Шинжилгээний хариуг өөрчилсөн байж болзошгүй нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ

Шинжилгээний хариуг өөрчилсөн байж болзошгүй нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ

-ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ХАРИУГ ХУУЛЬ БУСААР СОЛЬСОН ГЭЖ НЭР БҮХИЙ ХҮМҮҮСТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ-

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос өнгөрөгч наймдугаар сард мэдээлсэн. Үндэсний бөхийн залуу аварга Э.Оюунболд өөрийг нь сэргээш хэрэглэсэн гэх мэдээллийг эрс няцааж, Баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрийг эсэргүүцэн, шалгуулах хүсэлтээ хууль, хяналтын байгууллагад өгөөд буй.

Үүнээс улбаалан хуулийн байгууллагынхан сэргээштэй холбоотой асуудлыг нягталж эхэлсэн ажээ. Ингээд сэргээштэй холбоотойгоор нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 

Тодруулбал, улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан зарим албан тушаалтныг шалгагдаж эхэлжээ.

Тэднийг шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар сольж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн байна.

2009-2019 онд шөвгөрсөн 192 бөх бий. Давхцлыг нь арилгавал 109 бөх болно. Дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудыг дээрх 109 хүнийхтэй таарч байна уу гэдгийг дахин нягтлахаар болжээ.

Э.Оюунболдоос гадна нэг бөхийн шинжилгээнээс хориотой эмийн бодис илэрсэн. Гэвч тэр бөх шинжилгээний дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй учраас Б сорьцын шинжилгээ хийлгэсэн гэдэг. Түүнийг иргэд "улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох" гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм. Тэгвэл сар гаруйн хугацаанд БНСУ-ын лабораторид шинжилсэн Б сорьцын шинжилгээний хариу есдүгээр сарын сүүлчээр Допингийн эсрэг үндэсний төвд ирсэн байна. Улмаар тус төвөөс шинжилгээний хариуг Бөхийн салбар хороонд хүргүүлсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бөхийн Б сорьцын шинжилгээний хариу А сорьцын хариутайгаа таарсан байна.

-ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ХОЁР БӨХИЙН ЦОЛЫГ ХУРААХ ЭСЭХ АСУУДЛЫГ ӨНӨӨДӨР ШИЙДВЭРЛЭНЭ-

Өчигдөр /2019.10.23/ Баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин энэ асуудлаар сэтгүүлчдэд хариулт өгөхдөө “Допинг илэрсэн хоёр бөхийн цолыг хураах эсэх асуудлыг маргааш хуралдаж, шийдвэрлэнэ” гэсэн юм.

Тэрбээр “Бөхчүүдийн допингийн асуудлаар маргааш хуралдана. Бид хоёр юм хүлээж байсан. Допинг илэрсэн хоёр бөхийн нэг нь Б сорьцын шинжилгээ өгнө гэсэн бол нөгөөх нь өгөхгүй гэсэн. Нэг бөхийн Б сорьцын шинжилгээний хариу ирсэн. Улсын аварга Э.Оюунболдын хувьд хуулийн байгууллагад хандсан байсан нь буцаж байгаа юм билээ. Тиймээс маргааш Үндэсний хорооны хуралдаан болж, шийдвэрээ гаргана. Хуралдаанаар Үндэсний бөхийн салбар комиссийн саналыг хэлэлцэнэ. Тэндээс бөхчүүдийн цол хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нэмэх зэрэг асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийдөө Ерөнхийлөгч бөхчүүдийн барилдах эрхийг хасах, цол бууруулах талаар шийднэ” гэсэн юм. 

Өнөөдрийн хуралдаанаас гарах шийдвэрийг олон нийт анхааралтай хүлээж байна.