Д.Сумъяабазарын "Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк"-ны ихэнх салбарууд хаагдаж, дампуурч байж болзошгүй байна

Д.Сумъяабазарын "Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк"-ны ихэнх салбарууд хаагдаж, дампуурч байж болзошгүй байна

Хотын дарга Д.Сумъяабазар нарын эзэмшлийн "Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк"-ны үйл ажиллагаа нь саатаж байж болзошгүй байна. Учир нь тус банкны Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг долоон салбарын зургаа нь өнөөдөр /2022.08.12/-ийн байдлаар хаалттай, "Найман шарга" зах дотор байрлах салбар нь хаягаа буулгаж, нүүсэн байна.

Энэ талаар тус захад үйл ажиллагаа явуулдаг иргэдээс тодруулахад, "Энэ барилгад байсан Үндэсний хөрөнгө оруулалтын банк чинь аль эрт хаагаад хаягаа буулгасан дампуурсан байх” гэв. Харин “Ард кино театрт” байрлах салбарыг хайсан боловч мөн л байхгүй байлаа. Бусад салбарынх нь талаар лавлах гэсэн ч тус банкны лавлах утас огт хариулахгүй байгаа юм.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны циркэд байрлах төв салбар 2022.08.12

-"ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК"-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ГАНЦ САЛБАР НЬ 10-12 ХООРОНД ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ НЭГ Л ТЕЛЛЕРТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА-

Тэгвэл цорын ганц үйл ажиллагаагаа явуулж буй "Үндэсний цирк"-ийн хажууд байрлах салбар нь иргэдтэй харилцах ганцхан теллертэй,  өглөөний 10:00-12:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж. Мөн тус банк байрлаж байгаа барилгын хажуу хэсгээс нураасан байлаа. 

Харин энэхүү салбарын явуулж буй үйл ажиллагааны талаар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны үйлчлүүлэгчээс утсаар холбогдож мэдээлэл авахад, тус банканд хадгаламжтай харилцагч н.Т “Би 2018 онд тус банканд 20 сая төгрөгийн хадгаламж нээлгэсэн. Үүнийгээ авах гэж сүүлийн гурван сар хөөцөлдөж байж, одоо цувуулаад авч эхэлсэн” гэв. Мөн тус банкны харилцагч н.Б, "Тус банкнаас мөнгөө авах гэсэн боловч мөнгөгүй байгаа тул боломжтой үедээ тантай холбоо барья" гэсэн тухай дурдав.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны циркэд байрлах ажиллаж буй салбар 2022.08.12

-УЛСЫН МӨНГИЙГ АВААД ГАЦААСАН ТУХАЙ ТУС БАНК УИХ ДЭЭР ЯРИГДАЖ БАЙВ-

Сонирхуулахад, Үндэсний хөрөнгө оруулалтын банк 2005 онд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгджээ. Одоогийн байдлаар эцсийн өмчлөгч нь Аса Д.Дагвадорж, гүйцэтгэх захирлаар нь Ж.Цэдэнрагчаа ажилладаг байна. Хувьцааны хувьд 57 хувийг Д.Дагвадорж эзэмшдэг бол, түүний ах Д.Сумъяабазар эхнэр Ч.Мичидмаагийн хамт 21.7 хувийг тус тус эзэмшдэг гэх мэдээлэл бий.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчид 2022 оны байдлаар

Түүнчлэн ганц харилцагчид биш тус банкны тухай УИХ-аар хэдэнтэй яригдаж байсан. Тухайлбал,  2021 арваннэгдүгээр сард засгийн газрын хуралдааны үеэр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум төгрөг, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 27 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг бий ч авч чадахгүй байна” гэж Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.

ВИДЕО:

Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд сүүлийн гурван сарын хугацаанд тодорхой хэмжээний өөрчлөлт мөнгөн урсгалд нь орж эхэлсэн. 15 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүгээрээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын тусгай сангийн мөнгө холбогдох сангуудын мөнгийг төлж байна гэж ойлгосон. Дүн нь буурч байгаа нь үнэн.14 тэрбум төгрөг өгсөн асуудлыг хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгдэж байв.

 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө