Өндөр насны тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад нэг удаа буцалтгүй тусламж олгоно

Өндөр насны тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад нэг удаа буцалтгүй тусламж олгоно

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахдаа үндсэн цалингийнхаа 36 сарын цалинтай тэнцэхүйц буцалтгүй тусламжийг нэг удаа авна. Үүнийг Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр баталсан 07 дугаар тогтоол буюу “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг үндэслэн олгох юм.

Тус журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрийн үйлчилгээний бүх албан хаагч буюу эмч, багш нарт ч олгоно. Журам  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Мөн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно. Үүнд 6-10 жилд 5 хувь, 11-15 жилд 10 хувь, 16-20 жилд 15 хувь, 21-25 жилд 20 хувь, 26 ба түүнээс дээш 25 хувийн нэмэгдэл олгоно. Уг журам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ажээ.