Ц.Баатархүү: АН  "Саарал, Хар” жагсаалтаас гаргах, эдийн засгаа хөгжүүлэх 76 гишүүнээ тодруулж байна

Ц.Баатархүү: АН "Саарал, Хар” жагсаалтаас гаргах, эдийн засгаа хөгжүүлэх 76 гишүүнээ тодруулж байна

АН-ны Сонгон шалгаруулалтын хорооны хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдааны дараа тус намын Үндэсний бодлогын хороо хуралдана. Эл хурлаар 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг тодруулж, нийтэд зарлана.

ҮБХ-ны хурлын явцын талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Ээлжит сонгуулийн хуулийн дагуу ирэх дөрвөн жилд ямар хүн удирдах, ард түмнээ төлөөлөхийг хүмүүс чин тавин хүлээж байгаа. АН энэ удаа “Хар жагсаалт”, “Саарал жагсаалт”-аас гаргах, эдийн засгаа хөгжүүлэх 76 гишүүнээ тодруулж байна. Одоо Сонгон шалгаруулах хорооны хурал болж байна. Тойрогтоо хэр танигдсан, нэр хүндтэйг нь харгалзаад хэлэлцэнэ.

Дараа нь нууцаар санал хураалт явуулна. Өнөөдөр 12.00 цагаас өмнө нэр дэвшигчдээ тодруулах учиртай. Одоо гурван цагийн дараа гэхэд АН нэр дэвшигчдээ тодруулчих байх. Цар тахлын үед аль болох олон хүн цуглуулахгүйн тулд АН хурлаа цахимаар хийж байна. Цахимаар хийж буй 15 дахь хурал. Монгол Улс орших уу эс орших уу гэсэн чухал үед зөв хүмүүсээ сонгоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН-ын ҮБХ-нд саналын эрхтэй 410 гишүүн бий. Одоогоор 327 мандатаа авч, хуралд оролцож байна. Нэр дэвшигч, горилогчдын нэрийг албан ёсоор тодроогүй байна. Сонгон шалгаруулах хороо 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. О.Баасанхүү, С.Жавхлан УИХ-ын гишүүн тул АН-д элсэнгүүтээ ҮБХ-нд автоматоор бүртгэгдсэн” гэлээ.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө