Даян дэлхийн байгаль орчны сан Монгол Улсын байгаль орчинд 10 сая ам.долларын санхүүжилт үзүүлэхээр боллоо

Даян дэлхийн байгаль орчны сан Монгол Улсын байгаль орчинд 10 сая ам.долларын санхүүжилт үзүүлэхээр боллоо

Даян дэлхийн байгаль орчны сангаас 2022-2026 онд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлын эсрэг үйл ажиллагаанд хандив тусламж үзүүлэхээр хэлэлцэж буй талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тус байгууллага Монгол Улсад 10 сая ам.доллар зарцуулахаар болжээ. 

Өнгөрсөн долоо хоногт хөгжиж буй болон НҮБ-ын гишүүн улс орнуудын байгаль орчны олон талт хэлэлцээрийн хүрээнд тодорхой зорилтод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн төлөөллүүд Монголд хүрэлцэн ирж, бүс нутгуудын төлөөлөлүүдтэй Монгол Улсад ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцсэн юм. Энэхүү хуралдааны үр дүнд Монгол Улсад 10 сая ам.доллар бүхий байгаль орчин, уур амьсгалын томоохон ажлуудыг хэрэгжүүлхээр боллоо. 

Даян Дэлхийн Байгаль Орчны Сан 1992 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 47.1 сая ам. долларын санхүүжилт авсан байна. Мөн Монгол Улсыг хамруулан бүс нутгийн болон дэлхийн хэмжээний 422.8 сая ам. долларын 34 төслийг хэрэгжүүлж байсан юм. 

Эдгээр үйл ажиллагаа нь Биологийн олон янз байдлын тухай конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокхольмын конвенци, Цөлжилтийн эсрэг НҮБ-ын суурь конвенц, Мөнгөн усны тухай Минаматагийн протокол гэсэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэн орсон таван гол конвенцийн хэрэгжилтийг хангахад чиглэгдэж буй аж.