Э.Долгион сонгуульд нэр дэвшиж байгаа нь Bloomberg телевизийн бодлогод нөлөөлөхгүй

Э.Долгион сонгуульд нэр дэвшиж байгаа нь Bloomberg телевизийн бодлогод нөлөөлөхгүй

Bloomberg TV Mongolia телевизээс дараах мэдэгдлийг нийтэлжээ:

МЭДЭГДЭЛД: 

"Bloomberg TV Mongolia телевизийн Гүйцэтгэх захирал Э.Долгион 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгуулийн 24 дүгээр тойрогт буюу нийслэлийн Сүхбаатар дүүрэгт өрсөлдөх болсон билээ. Аливаа ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд тэрээр Bloomberg TV Mongolia-ийн гүйцэтгэх удирдлагын үүргээсээ Ардчилсан нам нэр дэвшигчдээ зарласан 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзээд байна.

Bloomberg TV Mongolia-ийн Мэдээний редакц нь бие даасан, хараат бус зарчмаар ажилладаг бөгөөд УИХ-ын энэ удаагийн сонгуулиар ч энэхүү зарчмаа гажуудуулахгүй баримталж, холбогдох хууль, журам болоод Bloomberg-ийн стандартыг мөрдөн ажиллана. Бид өмнөх сонгуулиудыг хэрхэн сурвалжилж, шууд дамжуулж ирсэн жишгийнхээ дагуу намууд болон нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогын ялгаа болоод СЕХ-ны албан мэдээллүүдийг голлон сурвалжилна. Мөн нэр дэвшигчдийн хувийн амьдрал, санхүүгийн асуудлыг хөндөхгүй байх, нэр төрийг нь хүндэтгэх бодлогоо үргэлжлүүлэн баримтална. Тиймээс бид нэр дэвшигч Э.Долгион болон бусад нэр дэвшигчдийн хувийн амьдрал, санхүү, бизнесийн замналыг эрэн сурвалжлахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэжээ.