Э.Одбаяр: Хүүгийнхээ нам байгуулах үйл ажиллагааг шүүмжилдэг бол Ардчилсан намын дарга байх хэрэггүй биз дээ

Э.Одбаяр: Хүүгийнхээ нам байгуулах үйл ажиллагааг шүүмжилдэг бол Ардчилсан намын дарга байх хэрэггүй биз дээ

Хотын дарга С.Амарсайханы “улаан” цээжээрээ хамгаалж буй “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г тохижуулах ажлыг эсэргүүцэгчид нэмэгдсээр байна. Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр тус цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур, нийтийн хоёр жорлон барина. Ингэхдээ мод, бут, сөөгийг сүйтгэх гэж буй нь иргэдийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Тэдний зүгээс ногоон байгууламжийг сүйтгэж, усан оргилуур барих шаардлагагүй гэх саналыг хэлж, уг ажлаа яаралтай зогсоохыг Хотын дарга С.Амарсайханаас шаардаж байгаа. Харин үүнийхээ оронд өөр газарт усан оргилуур барих, гэр хорооллын орчинг сайжруулах ёстой гэж байгаа юм. Мөн тендер зарлалгүй Нийслэлийн хот тохижилтын газарт төслийг хариуцуулж, урьдчилж танилцуулалгүйгээр гэнэт захирамж гарган усан оргилуур барих гэж буй нь олон хүний анхаарлыг татжээ.

Бид уг ажлыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл Эрдэнийн Одбаяртай ярилцлаа. Түүний хувьд Зон олны намын дарга бөгөөд УИХ-ын гишүүнь Ардчилсан намын дарга С.Эрдэнийн төрсөн хүү гэдгээр нь хүмүүс мэднэ. Ардчилсан намд элсэх боломжтой ч өөрөө бие даан "Зон олны нам"-ыг байгуулж, улс төрийн үзэл баримтлалын хувьд бусдаас өөр гэдгээ харуулахыг зорьж яваагаа тэрбээр ярилцлагын үеэр тодотгосон. Мөн нийслэлийн өв, соёлыг хамгаалах чиглэлд сүүлийн үед идэвхтэй ажиллаж буй билээ. Түүний анхаарал татсан улс төрийн сонголт, үнэт зүйл, улс төрч аав, сүүлд хийж буй ажил зэргээр ярилцлаа.

СОНСОХ: 

-ТАВ, АРАВХАН АЛХМЫН ЦААНА ЦЕНТРАЛ ТАУРЫН УСАН ОРГИЛУУР
БАЙХАД ДАХИЖ УСАН ОРГИЛУУР БАРИХ ГЭЖ
БУЙ НЬ СУДАЛГААГҮЙН ШИНЖ-

-“Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г тохижуулах ажлыг эсэргүүцэж буй гол шалтгаан тань юу юм бэ?

-“Хонхтой цэцэрлэгт хүрээлэн” бол хотын төв хэсэгт үлдсэн цорын ганц ногоон байгууламж. 2.5 га газарт тохижилт хийх төлөвлөгөөтэй гэсэн. Энэ газрынх нь ихэнх хэсгийг мод, зүлэгжүүлэлт эзэлдэг. Уг цэцэрлэгт хүрээлэн нь өөрийн түүхтэй. 1920 онд нийслэлчүүд хүний гараар бүтсэн анхны ногоон байгууламжийг хийх зорилгыг тавьсан. Ингээд 1940 онд цэцэрлэгт хүрээлэнгээ бүтээсэн нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг энэ газар юм. Хотын төвийн цэцэрлэгт хүрээлэндээ олон төрлийн мод тарьж, зүлэгжүүлэлт хийж, яг мэргэжилтнүүд нь усалж, тохижуулж, арчилж ирсэн. Хонхтой цэцэрлэгт хүрээлэн бол хотын төвийн ой санамж. Өөрөөр хэлбэл,Улаанбаатар хотын түүхийг агуулсан цорын ганц цэцэрлэгт хүрээлэн юм. Яг ийм цэцэрлэгт хүрээлэн байгуулахад маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр орно. Тэгэхээр экологийн орчин болон хотын түүхийг нь хадгалах гэх мэт бүх талаас нь харахад Хотын дарга С.Амарсайханы шийдвэр шинжлэх ухаан ч бус, судалгаагүй, хайхрамжгүй байна. Мэргэжлийнхэн ч энэ талаар үгээ хэлсэн шүү дээ.

