Ш.Гантулга: Б.Баярмагнай хүмүүсийг тараасан. Энэ нь бидний сэтгэлд таалагдаагүй

Ш.Гантулга: Б.Баярмагнай хүмүүсийг тараасан. Энэ нь бидний сэтгэлд таалагдаагүй

-Б.БАЯРМАГНАЙ ОДОО “НАДАД ХАМААГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ-

Монголын үндэсний фронтын тэргүүн, тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.

-Энэ сарын 8-ны өдөр Монголын үндэсний фронтынхон УИХ-ыг тарахыг шаардаж Сүхбаатарын талбайд жагссан. Уг жагсаалыг үр дүнгээ өгсөн гэж Б.Баярмагнай генерал мэдэгдсэн. Гэтэл та болон бусад нөхөд тань үр дүнгээ өгөөгүй байхад жагсаалыг тараалаа гэсэн. Үүнээс болж та нар хоорондоо маргалдаж байсан. Та бүхэн шаардлагаа өгөөд хариугаа авсан мөртлөө яагаад үр дүнгээ өгөөгүй гэж дүгнэсэн юм?

-Бид арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хүмүүсийг тэмцэлд дуудсан. Дуудахдаа УИХ-ыг тараах шаардлагыг тавина гэж мэдэгдсэн. Тэр өдөр ард түмэн хүрэлцэн ирсэн ч манай Б.Баярмагнай генерал тараагаад явуулсан. Учир нь зөвшөөрөлгүй гээд жагсаал хийлгэлгүй тараасан. Гэтэл бид аль аравдугаар сарын 31-ны өдөр жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэж бичиг өгсөн байсан. Энэ бүхэн манай жагсаалыг хийлгэхгүй гэсэн санаа юм. Биднийг жагсах үеэр Сүхбаатарын талбайг төмөр хашаагаар битүү хамгаалсан байсан.

-Гэхдээ арваннэгдүгээр сарын 8-нд жагссан биз дээ?

-Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр ирсэн шиг их хүн ирэхгүй шүү дээ. Үүнээс үзвэл эсэргүүцлийн жагсаалын хүчийг сарниулах гэсэн нь тодорхой. Энэ сарын 7-нд жагсаал хийх боломжтой байсан. Гэтэл Б.Баярмагнай хүмүүсийг тараасан. Энэ нь бидний сэтгэлд таалагдаагүй. Нэгэнт тэмцэх гэж буй бол ард түмнийг илүү олноор цуглахыг хүлээх байсан. Иргэдтэй уулзах байсан. Энэ сарын 8-ны өдөр болсон жагсаал дан ганц удирдлагын урагшгүй ажиллагаанаас болоод хэтэрхий сунжирч, иргэдийн хүсэн хүлээсэн хүлээлтэд хүрээгүй.

-Шаардлагаа өгөөд хариугаа авсан гэж ойлгосон?

-Төрийн ордонд 100 гаруй хүн орж УИХ-ын танхимд, УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрт нь гардуулах байсан.

-Заавал 100 хүн оруулах нь ямар учиртай юм. Шаардлагаа өгөх нь л чухал юм биш үү?

-Бид ард түмний элч төлөөлөгч учраас УИХ-ын танхимд орох эрхтэй. Г.Занданшатар язгууртан ноёнтон биш. Бид түүний зарц  боол биш. Засгийн газрын ордон феодлын шигтгээн, цайз биш. Засгийн газрын ордон бол олон нийтийн барилга байгууламж. Татвар төлөгчид чөлөөтэй орох ёстой  газар юм. Сүхбаатарын талбай ч адил. Бидний үйлдэлд ямар ч буруу зүйл байгаагүй. Бид Засгийн эрхийг ард түмэнд өгөх зорилготой. Тэгэхийн тулд муу, муухай булай бүхний үүр уурхай болоод байгаа газрыг тараахыг шаардаж жагссан.

