ЭЕШ-ыг зургадугаар сарын 8-11-ны хооронд авна

ЭЕШ-ыг зургадугаар сарын 8-11-ны хооронд авна

"Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт хойшилно” гэдэг дам яриа гарч, олон нийтэд эргэлзээ үүссэн байна. 

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан мэргэжилтэн М.Болдсайхан мэдээлэл өгчээ. 

Тэрбээр "Энэ жил XII анги төгсөх 28600 гаруй сурагч байгаа. Үүн дээр нэмэгдээд тодорхой шалтгааны улмаас өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй хүмүүс бий. Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 32 мянган хүүхэд бүртгүүлнэ гэсэн тооцоо гаргасан. Онлайн бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор төгсөгчид бүртгүүлэх боломж, бололцоо хязгаарлагдамал байгаа. Тухайлбал, хөдөө орон нутгийн болон захын хорооллын хүүхдүүд гэртээ интернэтгүй, үйлчилгээний газрууд ажиллахгүй байгаа болохоор бүртгэлээсээ хоцорч байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэгчдийн тоо өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар бүртгүүлэх ёстой нийт сурагчдын 25 хувь нь бүртгэлд хамрагдсан. Хөл хорио тавигдаж эхэлсэн болохоор ямартай ч сар орчмын хугацаанд  үлдсэн хүүхдүүд маань бүртгүүлж амжина. 

Хэрэв цаг наашилж, хөл хорио сунгагдахгүй байвал бид бямба гарагт нэмэлт хичээл орох замаар агуулгын хоцрогдолыг нөхнө. Энэ бүх хоцрогдолыг нөхөж дууссаны дараа буюу зургадугаар сарын 8-11-ний хооронд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна" гэжээ.