XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Өдрийн сонин”-д нийтэлжээ.

ТӨМӨР ХУЛГАНА ЖИЛИЙН ШИНЖ

Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой нь цагаан, бие, омруу, өвчүү, туурай, цулбуур хөх, эвэр, чих, сүүл улаан, дөрвөн шийр, ходоод ногт шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байна. Үхэр хариулаач нь царай нь шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл ногоон, бүс цагаан, гэзэг үсээ баруун чихний ар, зүүн чихний урдуур сүлжиж унжуулсан, хөх гутал өмссөн, мяндсаар томсон, бургасан улаан шилбүүр барьж, хүч чадал их, хүүхэд үхрийн өмнө яаравчлан гүйж явна гэж дүрсэлжээ.

Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Нялхаст сайн, өвгөдөд дунд, залууст муу ажээ. Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн. Хаваржилт хүндрэх, ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна. Номын явдлаар явагч хүмүүн нугууд ард иргэдэд хүндлэгдэнэ. Жилийн эхэн, улирлууд эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө. Зургаа, долдугаар сард хур тунадас жилийн дунджаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой. Өвөлжилт хүндрэх болой (цас бага унах). Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, ногооны ургац арвин гарна. Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд сард халуун, хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадтай. Малд сайн, хүнд муу байх ажээ.

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ГАРГАХ ТУХАЙД

Энэ жилийн шинийн нэгэн нь улаагчин тахиа өдөр, даваа гаригт тохиож байна. Нар өглөө 7 цаг 44 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гаргаарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.

“ТАВАН ӨНГИЙН ХАДАГ”- НЫ МӨН ЧАНАР

Эдийн дээд хадаг гэдэг. “Таван өнгийн хадаг”-ийг хадгалж, буянаа тогтоож, баян чинээлэг, гай гарзгүй, энх төвшин явахыг бэлгэддэг.

Цэнхэр хадаг: Мөнх тэнгэрийн өнгө. Амар тайвны бэлгэдэл, ерөнхийдөө хүндэтгэлийн бэлгэдэл болдог.

Улаан хадаг: Гал голомт бадран дээшлэхийг бэлгэддэг. Улаан хадгийг бурхан шашны таван махбодыг бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй.

Цагаан хадаг: Эхийн сүүний өнгөтэй учир сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буянтай, сэвгүй сэтгэлийн бэлгэдэл. Цагаан өнгийн хадгийг хамгийн сайн сайхан, маш том хүндэтгэлийн бэлгэдэл хэмээн үздэг. Энэ өнгийн хадгийг бурхандаа болон маш хүндтэй, хамгийн ахмад хүндээ барьдаг.

Шар хадаг: Аливаа муу бүхнийг зайлуулж бурхан шашнаа дээдлэхийн бэлгэдэл. Шар өнгийн хадгийг багшдаа барьдаг. Өөр хүнд барьдаггүй.

Ногоон хадаг: Дэлгэрэн арвижихын бэлгэдэл болдог. Ногоон хадгийг бурхан шашны таван махбодыг бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй. Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр болон ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө.

ГАЛ СУУДАЛ

Зүүн урд зүг рүү гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж, шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана. Галд сууваас толгой, цээжин биеийн өвчинд өртөхөөс сэрэмжил. Энэ жилдээ улаан өнгийн эд хувцас хунар бүү ав. Өвс шарлах үеэр болгоомжил.

ШОРОО СУУДАЛ

Баруун зүгт гарч, баруун урд зүгээс ирнэ. “Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж шороо чулуу хөдөлгөн, модны үртэс эсвэл цаас хийсгэнэ. Шороонд сууваас халдварт өвчнөөс сэргийл. Энэ жилдээ үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга үл авах, газар ухах, мод тастах, чулуу ховхлохыг цээрлэ. Лусын хорлолд өртөхөөс болгоомжил.

ТӨМӨР СУУДАЛ

Баруун урд зүг рүү гарч, баруун зүгээс ирнэ. “Ум раднаа дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж төмрийн зүйлийг хөдөлгөх буюу хая. Төмөрт сууваас уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Элдэв хүнээс эд бараа бүү ав. Төмөр эдлэл, хутга, мэсний зүйл бүү ав. Гол ус зайрмагтаж, хөлдөх үед болгоомжил.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүг рүү гарч, баруун хойд зүгээс ирнэ. “Ум базар пагма дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж модны үртэс хая. Огторгуйд сууваас нойргүйдэх, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэ. Уул хаданд авирахаас болгоомжил. Амьтны амь бүү тасал.

УС СУУДАЛ

Зүүн зүг рүү гарч, нар зөв тойрон хойд зүгээс ирнэ. “Ум гармаа дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж ус асгаад дээгүүр нь алх. Усанд сууваас бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Хур бороо орох үед анхаар.

УУЛ СУУДАЛ

Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойд зүгээс ирнэ. “Ум будда дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж чулуу, шороо хөдөлгө. Ууланд сууваас үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл. Энэ жилдээ газар хөндөх, өндөрт гарах, ан ав хийх, нойтон мод таслахыг цээрлэ. Өвс хатаж, газар хөдлөх үед болгоомжил.

МОД СУУДАЛ

Зүүн урд зүг рүү гарч, нар зөв тойрон зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж мод хугалж хая. Модонд сууваас элэг, цөсний өвчин, яр гарах, хөл өвдөхөөс сэргийл. Энэ жилдээ хөх өнгийн зүйл бүү ав. Хэл амнаас болгоомжил. Нойтон мод огтлохыг цээрлэ. Мод гөлөглөх үед анхаарууштай.

ХИЙ СУУДАЛ

Урд зүг рүү гарч, нар зөв тойроод зүүн урд зүгээс ирнэ. “Ум базар падма дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж, цаас хийсгэ. Хийд сууваас хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Энэ жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав. Хэрүүл маргааныг тэвч. Хавар, намрын цагаар анхаарууштай.




Хөл хориог дахин 15 хоногоор сунгалаа

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