь ах руугаа “чи аавыгаа цохидог хэн бэ” хэмээн барьцалдан зодолдож эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр шүүх хуралдааны үеэр хэргийн гэрч мэдүүлэгтээ, “Бага дүү ах хоёрыг зодолдож байхад салгахад талийгаачийн нүүр нь хавдсан, халцарсан байдалтай байсан. М-ийг шууд л гэрийн баруун талын орон дээр унтуулсан. Тухайн үед айхтар хурхираад унтаад л байсан юм. Өглөө 09:00 цагийн орчимд малдаа яваад орж иртэл “голоо татах шиг” чимээ гарахаар нь очтол амьсгал нь зогсож байсан” гэсэн утга бүхий мэдүүлэг байжээ.
Харин Ш “бүх буруугаа хүлээж байна. Аав, ээждээ ийм том гай уяруулсандаа маш их харамсаж байна. Надад амьд явах нөхцөл алга” хэмээн нулимс дусаан мэдүүлсэн гэжээ. Шүүх шинжээчийн дүгнэлтээр талийгаач М-ийн биед учирсан тархины гэмтэл нь яаралтай эмнэлгийн тусламж авсан байсан бол амь насыг нь аврах боломжтой байсан гэх дүгнэлтэд хүрчээ.
Шүүхээс талийгаач М нь зодуулсны улмаас нас барсан гэж үзсэн ч мөн хэрэгтэн болох төрсөн дүүг нь “өөрийн үйлдлийн улмаас бусдын амь насыг хохирч болно гэдгийг мэдсэн түүнчлэн амь хохирогч биеийн эрүүл мэндийн хувьд гэдгийг мэддэг мөртлөө гавал биед нь халдан зодсон нь хор уршгийг хүсэж үйлдсэн болохыг тодорхойлж байна” хэмээн тус үйлдлийг нь санаатайгаар хүний хөнөөсөн хэрэг гэж үзэн 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Иймд ард иргэд болзошгүй эрсдэлээс ямагт сэргийлж, санаатай болоод санамсаргүй үйлдлийн үр дагавар эцэст нь юунд хүргэж болох талаар анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.