-Хотын дарга С.Амарсайханы уг шийдвэрийг эсэргүүцэж ТББ, хөдөлгөөн, нам эвсэл, иргэд нэгдээд байх шиг байна. Уг асуудлаар таньтай нэгдсэн ямар хүмүүс байна вэ. Та бүхний тэмцэл хаана хүрч дуусч, ямар үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байна вэ?

-Хотын өв соёл, ой санамжийг устгах харамсалтай ажлыг өмнө нь ч хийж байсан. Зарим хүмүүс “Тэрийг нурааж байхад, энийг буулгаж байхад та нар хаана байсан юм бэ” гэж шүүмжилдэг. Тухайн үед бид дунд сургуулийн сурагч байсан шүү дээ. Анхны түүхэн дурсгалыг нурааж байх үед би цэцэрлэгт сурч байсан жишээний. Харин одоо бид ажил, амьдралд хөл тавьж эхэлсэн учраас хотынхоо соёлыг хамгаалах ажилд шууд оролцож байна. Харин бидний дээд үеийн ах нар шууд бусаар оролцож байгаа юм. Байгалийн түүхийн музейг нураахыг эсэргүүцэж байх үед иргэд бидэнтэй нэгдэж байсан. Түүнтэй адил “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-ийн ажил дээр ч сэтгэл, санаа нэгдэж ажиллаж байна. “Утааны эсрэг ээж, аавууд” группийн тэргүүн эмэгтэй эсэргүүцэж байна. Бид хэд хоногийн өмнө талбайгаа хамгаалах гэж ирээд л танилцсан. Мэдээж, Улаанбаатар иргэдийн форум, Монгол туургатны төв холбоо, намуудын төлөөлөл, хотын оршин суугчид ирж эсэргүүцлийн үйл ажиллагаанд нэгдсэн. Тэд ч мөн санаа, сэтгэл зовниж байна. Энэ бол аль нэг нам эвслийн бус бүхэлдээ нийслэлчүүдийн асуудал юм. Иргэд хотын түүхийг хадгалж үлдэхийг хүсч байна.

-3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барихыг эсэргүүцэж байна гэлээ. Та бүхэн энэ мөнгөөр оронд нь өөр ямар ажил хийх шаардлагатай гэж үзэж байна?

-Энд эвдэлж, хэмхлэх нэг ч зүйл байхгүй. Харин арчилж, тордоод, өнгө зүсийг нь сайжруулахад л хангалттай. Байгаа зүйлээ устгаад оронд нь 3.2 тэрбум төгрөг буюу маш өндөр төсвөөр усан оргилуур барих гэж буйг л зөвшөөрөхгүй байгаа юм. 3.2 тэрбум төгрөгөөр гэр хорооллын нэг хэсэг гудамж, зам талбайн дэд бүтцийн асуудлыг шийдэж болно шүү дээ. Бид нарыг уг цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа  руу оруулахгүй байгаа. Харин өчигдөр С.Амарсайхан дарга хамгаалалтаар хамгаалуулаад хашаа руу яваад орсон. Тэрбээр цэцэрлэгт хүрээлэнг устгах шалтгаанаа энд байрлах нийтийн нойлд орж зогсож байгаад тайлбарлаж байна лээ. Нойл нь заваан учраас мод устгах шаардлагатай гэсэн. Нойл нурааж, барих гээд байгаа юм уу. Би ойлгоогүй. Өөрсдөө л энэ нойлыг барьсан шүү дээ. Үүнийхээ оронд 3.2 тэрбумаар гэр хороололд гудамж талбай тохижуулж, дэд бүтэцтэй болгох хэрэгтэй шүү дээ. Коронавирустэй тэмцэх ажилд иргэд гар бие оролцон хандив цуглуулан өгч байхад нөгөө талд татвар төлөгчдийн мөнгөөр эвдэн, сүйтгэх ажиллагаа явуулна гэж буйг ойлгохгүй байна. Өөр газарт усан оргилуураа хийж болно шүү дээ. Ядаж л Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барь л даа. Миний бодлоор уг мөнгийг гэр хорооллыг хөгжүүлэх ажилд зарцуулмаар байна. Хотын төв, гэр хороолол хоёр тусдаа зүйл биш шүү дээ. Бид нэг л хотод амьдардаг. Гэр хороолол бол Улаанбаатар хотын салшгүй хэсэг бас тулгамдсан асуудал мөн.

