Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт ажиллаж, нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Мянгад сумын нутагт байрлах “Халзан бүрэгтэй” газрын ховор элементийн төслийн талаар Засгийн газрын нэгдсэн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Төслийн үйл ажиллагааг шууд эхлүүлэхгүй бөгөөд хамгийн түрүүнд олон улсын түвшний, хараат бус лабораторийн нарийвчилсан дүгнэлтийг гаргуулна. Хэрэв тус олон улсын лабораторийн шинжилгээний хариу сөрөг буюу байгаль орчин, хүн малд хортой гэж гарвал энэхүү төсөл цааш явахгүй, харин байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн эерэг дүгнэлт гарсан тохиолдолд төслийг хэрэгжүүлэх чиглэл барина” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн уг асуудлыг тойрсон зарим зохион байгуулалттай, улс төржсөн үйл ажиллагаанд хууртаж итгэхгүй гэдгээ хэлээд, зөвхөн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт болон иргэдийн бодит дуу хоолойд тулгуурлаж эцсийн шийдвэрийг гаргана гэдгээ мэдэгдлээ.