Дарханд амиа алдсан охидын ээж Н.Алтанзул: Бурхан буруу хүүхдүүдээ аваад явсан. Буцааж өгнө гэдэгт би итгэдэг

2020-12-12 13:07

Дархан-Уул аймагт тогонд цохиулсны улмаас эндсэн гурван охины ээж ХҮҮТЭЙ болсноо зарлав

2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин гэртээ тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед нийгэм даяараа гашуудан эмгэнэж байсан билээ. Охидын гэрт ус алдаж улмаар цахилгааны утаснаас тог цохьсоноос болж охид амиа алдсан гэх дүгнэлт гарсан.

Хэрэг гардаг өдөр хөл, хориотой үе таарч  байсан бөгөөд сургууль, цэцэрлэгүүд амарсан байв. Гэтэл охидын ээжийн ажилладаг цэцэрлэгийнх нь эрхлэгч дуудаж ойн баярт бэлдүүлж ажиллуулах үеэр уг золгүй үйл явдал болсон юм. 

Тэгвэл талийгаач охидын ээж хүү төрүүлсэн баярт мэдээгээ хуваалцжээ. 

Тэрээр "Би ээж боллоо" группт "Хүсэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Үргэлж урмын үгээр тэтгэж байсан хөөрхөн ээжүүддээ баярлалаа. Дахин ийм хөөрхөн үртэй болж сэтгэлээ дэвтээх шиг сайхан зүйл энэ хорвоо дээр алга. Дахиж ээж нь хажуунаас нь холдохгүй ээ. Чи минь олон хүмүүсийн хайранд ивээгдэж ирсэн шүү үр минь. Гурван охины минь нэгэн ч гэсэн эргэж ирсэнд маш их баярлаж, догдолж хайранд умбах сайхан байна. Та бүхэндээ эрүүл, энх аз жаргалыг хүсье. Энэ хугацаанд маш их тэвчсэн тэвчээрийг минь бурхан шагнасан болов уу. Эсвэл үрс минь ээждээ эргэж ирэхийг бодсон болов уу" гэжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ДООРХ ХОЛБООСООР ҮЗНЭ ҮҮ!

2020-03-30 11:13

Дарханд амиа алдсан охидын ээж Н.Алтанзул: Бурхан буруу хүүхдүүдээ аваад явсан. Буцааж өгнө гэдэгт би итгэдэг

Дархан-Уул аймагт энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр 1-5 насны эгч дүү гурван охин гэртээ цаг бусаар амиа алдсан харамсалтай хэрэг гаргасан. Учир нь коронавирусийн халдвараас сэргийлж орон даяар төрийн байгууллагууд ажиллахыг хориглоод байсан үед Дархан-Уул аймгийн тавдугаар цэцэрлэг ойн баяраа тэмдэглэх нэрийдлээр ажилчдаа цуглуулан ажилласан байдаг. 

Талийгаач охидын ээж Н.Алтанзул тус цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг байсан бөгөөд тэр өдөр охидоо гэртээ цоожлон ажилдаа явжээ. 

Харамсалтай нь ажлаа дуусгаад гэртээ ирэхэд нь охид нь цахилгаанд цохиулсан байдалтай амиа алдсан байсныг Цагдаа, Онцгой байдлын албанаас мэдээлж байсан юм.  Тэгвэл “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт талийгаач охидын ээж Н.Алтанзул сэтгэл шимшрэм ярилцлагыг өгчээ. Тэрээр “Би хэзээ ч өнгөрсөн цагаас хойш нэг ч удаа бүтэн нойртой хонож үзээгүй. Тэр өдрийг хүртэл надад хэн нэгэн сануулахгүй яав даа гэж хамгийн их бодож, одоо байсан бол ингээд тоглож байх байсан. Ингээд инээгээд гүйх байсан даа гээд л маш их үгүйлэгдэж байна. 

Үнэхээр би тэр хар өдрийг хүртэл хагацал зовлон гэж ямар байдгийг мэдсэнгүй явж. Анх удаа ийм айхавтар зүйлийг үзлээ. 

Манайх Дарханд өнгөрсөн есдүгээр сараас эхэлж амьдарсан. Манай хүн уурхайд ажилладаг. Би цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэр өдрийн аймшигт үйл явдлыг нөхөр бид хоёр л мэднэ. Хамгийн түрүүнд гэртээ очсон хүн нь би болохоор тэр аймшигтай байдлыг дурсмааргүй байна. Хүүхдүүдийн маань шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Гэхдээ би мэдэхийг хүсэхгүй байна. Би сонсоод юуг өөрчлөх билээ, бас л шанална. Би одоо хүртэл өөрийгөө буруутгадаг. Бага охин маань сүүлийн удаа хөхөө хөхөөд явсан гэж бодохоор миний дотор бачимддаг. Бурхан буруу хүүхдүүдээ аваад явсан. Андуурсан зүйлээ заавал буцаах болно гэдэгт би итгэдэг. Дахиж ийм муухай зүйлийг битгий өөр эцэг эхчүүд амсаасай гэж хүсэж байна” гэж ярилцлага өгчээ. 

2020-02-11 14:56

Дархан-Уул аймгийн V цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлжээ

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гараг /2020.02.05/-т Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Учир нь нас барсан хүүхдүүдийн ээж нь Дархан-Уул аймгийн V цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Ингээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон байхад тус цэцэрлэгийн эрхлэгч нь 50 жилийн ойн арга хэмжээндээ бэлдэхээр багш ажилчдаа цуглуулах үеэр дээрх харамсалтай хэрэг гарсан байдаг.

Иймд Дархан-Уул аймгийн V цэцэрлэгийн эрхлэгч Д-г ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар тус аймгийн News.mn сайт Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэрээс лавлахад “Аймгийн Засаг даргын шийдвэрээр V цэцэрлэгийн эрхлэгч Д-г өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн” гэжээ.