-С.АМАРСАЙХАН НАМЫН БАЙРНЫХАА ӨМНӨХ УСАН ОРГИЛУУРЫГ
АЖИЛЛУУЛДАГ БОЛГОЧИХОД ХАНГАЛТТАЙ-

-Улаанбаатар хотод 100 гаруй усан оргилуурыг барьсан байдаг юм байна. Гэвч  өнөөдөр ажиллаж буй  нь тун цөөн. Тоногдоод, хогийн цэг болчихсон л дүр зурагтай байгаа юм. Ажилладаггүй усан оргилууруудын тоог гаргах, нөхцөл байдлыг тодотгох судалгааг та бүхэн хийсэн үү?

-Яг энэ судалгааг хийж байна. МАН-ын төв байрны урд маш том усан оргилуур бий. Тэр усан оргилуур ашиглалтад ороогүй байна. Тэгэхээр С.Амарсайхан дарга намын байрныхаа өмнөх усан оргилуурыг ажиллуулчих. Тэгвэл хүүхэд, залуус амрах газар нэгээр нэмэгдэх нь. “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн” –ээс тав, аравхан алхмын цаана Централ таурын усан оргилуур бий. Энэ усан оргилуур зуны цагтаа тогтмол ажиллаж, хүүхэд залуус ирж амардаг. Гэтэл хажуугийнх нь ногоон байгууламжийг барьж усан оргилуур барина гэдэг бол утгагүй юм. С.Амарсайхан даргын зөвлөх болон багийнханд нь хандаж хэдэн үг хэлмээр байна. “Даргыгаа битгий ингэж вакумжуулаачээ. Мэргэжлийнхний үгийг  сонсго. Мэдээллээр ханга л даа” гэж хэлмээр байна. Аливаа зүйлийг судалгаатай хийдэг бол 10 алхмын зайтай усан оргилуур барина гэж яриад суухгүй байх байсан.

-АРДЧИЛСАН НАМ НИРГЭСЭН ХОЙНО НЬ БИТГИЙ
ХАШХИРААД БАЙ-

-С.Амарсайхан даргатай та бүхэн дотночлон холбогдож үзсэн үү. Та бүхний санал, шаардлагад ямар нэгэн хариу өгөх шинж байна уу?

-Бид албан шаардлагыг хүргүүлсэн. Өчигдөр С.Амарсайхан дарга уг цэцэрлэгт хүрээлэн дотроос шууд бичлэг хийж, тайлбар өгч байсан. Цэцэрлэгт хүрээлэнд ирсэн учраас уулзахаар орсон ч хамгаалагч нар нь намайг дамжилж, хөөж гаргасан. Хашаанаас гаргаж ирсний дараа цагдаа нар “Дахин ийм асуудал үүсгэж болохгүй. Хэрвээ ийм үйлдэл гаргавал баривчилна” гэдэг шаардлагыг надад тавьсан. С.Амарсайхан дарга иргэдийнхээ саналыг сонсох бүх боломж нь нээлттэй шүү дээ. Ядаж л фэйсбүүк, твиттер хаягаараа иргэдийн саналыг авч болно шүү дээ. Гэтэл троллууд хөлсөлж иргэдийнхээ эсрэг турхируулж байна. Бидний эсэргүүцлийг сөрж хиймэл уур амьсгал бүрдүүлж байгаа нь энэ. Үүнээс үзвэл иргэдийнхээ үгийг сонсох сонирхол өчүүхэн ч алга тэр хүнд.

-3.2 тэрбум төгрөгөөр хийх бүтээн байгуулалтын ажил. Мөнгөн дүнтэй холбоотой ямар нэгэн хардлага та бүхэнд бий юу. Тендер зарлаагүй бас хот өөрөө хариуцаж хийх гэж буй нь олон хүний хардлагыг төрүүлээд байх шиг байна?

-Захиалагч нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар. Гүйцэтгэгч нь Хот тохижилтын газар. Бид НИТХ-ын төлөөлөгч нарт хандсан. Тэр дундаа Ардчилсан намын гишүүдэд хандан “Та нар ажлаа хий” гэж твиттер хуудсандаа бичсэн.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хэлж буйгаар нийслэлийн төсвийг хэлэлцэх үеэр энэ усан оргилуур барих ажлыг яриагүй. Өөрөөр хэлбэл, хийх ажлуудын задаргааг хараагүй гэсэн үг. Нийт 40 гаруй тэрбум төгрөгийг хот тохижилтын ажилд зарцуулна гэсэн бүдэг, бадаг юм ярьсан гэнэ.

