Ч.Улаан: Ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй

Ч.Улаан: Ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй

-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД  300 ТЭРБУМЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО-

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолийг батлав.  Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жил манай улс 70.9 сая мал тоолуулсан. Сүргийн бүтцээс нь харвал 10.2 мянган тонн ноолуур бэлдэх боломжтой байна. Коронавирусийн тархалт дэлхий дахинд дэгдсэнтэй холбоотойгоор ноолуурын салбарын идэвхжил бүхэлдээ саарч байна. Уг сааралт цаашид ч үргэлжлэх эрсдэлтэй байна. Тиймээс ноолуурын салбарыг тогтвортой ажиллуулахын тулд цогц арга хэмжээ авах тогтоолыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас баталж гаргалаа.

Энэ бол үйлдвэрлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид болон малчдын хамтын хүчин чармайлтаар хэрэгжих арга хэмжээ. Энэ сарын сүүлээр аймгууд маань эхнээсээ ноолуураа самнана. Харин ноолуурыг дотоодын үйлдвэрлэгчид худалдан авна. Ингээд ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгох юм. Бид дотоодынхоо нөөц бололцоог ашиглана. 

Тодруулбал, ноолуур бэлтгэх ажилд зориулж Хөгжлийн банкнаас үндэсний үйлдвэрүүдэд дэмжлэг болгож 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Нэмэлт эх үүсвэр болгон 200 тэрбум төгрөгийг шийдвэрлэнэ.

Ингэснээр нийт ноолуурын 50 хувийг дотооддоо эцсийн бүтээгдэхүүн болгох боломжтой болж байна. Үйлдвэрүүдэд 3-5 хувийн хүүтэйгээр олгоно. Угтаа бол Хөгжлийн 10 хувийн хүүтэй зээл олгодог. Гэхдээ дунд нь гарч буй таван хувийн зээлийн зөрүүг төрөөс төлнө. Зээлийн хүүгийн зөрүүнд төрөөс 30 тэрбумыг зарцуулна.

-ТӨР ЗАСГААС ЗАРЛАСАН ҮЙЛДВЭРҮҮДЭД НООЛУУРАА 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТУШААНА. МӨН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАЛТААС УРАМШУУЛАЛ АВАХ БОЛОЛЦОО БАЙНА-

Бид хуваарийн дагуу үйлдвэрүүдэд зээлээ олгоно. Үйлдвэрүүдтэй бодлогын гэрээ байгуулна.

Төрөөс ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийг зарлана. Энэ үйлдвэрүүд төрийн дэмжлэг авна, мөн малчдад урамшуулал олгоно.

Ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс доош буулгахгүй байх зорилттой байна. Тиймээс малчид ноолуураа яарч зарах шаардлагагүй. Самнаад, анхан шатны тордолт хийж, чанарыг нь дээшлүүлэх хэрэгтэй байна. Төр засгаас зарласан үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа борлуулах шаардлагатай байна.

Дотоодын үйлдвэрүүд малчдаас ноолуураа 100 мянган төгрөгөөр авсны дараа эцсийн бүтээгдэхүүн болгоно. Эцсийн бүтээгдэхүүн болгосны дараа борлуулж олсон орлогоосоо малчдад урамшуулал олгох ажлыг мөн зохион байгуулж байна. Манай улсад 10 мянган тонн ноолуурыг угааж боловсруулах бүрэн боломж бий.

Ноолуурын үнэ 100 мянгаас буулгахгүй байхад малчид л анхаарах ёстой. Ноолуурын үнэ унана гэсэн худал ярианд итгэж ноолуураа яарч тушаахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.




Улаанбаатарт 23 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө