Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тогтоолыг батлав

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тогтоолыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. 

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас санаачлан өргөн мэдүүлсэн юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олгосон Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг олонд таниулах, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах шаардлагатай хэмээн төслийн үзэл баримтлалд дурджээ. Тиймээс энэ онд тохиож буй Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганд танилцуулав. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж тодруулсны дараа санал хураав. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолыг батлахыг дэмжлээ.

Тогтоол нь гурван зүйл, хоёр хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаас гадна баталсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.