Яг үүн дээр би Ардчилсан намыг маш хариуцлагагүй байна гэж дүгнэж байгаа юм. Бүхэл бүтэн бүлэгтэй байж төсвийн мөнгөөр хийх ажлын задаргааг үзэж, хараагүй байна гэдэг бол хариуцлагагүй.

Том мөнгөн дүнтэй зүйл яригдаж байхад тэр чигт нь батлаад явуулчихдаг. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр ард иргэдийг эсэргүүцэж эхлэнгүүт сайн хүний дүр эсгэж болохгүй шүү дээ. Байгалийн түүхийн музейн асуудлыг хөндөх үеэр НИТХ-ын төлөөлөгчид иргэдийнхээ үгийг огт сонсоогүй.

Яагаад иргэд А4 цаас барьчихаад гудамжинд гүйлдээд байгаа юм бэ. Ердөө л саналаа хэлээд байна шүү дээ. Тэгэхээр иргэдийнхээ саналыг сонсдог байж болно шүү дээ. Уг нь ном, журмаараа усан оргилуурын ажлыг тохижилт гэж нэрлэнэ. Гэтэл С.Амарсайхан дарга сүүлийн үед юу яриад байгаагаа ойлгохоо больсон. Тохижилт юм уу, барилга бүтээн байгуулалтын ажил гэдгээ мэдэхээ больсон. Сошиолоор пи ар явуулахдаа маш том бүтээн байгуулалтын ажил хийх гэж байна хэмээн тайлбарлаж байна. Гэтэл хуулийнхаа заалтаар хот тохижилтын ажлын хүрээнд хийхээр төлөвлөгдсөн байгаа юм. Нийслэлийн Хот тохижилтын газар барилгын компани юм уу. Барилга  барьж болох уу. Мөн 3.2 тэрбум төгрөг хэр үндэслэлтэй юм гэх зэрэг яривал маш олон хууль бус зүйл байна. Хот тохижилтын ажил гэх малгайн дор тендергүйгээр уг ажлыг хийхээр болсон байгаа юм. Усан оргилуурын дор дулаан граж хийж магадгүй гэх зүйл яриад байгаа. Энэ хардлага баримтанд түшиглэсэн. Түүнээс С.Амарсайхан даргыг харлуулах гэсэн хэдэн нөхөд сургаар яриад байгаа зүйлгүй. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн газрын асуудал 14 жилийн дараа “амилж, босч” ирж байна.

-14 жилийн өмнө цэцэрлэгт хүрээлэнгийн газрын маргаан эхэлсэн байсан гэсэн үг үү?

-2006 он. Энэ газрыг “UB констракшн” компанид ашиглуулах гэрээ хийсэн. Гэрээнд тухайн үеийн НИТХ-ын  дарга Н.Болормаа, Хотын дарга Ц.Батбаяр нар гарын үсгээ зурсан. Буух эзэн буцах хаягтай асуудлыг ярьж байна. Их Монгол улсын 800 жилийн ойд зориулан төв талбай дээрээ усан оргилуур барих ажлыг хувийн компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн гэсэн үг.

Гэтэл үүнээс хойш 14 жилийн хугацаанд усан оргилуур хийгдээгүй, талбайн тохижилтид шаардлагатай төсөв улсаас гарсан. Бүр сүүлдээ доор нь машины зогсоол байгуулж хувьдаа ашиглаад дээр нь иргэд хэрэглэж болох нэг юм байгуулаад өгчихье гэж байх шиг байна. Тэгэхээр “UB констракшн”компанийг судлах хэрэгтэй. Нийслэлийн нэг газрын дарга Цэлмэг энэ компанитай хэрхэн холбогддог тухай баримт нийтлэлүүд хэвлэлээр гарч байна. 

Мөн Орхон гэж хүн энэ газрын асуудалд нэр холбогддог юм байна. Гэтэл өнөөдөр Хотын дарга С.Амарсайхан “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүнээс арай хийж газраа авлаа. Энэ жагсаж буй залуус “сахал” Эрдэнэбилэгээс санхүүжсэн гэж ярьж байна.

Хэрвээ үнэн бол өчнөөн хоног жагссан цалингаа Д.Эрдэнэбилэгээс авмаар л байна. Харж ч байсангүй тэр хүнийг нь.  Сахал Д.Эрдэнэбилэг үү, Ч.Орхон уу, UB констракшн уу хамаагүй. Энэ гэрээний хугацаа шүүхтэй, шүүхгүй дараа жил дуусаж байгаа юм. Хамгийн гол нь энэ газрыг банкны барьцаанд тавьчихсан байгаа. Тэр их хэмжээний зээлийг хэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирж байна. 

