Төрийн албан хаагч ЕБС-ийн 20 орчим сурагчид тэмбүү өвчин тараасан уу

Төрийн албан хаагч ЕБС-ийн 20 орчим сурагчид тэмбүү өвчин тараасан уу

Сургуулийн сурагчдаас тэмбүү өвчний тохиолдол илэрсэн талаар өмнө нь ХӨСҮТ мэдээлж байв. Сүүлийн үед энэ өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж байгаа бөгөөд бүртгэлтэй байгаа 400-500 хүний 94 хувь нь 15-45 насныхан эзэлж байгаа тухай судалгаа байдаг. Өчигдөрхөн ЭМЯ-ны сайд нь тэмбүү өвчинтэй дайн зарлаж байгаагаа мэдэгдэж, улс орон даяар Улаантарианы хоёрдугаар аян эхлүүлснээ зарласан.

Тэгвэл сайд нь мэдээлэл хийгээд удаагүй байхад төрийн албан хаагч ЕБС-ийн сурагчдад тэмбүү өвчин халдаасан тухай харамсалтай мэдээлэл бидэнд нэгэн иргэнээс ирсэн юм. Тодруулбал, Д аймаг /Сүрьеэ өвчин ЕБС-ийн сурагчдын дунд дэгдээд буйг анх мэдээлсэн иргэнийг тус сургууль шүүхэд хандаж, зөрчлийн хуулиар 4 сая төгрөгөөр торгуулсан тохиолдол гарсан тул бид энэ удаа аймгийн нэр болоод сумын нэрийг нууцлав/-ийн нэр бүхий нэгэн сумын төрийн албан хаагч 20 орчим сурагчдад тэмбүү өвчин халдаасан гэх мэдээлэл байна.

Энэ дагуу бид холбогдох байгууллагуудаас тодруулж үзлээ. ЭМЯ-наас өчигдөр тодруулахад “Манайд тийм мэдээлэл ирээгүй байна. Энэ тухай мэдээлэл ХӨСҮТ-д ирдэг учир тэндээс асуу” гэлээ. Үүний дагуу ХӨСҮТ-өөс тодруулахад “Ажил 15:30 цагаас тарсан учир өглөө тодруул” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

Мөн тус төвийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчнийг хөнгөвчлөх, эмчилгээний тасагтай холбогдоход “Хэрэв тэмбүүгийн тохиолдол шинжилгээгээр илэрсэн бол манайд мэдээлэл ирүүлж бүртгэгдэх ёстой.  Одоогоор манайд ийм мэдээлэл ирээгүй байна” гэлээ.

Ингээд бид тухайн сумын засаг дарга М-тай холбогдож “Танай суманд төрийн албан хаагч сургуулийн 20 гаруй сурагчид тэмбүү тараасан тухай мэдээлэл байна. Эл асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа” талаар тодруулахад “Надад яг энэ тухай тодорхой мэдээлэл ирээгүй байна. Ташаа мэдээлэл байх” гэсэн хариулт өгсөн юм.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө