ЗАМ ХААСАН: Хулгайн замаар зорчиж, тусламж дуудсан иргэн аврах ажлын зардлаа өөрөө төлнө

ЗАМ ХААСАН: Хулгайн замаар зорчиж, тусламж дуудсан иргэн аврах ажлын зардлаа өөрөө төлнө

Улсын онцгой комиссоос коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23 /өнөөдөр/-ны өглөөний 08:00 цагаас хоёрдугаар сарын 27 /ирэх долоо хоногийн пүрэв гараг/-ны өдрийн 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан билээ.

Үүний дагуу Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Дотоод Хяналтын Хэлтэс, Тээврийн цагдаагийн алба,  Нийслэлийн зам засвар арчлалтын газар хамтран Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг хааж Баянзүрхийн товчоо, Өлзийт хорооллын пост, Баруун турууны пост, 61-ийн гарам, Эмээлтийн пост зэрэг газруудын авто замуудад “зам хаасан” гэх тэмдэг болоод авто замын хаалтуудыг байршуулж, авто замуудыг хаагаад байна. 

Тодруулбал, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа учир хулгайн замаар хотоос гарч, цасанд сууж өөрийгөө болон хамт яваа иргэдийн амь насанд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна. Мөн хулгайн замаар Улаанбаатар хотоос гарч, цасанд суух зэрэг эрсдэлд орсон иргэдийг Улсын Онцгой байдлын албан хаагчид очиж ажиллах хэдий ч, тухайн аврах ажиллагаанд гарсан зардлыг тухайн иргэнээр өөрөөр нь төлүүлнэ гэсэн албан бус мэдээлэл байна.