-Бид хуультай улсад амьдардаг. Түүнтэй адил Төрийн ордонд ч хууль дүрэм мөрдөгддөг. Заавал УИХ-ын танхимд орж шаардлагаа өгнө гэснийг тань сайн ойлгохгүй байна. Төрийн ордонд нь ороод шаардлагаа өгөх ёстой хүнд нь л өгчихвөл болох бус уу?

-Төрийн ордны дүрэм, журам Монгол улсын Үндсэн хуульд харшилж байгаа юм. Төрийн ордон дахь иргэдийг хүлээж авах байр нь ч Үндсэн хуультай харшилж байгаа. УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгосон. Тэгэхээр сонгогчид томилсон шигээ буцаагаад татаж болно. Сонгогчид ба сонгогдсон хоёр хүний хооронд цагдаа нар орсон. Төрийн ордны дүрэм журам хууль бус. Ардчилсан улсад байж боломгүй ёс дүрэм. Бид УИХ-ын танхимд шаардлагаа өгөх ёстой. Гэтэл Б.Баярмагнай генерал иргэдийг хүлээж авах өрөөнд нь сууж байгаад Г.Занданшатарт өөрт нь биш хуульчид нь өгсөн гэж ойлгомжгүй юм ярьсан. Дараа нь хүмүүсийг хоёр цаг хий дэмий хүлээсэн. Энэ хооронд жагсагчдын эрч суларсан.

-УИХ ямар тохиолдолд тарах вэ гэдгийг хуульд тодорхой заагаад өгсөн. Та бүхнийг Сүхбаатарын талбайд жагсаж, эмх замбараагүй байдал бий болгосноор тарж болохгүй?

-Монгол улс хуульгүй болсон. Хулгайч дээрэмчид хуулийг гаргаж болохгүй. Зөвхөн шударга хүмүүс хууль гаргах ёстой.

-УИХ-ыг тараалаа гэхэд дараагийн засаг төрийг яаж эмхлэх юм. Та бүхэнд төлөвлөгөө байгаа юм уу?

-Засаг төрөө эмхлэх нь тун амархан. Сум, хороонд амьдарч байгаа хүмүүсийг засаг төрд оруулна. Жийп машингүй, автобусанд суудаг амьдрал сайн мэддэг хүмүүсийг сонгоно. Муусайн хулгайч нарыг хөөх хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Монголын сонгогчид хамгийн муу, өөдгүй хүмүүсээс сонголтоо хийдэг. Төр засагт шинэчлэл хэрэгтэй гэж хүмүүс амаа цуцтал ярьсан. Энэ талаар мянга ярьсан ч энэ бол агаарыг доргиулсан савангийн хөөс л болсон. Хэн нэгэн хүн жинхэнэ гараа хөдөлгөж гэмт этгээдийг чихдэж гаргаж ирээд ард түмний шүүхээр оруулан яллаж, хөрөнгийг нь хурааж авахгүйгээр ямар нэгэн үр дүнд хүрэхгүй.

-Б.Баярмагнай генерал өнөөдөр мэдэгдэл гаргасныг та харав уу. Тэрбээр “Нөхөд маань намайг хүчирхийлэл үйлдэхийг шаардсан. Биднээс болж энгийн иргэд хохирох ёсгүй” гэж хэлсэн байна.  Та бүхэн хүчирхийлэл үйлдэхийг тэр хүнээс шаардсан юм биш үү?

-Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр удирдах зөвлөл хуралдаж жагсаалын үеэр юу хийх, яахаа төлөвлөсөн. Хошууч, генерал Б.Баярмагнай өөрөө энэ бүхнийг төлөвлөсөн. Өөрөө төлөвлөчихөөд дараа нь “Надад хамаагүй” гэж хэлж болохгүй. Дарга нь юм бол бүх хариуцлагыг хүлээх ёстой. Бид хариуцлага хүлээж болох ч Б.Баярмагнай арав дахин илүүг хүлээх ёстой. Ийм мэдэгдэл хийсэн нь гайхалтай.

-ХҮЧИРХИЙЛЛИЙН БУС АРГААР ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ-

-Төлөөлөл болгоод хоёр хүнийг нь алах байсан гэж та хэлсэн. Энэ бол дэндүү анархизм рүү бусдыг уриалж буй үйлдэл. Энэ бол бусдыг хүчирхийлэл үйлдэхийг уриалсан гэмт хэрэг биш гэж үү?

-Аливаа ардчилсан улс орнод хэвийн, ердийн мэт байдаг зүйлийг монголчууд эрх баригчдаас шаардаж байна. Ингээд ирэхээр эрх баригчдыг хамгаалж буй тойрон хүрээлэгчид, сайн дурын боол зарц нарт аймшигтай үг шиг сонсогдоод байгаа нь мэдээж. Эрх чөлөөтэй нийгэмд амьдрахыг хүсч байвал яг ийм шаардлагыг тавих ёстой. Бид аймшигтай хүчирхийллийг шаардаагүй. Бид УИХ-ыг тараахыг л шаардсан юм. УИХ-ыг тараах нь үхснийхээ дараа тамд унахаар аймшигтай нүгэл биш.

-УИХ-ыг тарахыг шаардаж болно. Гэхдээ нийгмийг хүчирхийлэл рүү уриалж болохгүй шүү дээ. Үр дагавар нь юу болж дуусах юм. Энэ улсад үймээн самуун дэгдэж олон хүний амь нас эндсэн асуудал гарвал яах юм. Тийм замбараагүй байдлыг бий болгохыг хүсч байна гэж үү?

элбэр нь ч зөв, агуулга нь ч зөв. Үүнээс өөр ямар ч арга байхгүй. Эд нартай ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээд нэмэргүй. Хүчирхийллийн арга хэлбэрийг хэрэглэн тэмцэхээс өөр аргагүй. Тэр тэмцэлд ялагдвал тэр л биз дээ. Хүчирхийллийн бус аргаар үр дүнд хүрч болно гэж яриад байгаа нь хоосон төөрөгдөл. Энэ үгийг хэлж байгаа нь асуудлаас зугатаж өөрийгөө хуурч буй хүн юм. Ард түмнийг бодит тэмцлээс хойш татаж байна. Мөн бусдыг хуурч байна. Монгол улсад жинхэнэ хувьсгал өөрчлөлт хэрэгтэй. Хувьсгалыг  хуулийн дагуу бус ард түмний чин сэтгэлээс хидэг.  Дэмий ярих биш гараа хөдөлгө гэсэн утгатай үг. Хувьсгал бол хүмүүсийн аз жаргалын төлөө муу, муухай бүхэнтэй тэмцэнэ гэсэн үг. Хувьсгал өөрөө хүчирхийлэл. Улс гэрийг төвхнүүлэхэд урсахгүй цус, үхэхгүй амь гэж үгүй гэж Сүхбаатар жанжин хэлсэн.

-Гэхдээ энэ бол 21 зуун, ухамсарт нийгэм. Та цус урсгана гэж ярих юм.  Залуу хүмүүст ийм үлгэрлэл үзүүлэхээсээ санаа зовохгүй байна уу?

-Хөөе, хөөе хүн амь үрэгдчихэж мэднэ гээд хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй хэтэрхий сайхан сэтгэлтэй хүмүүс дэндүү их дэмий чалчаад байгаа учраас хүмүүсийн аз жаргалаа эдлэх хугацааг улам холдуулж байна. Сайхан сэтгэлтэй хүмүүст итгэсний хэрэггүй гэж хэлмээр байна.




Д.Нямхүү: 13 хүнээс коронавирус илэрлээ

24 минутын өмнө

Шуурхай мэдээ
ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

1 хоногийн өмнө

Шуурхай мэдээ