Арай усан оргилуур барих нэрээр нөхдүүдийн газар барьцаалж банкнаас авсан мөнгийг улсын зардлаар төлөх юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна.  Тэгэхээр Хотын дарга маань иргэдийн эргэлзээг тайлах хэрэгтэй. Нэгдүгээрт, энэ газартай холбоотой бүх бичиг баримтыг ил болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, банканд барьцаалсан бол өр зээлийг нь хэн төлөх вэ, барьцаанаас гаргаж авсан бол төлбөрийг нь хэн төлсөн юм бэ гэдгийг ил болго. Гуравдугаар, энэ талбайн доод хэсэгт ямар нэг зүйл хийх эсэхээ тодорхой мэдэгдэх хэрэгтэй байна. Мод бутыг зөөвөрлөн суулгахдаа яг хаана аваачих вэ, мэргэжлийн багт ямар хүмүүс ажиллах талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэрнээс биш бид хэн нэгний захиалгаар ийм эсэргүүцэл зарлаагүй. Иргэдэд мэдээлэл хаалттай байх тусам хардлага үүсдэг гэдгийг л хэлж байгаа юм.

-БИ АН, МАН-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДДАГ-

-Таныг нөлөө бүхий улс төрчийн хүүхэд учраас хийж буй ажлыг тань улс төржүүлж  ярих нь их байх шиг байна. Тухайлбал, Ардчилсан намын захиалгаар хөдөлж, харлуулах ажлыг хийж байна гэх хардлага байна шүү дээ?

-Тийм хардлага бий. Цаг хугацаа бүх зүйлийг батална. Би хар залуугаараа нам эвсэл, төрийн байгууллагад цүнх баригч хийгээгүй. Харин 30 нас хүрээд анх удаа улс төрийн намын сонголтоо хийсэн. Амьдралдаа анх удаа намд элссэн. Ингэхдээ Зон олны намыг нөхдийнхөө хамт үүсгэн байгуулсан. Улс төрийн намд элссэн бол улс төрийн үйл ажиллагаа явуулах нь тодорхой биз дээ. Гэхдээ улс төрийнхөө намын чиглэлээр, хотын иргэнийхээ хувиар эсвэл Монгол туургатныхаа гишүүний хувьд ямар үйл ажиллагаа явуулахаа ялгаж, салгах чадвартай байна. Миний өвөө бол МАН-ын гишүүн. Харин аав Ардчилсан намын гишүүн.

Аав эцгийнхээ намыг сонгоогүйтэй адил би ч өөр сонголт хийх боломжтой шүү дээ. Яагаад бүх зүйлийг хайрцаглаж, хардаад байдаг юм. Би улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын даргаар ажилладаг. Тийм байхад яагаад хаа байсан Ардчилсан намын үйл ажиллагаатай холбогдуулж, ураг төрлөөр нь холбон тайлбарлаж мушгин гуйвуулж байгаа юм. Гэхдээ энэ хэл, ам надад сонин биш. Би хийх зүйлээ хийнэ.

-Нэг зүйл үнэхээр анхаарал татаж байна. Та өөрөө нам байгуулсан нь аавынхаа удирдаж буй намыг дэмждэггүй гэсэн үг үү?

-Миний зорилго бол Монголд неоконсерватив үзэл баримтлалтай намыг бий болгох. Мөн Улс төрийн шинэ тутам намыг институтын хувьдбэхжүүлэх.  МАН, АН-ын үзэл баримтлал миний үзэл баримтлалтай нийлдэг бол аль нэгийг нь сонгоод элсэх нь дамжиггүй. Монголд миний үзэл баримтлалд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг нам үгүй бол ижил үзэл бодолтой хүмүүстэйгээ эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулах нь Үндсэн хуулиар олгогдсон эрх.

-Танай намын үзэл баримтлал бусдаас юугаараа ялгардаг онцлогтой юм?

-Манайх неоконсерватив үзэл, онолтой. Энэ үзэл баримтлалаар дамжуулж хүний эрхийн үндсэн баталгааг санхүүгийн эрх чөлөө гэж үзэж байгаа юм. Иргэн санхүүгийн болон эдийн засгийн эрх чөлөөгүй бол бусад асуудлыг ярих хэрэггүй. Мөн эдийн засаг дахь төрийн оролцоог зохих түвшинд хязгаарлана гэж манай нам үздэг. Төр бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцдог түүнээс нь болж зарим нь хэт монополь болдог зарим нь дампуурдаг. Төр оролцох тусам эдийн засаг сайнгүй байдаг гэж үздэг. Мөн дунд шатны албан тушаалтан, мэргэжилтэнг төрийн удирдлагын түвшинд гаргаж ирэхийг зорьдог. Бид дарга цэргээ хэт удаан төрийн толгойдоо залчихжээ. Харин эмч, багш зэрэг яг гал тогоонд ажилладаг хүмүүсийг төрд гаргаж байж алдааг засна гэж үздэг. Хуулийн шинэчлэл хийх, хавтгайрсан халамжийг цэгцлэхэд неоконсерватив үзэл баримтлал хэрэгтэй гэж үзэж байгаа. Бид энэ үзэл баримтлалдаа тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулж Аудитын ерөнхий газарт өгсөн.

-2020 оны сонгуульд өрсөлдөнө гэсэн үг үү?

-Тийм.

-АН, МАН-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг юм байна.  Тийм үү?

-Мэдээж. Гэхдээ ард иргэдийнхээ төлөө сайн, сайхан ажил хийх асуудлаар АН, МАН гэлтгүй хамтрахад бэлэн. Алдааг бид засах ёстой. Ингэхдээ илүү шүүмжлэлт үзэгдлээр хандахгүй бол найланхайдаад байвал өөрчлөгдөхгүй.

-Аав тань таныг хэр дэмждэг вэ?

-Олон асуудал бий. Би нэг зүйл ярихаар тэр хүнтэй холбогдоод.Гэхдээ ийм зүйлийг ойлгохгүй Ардчилсан намын дарга байна гэж юу байхав. Монголын ардчилсан үзэлтэй намын дарга л бол ойлгоно.

-Залуус нэгдээд юм хийгээд явахаар мөнгө, санхүүжилттэй холбоотой хардлага байнга дагадаг. Санхүүжилтын асуудлаа танай нам хэрхэн шийддэг вэ?

-2016 онд байгуулагдахдаа Монголын хамгийн анхны цахим нам гэдгээ зарласан.  Түүнээс хойш улсын хэмжээнд цахимаар л хуралдаж ирсэн. Үүнийг дагаад орон зай, цаг хугацаа, бензин тос гээд урсгал зардал хэмнэгдэж байна. Бид санхүүгээ ингэж хэмнэдэг. Мэдээж намын гишүүдийнхээ хандив, хураамжаа авна.

Одоо дарга нар нь намынхаа санхүүжилтийг нуруундаа үүрдэг. Түүнээсээ болж “60 тэрбум” гэх мэт ажлыг хийж байна шүү дээ.   Энд, тэндхийн утгагүй, бүтээн байгуулалт нэртэй бүх  ажил хувийн шалтгаантай шүү дээ. Аж ахуй нэгж, хувь хүмүүсээс урьдчилаад санхүүжилт авчихдаг. Түүнийгээ төлөхийн тулд тендер ч юм уу тохирсон ажлууд өгөх замаар буцаагаад төлдөг. Энийг чинь одоо хүн болгон мэддэг болчихлоо шүү дээ. Хэвлэл мэдээллийн хурд, олон нийтийн оролцоо, технологийн дэвшлийн ачаар бүх зүйл ил тод болчихжээ.

-Цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой тэмцэл ойрын хугацаанд хэрхэн үргэлжлэх вэ?

-Жагсаал цуглаан хийж болохгүй учраас хууль ёсны дагуу тэмцэнэ. Хоорондоо хоёр метрийн зайтай зогсож, бөөгнөрөл үүсгэхгүй, жагсаал цуглааны шинж агуулахгүйгээр ажиллана. Иргэд цахим орчинд, цэцэрлэгт хүрээлэнг хашсан хашаан дээр санал хүсэлтээ бичих зэргээр үзэл бодлоо илэрхийлж байна. Цаашдаа мөн шүүхэд хандана. Мөн АТГ-т ашиг сонирхлын зөрчлийг хянаж, шалгах хүсэлт хүргүүлнэ.  Хотын даргын багийнхан иргэддээ нээлттэй байх хэрэгтэй. Хийх гэж буй ажлаа танилцуулдаг байвал иргэд цочирдохгүй. Сюрприз барихаа боль.

-ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.  




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө