Хорио цээрийн дэглэмээ сулруулж сүргийн  дархлаа тогтоох нь өндөр эрсдэлтэй

Хорио цээрийн дэглэмээ сулруулж сүргийн дархлаа тогтоох нь өндөр эрсдэлтэй

Европын зарим орнууд нүүрлээд байгаа цар тахлын энэ үед сүргийн дархлаа үүсгэх зорилгоор хорио цээрийн дэглэмээ сулруулаад байгаа билээ.

Бүгд Найрамдах Чех Улсад сүргийн дархлаа буюу ард иргэдийн дунд халдварын дархлаа бий болсон эсэхийг тогтоох зорилгоор дөрвөн өөр орон нутгаас эрүүл, ямар нэг шинж тэмдэггүй 26,500 хүнийг түүврийн аргаар сонгон эсрэг биет илрүүлэх шинжилгээ хийжээ.

Судалгаа шинжилгээнд хамрагдсан нийт хүнээс ердөө 107 хүнээс COVID-19 халдварын эсрэг эсрэг биет үүссэн нь тогтоогдсон тул хүн амын дундах дархлал тогтцын түвшин маш бага байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хүн бүр халдварт өртөх эрсдэл өндөр байгааг нотолж байна гэж мэдээлсэн байна.

Харин ОХУ ирэх долоо хоногоос эхлэн коронавирусийн эсрэг биет тогтсон иргэдийг олж тогтоох ажлыг эхлүүлэх юм байна.

Энэ мэтчилэн дэлхийн зарим улсад сүргийн тархлаа тогтсон эсэхийг судалж байгаа юм. Энэ нь юу болох талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа дараах тайлбарыг өгөв.

"Сүргийн дархлаа гэдэг нь тархвар зүйн нэр томъёо. Энэ судалгааг вакцин хийлгэсэн хүн амын хувиас хамааран хэд нь халдвараас хамгаалагдсаныг тодорхойлоход хэрэглэдэг.

Жишээлбэл, улаанбурханы вакциныг хүн амын 90-95 хувь хийлгэсэн үед вакцин хийлгэх боломжгүй нярай хүүхдийг халдвараас хамгаалахад хангалттай үзүүлэлт юм.

Сүргийн дархлааг дархлаажуулалтын хөтөлбөрт нийт хүн амыг халдвараас сэргийлэхэд хэдэн хувьд нь вакцин хийвэл тохиромжтойг тооцоолоход хэрэглэнэ.

Харин COVID-19 нь нас баралт өндөр өвчин тул энэ эрсдэлтэй, аюултай тооцооллыг улс орнууд хийх нь зохимжгүй. Хүн бүрийн амь нас үнэтэй учир амь насыг аврах бүхий л арга хэмжээг авах нь зүйтэй.

Хүн бүрийн аюулгүй байдал нь нийтээрээ аюулгүй байх үндэс.

Тархвар зүйн судалгаанаас харахад дэлхийн нийт хүн амын дийлэнх нь COVID-19-д өртөмтгий, мөн эсрэг биетийн түвшин багатай байна" гэв.

Тиймээс сүргийн дархлааг тогтоож энэ өвчнийг даван туулна гэдэг ойлголт бараг л үгүй болов уу.