BBC: Олны өмнө цааз гүйцэтгэдэг 318 газар Хойд Солонгосоос олдсон гэв

BBC: Олны өмнө цааз гүйцэтгэдэг 318 газар Хойд Солонгосоос олдсон гэв

Хойд Солонгосын дэглэмийг эсэргүүцсэн хүмүүсийг олны өмнө цаазладаг 318 газрыг Хойд Солонгосоос олсон гэж Өмнөд Солонгосын Төрийн бус байгууллага мэдэгдснийг ВВС агентлаг дамжууллаа.

Эх сурвалжийн мэдээлснээр Transitional Justice Working Group хүний эрхийн байгууллагын ажилтнууд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хойд Солонгосоос дүрвэсэн 610 хүнтэй уулзан ярилцсан байна. Улмаар тэдний яриан дээрээс үндэслэн, хэдэн арван жил үргэлжилж байгаа цаазын ялын талаар баримтжуулсан бөгөөд хойд солонгосчууд үхэр хулгайлсан эсвэл Өмнөд Солонгосын телевизийн нэвтрүүлэг үзсэн гээд “үл ялих” гэж хэлж болохоор шалтгаанаар цаазлуулдаг байсныг онцоллоо.

Түүнчлэн цаазын ялыг голын эрэг, хээр гадаа, зах, сургууль, цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо гүйцэтгэгдэг байсан гэж Өмнөд Солонгосын хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн байна.

Хойд Солонгос дахь цаазын ял гүйцэтгэдэг газрын тухай тэдний бэлтгэсэн илтгэл мягмар гаригт нийтлэгдсэн бөгөөд энэ илтгэлд дурдснаар цаазын ял хэрхэн гүйцэтгэхийг харахаар тухайн газруудад мянга гаруй хүн цугладаг байсан гэнэ. Өмнөд Солонгосын хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр цаазын ялтны ар гэрийнхэн тэр дундаа хүүхдүүдийг цааз гүйцэтгэх талбай дээр заавал байлгадаг байсны дээр цаазлуулсан этгээдийн цогцсыг ар гэрийнхэнд нь өгөх нь ховор, түүнчлэн цогцсыг хаана оршуулсныг ч тэр бүр мэдээлдэггүй гэнэ.

Хүний эрхийг хамгаалагчидтай ярилцсан нэгэн дүрвэгч долоон настай хүүхэд албан хүчээр цаазын ял харахаас аргагүй байдалд орж байсныг мэднэ гэж өгүүлжээ. Олон нийтийн газраас гадна хорих лагерь, шоронд цаазын ялыг гүйцэтгэдэг байсан гэнэ. 2000-аад оны эхээр хорих лагерьт хоригдож байсан нэгэн дүрвэгчийн ярьснаар 80 хоригдол Хятад руу зугтах гэж оролдсон хэрэгт буруутгагдсан гурван эмэгтэйг цаазлахыг харж байжээ. Тухайн үед лагерийн офицер энэ явдлыг хүчээр харуулсан бөгөөд тэдэнтэй ч ийм зүйл тохиолдож болно гэдгийг анхааруулсан гэнэ.

ЦААЗЫН ТӨРӨЛ БА ҮНЭН, ХУДАЛ

Дүрвэгсдийн яриагаар Хойд Солонгост хүмүүсийг ихэвчлэн буудаж хөнөөдөг гэнэ. Ихэвчлэн гурван гүйцэтгэгч байх бөгөөд тус бүрдээ гурван удаа бууддаг аж. Зарим тохиолдолд тэд согтуу байх нь ч бий гэж зарим дүрвэгч ярьжээ.

Харин энэ нь “хүмүүсийг хөнөөх нь сэтгэлзүйн хувьд асар хүнд тул цаазын ял гүйцэтгэгчид согтууруулах ундаа хэрэглэн сэтгэлээ засах гэж оролддог” гэж нэгэн дүрвэгч ярьсныг илтгэлийн зохиогчид онцолсон байна.

Буудаж хөнөөхөөс гадна, зарим үед хүмүүсийг дүүжлэх тохиолдол гардаг ч 2005 оноос хойш энэ аргыг цөөн хэрэглэх болсон гэж Өмнөд Солонгосын хүний эрхийг хамгаалагчид онцолжээ.

Түүнчлэн олны өмнө хэрэгтэнц цаазлах явдлыг ч багасгаж байгаа талаар илтгэлийн зохиогчдын нэг Этан Шин ярьсан байна. Түүний өгүүлснээр БНАСАУ-ыг энгийн нэгэн улс гэж дэлхий дахинаа харуулахын тулд хүмүүсийг нууцаар цаазладаг болсон байж магадгүй гэнэ. Эх сурвалжуудын мэдээллээс харахад Хойд Солонгост энгийн иргэдийг төдийгүй өндөр албан тушаалтнуудыг ч цаазлах нь бий. Тухайлбал 2013 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны нагац ах эх орноосоо урвасан хэргээр цаазлуулж байв. Гэхдээ Хойд Солонгост цаазын ял гүйцэтгэсэн талаарх мэдээлэл бүрт итгэх нь өрөөсгөл, мөн итгэхэд туйлын бэрх. Учир нь дэлхий даяар тарсан шуугианы дараа тухайн мэдээлэл худал гэдэг нь батлагдсан хэд хэдэн тохиолдол гарч байлаа.

Тухайлбал, 2013 онд дэлхийн хэвлэлүүд Хойд Солонгосын дуучин бүсгүй Хён Сон Волийг цаазласан, түүнтэй хамтран ажилладаг уран бүтээлчид дуучин бүсгүйг “автомат буугаар шүршихийг харж зогссон” гэсэн мэдээлэл гарч байлаа.

Гэтэл 2014 онд “цаазлуулсан” бүсгүй дахин телевизийн дэлгэцээр гарч, харин 2018 онд Өвлийн Олимпийн наадмын өмнө Сөүлд ирсэн Хойд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд, өнгөрсөн сарын сүүлээр Ким Жон Ун Ханойн хэлэлцээр бүтэлгүйтсэнд буруутган өндөр албан тушаалтнуудыг цаазласан, цөлсөн, мөн дүү охиноо гэрийн хорионд оруулсан гэсэн мэдээлэл газар авч байв.

Гэвч хэдхэн хоногийн дараа Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг үүнийг няцаасан мэдээлэл гаргасан бөгөөд энэ агентлагийн дамжуулсан мэдээлэлд “цаазлуулсан, цөлөгдсөн, хоригдсон” гэгдэж байсан өндөр албан тушаалтнууд болон Кимийн дүү бүсгүй бүгд удирдагчтайгаа хамт тоглолт үзэж байгааг онцлоод, үүнийг гэрчлэх гэрэл зургуудыг нийтэлж байлаа.