УИХ-ын даргын квотоор Цэцийн гишүүн болсон Д.Одбаярыг огцруулах болов уу

УИХ-ын даргын квотоор Цэцийн гишүүн болсон Д.Одбаярыг огцруулах болов уу

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөгөнд хүрсэн, түүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, БНСУ-д манай улсын нэр хүнд төдийгүй тус улсад амьдарч байгаа монгол иргэдийг нүүр хийхгүй газар болгож байна. 

Учир нь БНСУ-ын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “манай улсын эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн”, “Түүнийг сулласан ч тэрээр дипломат дархан эрхтэй байгаагүй” зэрэг мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байна. 

Мөн тус улсын MBC телевизийн мэдээгээр “00-ын хажууд зогсож байхдаа хажуугаар нь гарсан 20 гаруй насны үйлчлэгчийн өгзөгт хүрч халдсан. Мөн дипломат эрхтэй гэж цагдаад худал хэлсэн” тухай мэдээлжээ. Учир нь БНСУ-ын хуулиар эмэгтэй хүний биед хүрсэн бол хүчингийн хэргийн төвшинд асуудлыг авч хэлэлцдэг хуультай ажээ. 

-Д.ОДБАЯРЫГ УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД САНАЛ БОЛГОЖ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЖ БАЙЖЭЭ-

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилоход Ерөнхийлөгчийн, УИХ-ын даргын, Ерөнхий сайдын гэсэн квот байдаг.

Харин Д.Одбаяр 2016 онд тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдын квотоор цэцийн гишүүнээр томилж байжээ.  

Учир Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11 дүгээр сард дуусгавар болж, түүний оронд Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны 11 дүгээр сарын 17 ны өдөр санал оруулж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж байжээ.  Харин 2017 оны зургадугаар сарын 16 ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, олонхийн саналаар Цэцийн даргаар Д.Одбаяр сонгогдож байжээ.  

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр гэнэт гарч ирээд Д.Одбаярыг өмөөрөх хандлагатай мэдээлэл хийсэн нь аргагүй юм. Учир нь Д.Одбаяр УИХ-ын даргын квотоор Үндсэн хуулийн гишүүн болж, дарга болтолоо дэвшсэн нэгэн. 

- М.ЭНХБОЛДЫН КВОТООР ЦЭЦИЙН ГИШҮҮН БОЛСОН Д.ОДБАЯРЫГ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ОГЦРУУЛАХ БОЛОВ УУ-

Харин өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, мөн Үндсэн хуулийн цэцээс мэдээлэл хийж, Цэцийн дарга Д.Одбаяр тус хэргийг үйлдээгүй, харин “нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна” гэж хоёулаа нэг агуулгатай тайлбар хийсэн. Харин олон нийтийн дунд БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм асуудлыг худал мэдээлэхгүй гэсэн шүүмжилж байна. 

Харин иргэд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг огцруулахыг шаардаж байна. Иймд түүнийг санал болгосон, түүний квотын эзэн УИХ-ын даргын шийдэх асуудал болоод байна. 

-Д.ОДБАЯР ГЭЖ ХЭН БЭ-

Д.Одбаяр нь 1967 онд Дорнод аймагт төрсөн, 52 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1987-1992 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч, МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн, Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга, 1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, 1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байжээ. 

Улмаар 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байж. Харин 2013 оноос “Альтернатив энерги” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон байна. 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө