“133 дугаар сургуулийн сурагчид ДӨРВӨН ээлжээр хичээллэж байна"

“133 дугаар сургуулийн сурагчид ДӨРВӨН ээлжээр хичээллэж байна"

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуульд дөрвөн ээлжээр хичээллэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай тус сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, нийт 1,800 гаруй хүүхэдтэй 133 дугаар сургуулийн сурагчид одоогоор "Монгол тэмүүлэл" сургуулийн 1,2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хоёр, хоёр цаг хичээллэдэг аж.

Энэ талаар Эцэг эхийн төлөөлөл  “Манай хороонд сургуулийн насны 5,600, цэцэрлэгийн насны 2,900 хүүхэд байна. Гэтэл хорооны хүүхдүүд улсын гэх ганцхан сургуультай бөгөөд нэг ч цэцэрлэг байхгүй. Харин ганц сургууль болох 133 дугаар сургууль нь 1,800 гаруй хүүхэдтэйгээс гадна өөрийн гэсэн байргүй учраас "Монгол тэмүүлэл" сургуулийн байрны 1,2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хичээллэж байна. Ингэхдээ энэ сургуулийн хүүхдүүд ердөө 2-хон цаг сургууль дээрээ хагас дутуу хичээллэж, үлдсэн хичээлээ гэртээ нөхөх нөхцөлтэй байна” хэмээн мэдэгдлээ.

133 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Өсөхцэцэг “Өнөөдрийн байдлаар "Монгол тэмүүлэл" сургуулийн 1,2 дугаар давхар манай сургуулийн 13 ангид, 43 бүлэг дөрвөн ээлжээр хичээллэж байна. "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэх асуудалд хоёр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Гэвч тус ажлын албан бичиг дээр нь энэ талаар судална гэснээс, шийдвэрлэх хугацаа алга. Нийслэлийн засаг дарга, БСШУС-ын сайд болон бусад холбогдох албаны хүмүүсийг сургууль дээрх хүнд нөхцлийг очиж харахыг хүсэж байна” гэлээ.