ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцрохыг шаардлаа

ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцрохыг шаардлаа

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний зохицуулагч А.Эрдэнэбаяр, Б.Жагар болон машинтай жагсагч Б.Цэгмэд нар ХХААХҮ-ийн Ч.Улаанд огцрох шаардлага хүргүүлж, тус яамны үүдэнд эсэргүүцлээ илэрхийллээ.

Ч.Улаан сайдад хүргүүлсэн шаардлагад “Таны эхнэрийн дүү Оросоогийн Даваасүрэн нь гааль, татварын дэд даргын албыг хашиж байсан ба “Бээжин интосикэйшн интернэшнл трейд монгол” гэдэг компанийг Хуанг Минг гэх БНХАУ-ын иргэнтэй хамтран үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн тус компанид бог малыг амьдаар экспортлох монополь эрхийг олгосон нь таныг албан тушаалаас нь огцруулах бүрэн үндэслэл болно. Ч.Улаан та шударга ёсыг уландаа гишгэж, харийнхны гар хөл болж, Монгол Улсын иргэдийг өндөр үнэтэй нөөцийн маханд очерлуулж,  харин БНХАУ-ын иргэдийн эрүүл энхийн төлөө Монгол малыг амьдаар нь гаргасан байх тул огцрохыг шаардаж байна” гэжээ.

Уг шаардлагыг Ч.Улаан сайдын зөвлөх Р.Жадамбаа, ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн нар гардан авсан аж.