Монголчуудын бүтээсэн анхны автомашин МОЗО-г ирэх сарын 2-ны өдөр олон нийтэд танилцуулна

Монголчуудын бүтээсэн анхны автомашин МОЗО-г ирэх сарын 2-ны өдөр олон нийтэд танилцуулна

Монголчууд автомашин үйлдвэрлэлийн зах зээлд хөл тавьсан тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тодруулбал, “Барс  моторс” компани өөрсдийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Ханжоу хотод автомашин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулж тэндээ анхны машинаа үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Уг автомашин нь Монгол зон олон буюу “МОЗО” нэртэйгээр  тун удахгүй худалдаанд гарч, монголчуудын хэрэглээ болно.

МОЗО машин Монголд иржээ

-МАШИНЫГ МОНГОЛД ТЕСТЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА-

Хамгийн сүүлийн  мэдээллээр машинуудыг Монголд авчирсан бөгөөд ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр үзэсгэлэн маягаар олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байна. Компанийн зүгээс тус өдөр нээлттэй өдөрлөг зарлаж өөрсдийн хийсэн машиныг олон нийтэд танилцуулахаас гадна захиалга авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

МОЗО нь манай орны эрс тэс уур амьсгал, монголчуудын хэрэглээнд бүрэн зохицох  эсэх чанар, өнгө үзэмж, шатахуун зарцуулалт, эд ангийн чанар зэргийг шалгах тестүүд яг одоогоор манай улсад хийгдэж байгаа юм байна.

Хэрвээ тест амжилттай болбол машин худалдаанд гарч эхлэх юм. Анхны автомашин нь дунд оврын жийп байх бөгөөд үнэ ханшийн хувьд монголчуудын ахуй нөхцөл, санхүүгийн боломжинд тулгуурлан худалдаанд гарна гэж “Барс моторс” компанийнхан ярьсан юм.

Монголчууд автомашин худалдаж авах зардалд нэг жилд 500-800 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тоон мэдээлэл байна. Тус мөнгийг ихэвчлэн Япон, Солонгос, АНУ-д өгдөг байна. Зөвхөн автомашины зардалд зарцуулагдан гарч буй дээрх мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх нь хамгийн чухал болоод байгаа билээ.

“Барс моторс” ХХК нь тус хамтарсан үйлдвэртээ жилдээ 25 мянган ширхэг автомашиныг үйлдвэрлэх боломжтой юм байна. Ирэх жилээс 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашиныг үйлдвэрлэх аж.

Цаашлаад “Барс Моторс” нь машины үйлдвэрээ Монголд нээх талаар судалгааны ажил хийж байгаа юм.

Тус компанийн захирал Д.Дэмбэрэл “Үйлдвэр байгуулахад маш сайн механик инженерүүд буюу боловсон хүчин, багаж, машин эд анги, технологи нэн чухал хэрэгтэй. БНХАУ-д дэлхийн технологи цугласан байна. Тиймээс бид эндээс инноваци авах ёстой. Ингэснээр хамгийн багадаа 200 сая ам.долларыг монголдоо үлдээнэ” гэсэн тайлбарыг өгч байгаа  юм.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө