Д.Надмид: Л.Цэцэгмаа гэх бүсгүй хүүхдийн овог, нэрийг буруу хэлснээр үл ойлголцол үүссэн

Д.Надмид: Л.Цэцэгмаа гэх бүсгүй хүүхдийн овог, нэрийг буруу хэлснээр үл ойлголцол үүссэн

Өнгөрсөн Мягмар гаригт Л.Цэцэгмаа гэх бүсгүй “Манна” гэх асрамжийн газарт 10 жилийн өмнө өгсөн хүүхэд ор сураггүй алга болсон, тухайн хүүхдийн талаар олж мэдэх гэсэн ч тус асрамжийн газраас хариу өгөхгүй байна” хэмээн Зариг.мн сайтад хандсан байдаг. Үүний дагуу ард иргэдийн зүгээс “асрамжийн газар хүүхдийг гадагшаа явуулсан байж магадгүй, асрамжийн газар гэсэн нэрийн дор хүн худалдаалах гэмт хэрэг явуулж байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд байсан билээ.

Тэгвэл алга болсон гэх хүүхдийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өчигдөр “10 жилийн өмнө асрамжид өгсөн хүүхэд алга болсон байж болзошгүй" гэсэн мэдээлэл гарсан. Энэ дагуу цагдаагийн байгууллага шалгасан. Тухайн хүүхэд Сонгинохайрхан дүүрэгт ээж дүү нартайгаа хамт амьдарч байгаа юм байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Харин бид хүүхдийг анх хүлээн авж, сар гаруй хугацааны турш асран халамжилсан “Манаа” асрамжийн газрын нийгмийн ажилтан Д.Надмидаас болсон үйл явдлын талаар тодруулсан юм.

“Манаа” асрамжийн газрын нийгмийн ажилтан Д.Надмид

2010 ОНД ЭМЭЭ, ӨВӨӨ НЬ ГЭХ ХҮМҮҮС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ
ХАМТ ИРЭЭД ХҮҮХДИЙГ АВААД ЯВСАН

-Сайн байна уу? Уншигчдад эхлээд асрамжийн газрынхаа талаар товч танилцуулаач?

-Сайн. Сайн байна уу. Манай асрамжийн газар 2004 онд байгуулагдсан. Manna World Wide гэсэн нэртэй байсан ч одоо “Манаа” гэж өөрчлөгдсөн. Хүүхэд асран хамгаалах чиглэлээр 15 жил ажиллаж байна. АНУ-аас санхүүждэг. Улсын хэмжээнд 27 асрамжийн газарт мянга гаруй хүүхэд харьяалагддаг бол манайд одоогоор 30 гаруй хүүхэд амьдарч байна. Манайх “нярай хүүхдийн асрамжийн газар” буюу 0-4 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалдаг гэдгээрээ бусад газраас ялгаатай. 4 нас хүрээд ирэхээр нь дараагийн асрамжийн газарт шилжүүлэх юмуу гэр бүлтэй нь эргэн нэгтгэх үйлчилгээ үзүүлдэг. 24-48 цагаар нийт 18 ажилтан ажиллаж байна.

-Л.Цэцэгмаа гэх бүсгүйн авчирч өгсөн хүүгийн талаар ярья. Анх хэзээ, ямар байдалтай хүүхэд ирж байсан бэ?

-Ер нь тухайн хүүхдийг нэг сар ч байсан нэг цаг ч хүлээж авсан манайх тусгай архив хөтөлдөг. Анх 2010 оны есдүгээр сарын 27-нд хүлээж авсан байдаг. Тэр үед БГД-ийн цагдаагийн газрын бичиг, ээжийнх нь бичсэн өргөдөл, хүлээж авсан протокол гэх мэт баримт бичгүүд бий л дээ. Ой 2 сартай, маш ядарсан, хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхэд ирж байсан. Ингээд 2010 оны аравдугаар сарын 26-нд эмээ өвөөгийнх хүсэлтээр тухайн хүүхдийг өгч явуулсан байдаг.

-Л.Цэцэгмаа гэх бүсгүйг анх аваачиж өгөхөд танай байгууллагын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд саад болдог гэсэн шалтгаанаар “эцэг эхэд нь энд байгааг хэлэхгүй байхыг хүссэн байдаг. Тэгвэл эмээ, өвөө гэсэн хүмүүс нь яаж танай байгууллагыг олж мэдэв? Танай байгууллага тухайн хүүхдийн эмээ, өвөө гэдгийг яаж мэдэв?

-Ер нь хүүхдийн нууцын талаар асуудал маш нарийн яригддаг. Бид хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай хууль гэх  мэт олон хууль, тогтоомжуудыг дагаж мөрдөж ажилладаг. Үүний дагуу анх БГД-ийн цагдаа тус хүүхдийг манай байгууллагад авчирж өгсөн байдаг. Харин тус хүүхдийн эмээ, өвөө нь БГД-ийн цагдаад хандаад манайхыг олж ирсэн юм билээ. Цагдаа нар тухайн хүүхдийн эмээ, өвөө мөн болохыг нь бичиг баримт, хувийн мэдээллээр нь шалгаад мөн болохыг нь тогтоосон. Одоо бол хүүхдийг өгөхдөө хорооны хамтарсан хурал, эрсдэлийн үнэлгээ зэргийг хийдэг. Харин арван жилийн өмнө ийм зохицуулалт байгаагүй. Тэр үед зөвхөн цагдаа шалгаад эмээ, өвөөд нь өгөөд явуулсан байдаг. Аливаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдээ ирээд авна аа гэвэл өгөхгүй ээ гэсэн эрх зүйн үндэс бидэнд байдаггүй юм.

Зураг: 2010.09.27-ний өдөр асрамжинд ирээд  2010.10.26-ний өдөр асрамжнаас өвөө нь ирж авчээ

-НЭГ ХҮНИЙ АНДУУРЧ, ЭНДҮҮРСЭН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛЭЭС
БОЛООД НИЙГЭМД ИЙМ ОЙЛГОЛТ ТӨРҮҮЛЖ
БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ-

-Л.Цэцэгмаа гэх иргэн танайд хэзээнээс хандсан бэ? Танай байгууллагын зүгээс ямар хариу өгч ажиллав? Яагаад ийм үл ойлголцол гарчихав?

-Анх дөрөвдүгээр сарын 11-нд надруу холбогдсон. Манайх хүүхдийн хувийн мэдээллийг задруулдаггүй ч гэсэн тэр хүний учир байдлыг ойлгоод, мөн сайхан сэтгэлийг нь хүндлээс архиваас мэдээлэл шүүж үзсэн. Хэд хэдэн удаагийн шаардлагынх нь дагуу мөн хэд хэдэн удаа шүүж үзсэн хайлгаж байгаа хүүхэд олдоогүй л дээ. Эхлээд 2008 оны есдүгээр сард өгсөн гэж хэлсэн. Дараа нь 2009 он гэж хэлсэн. Нөгөө нэрээ, нөгөө овогтой нь л давтаад хэлээд байсан. Ерөнхийдөө утсаар л ярисан л даа бид хоёр. Нэг ч удаа манай ажил дээр ирж уулзаагүй. Удаа ч үгүй 2010 он болчихсон. Ингээд зөрүүтэй он, овог, нэр яриад байсан учраас мэдээлэл нь олдохгүй бидний дунд үл ойлголцол үүссэн. Гэтэл удаа ч үгүй гэнэт Зариг.мн сайттай хамт манай байгууллагын гадаа ирчихсэн байсан.  Бид хорио цээрийн дэглэмийн үеэр тэднийг дотогш оруулж чадаагүй. Харин гадаа 30 минутийн турш нөхцөл байдлын талаар тайлбарласан. Гэтэл нэг хүний андуурч эндүүрсэн байдлаас болоод нэг талаас, ийм буруу өнцөгөөр биднийг олон нийтэд ингэж муухай харагдуулж байгаад нь маш их харамсаж байна. Бид хүүхдийн төлөө маш их хичээж ажилладаг. Зөвхөн манай байгууллага ч гэлтгүй хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага иргэдийн дунд ийм муухай, аймшигтай ойлголттой боллоо гэж харж, харамсаж байна.

-Тэгвэл Л.Цэцэгмаа гэх бүсгүй тухайн хүүхдийн овог нэр, авчирж өгсөн он сар, өдрөө мартчихаад, буруу мэдээллээр хайлгаад байсан гэсэн үг үү?

-Тийм. Мартчихсан л  байсан байх. Тэрнээс биш үнэн бодитоор хэлсэн бол мэдээлэл нь олдох байсан. Би тухайн үеийн бүх хүүхдийн мэдээллийг шүүгээд цагдаагийн газар аваачиж өгсөн. Түүнээс цагдаа шүүгээд тухайн эмэгтэйд харуулахад “мөн” гэсэн хариуг өгсөн  байна лээ. Үүнээс харахад ер нь тэр эмэгтэй эхлээд манай байгууллагыг хардахаасаа өмнө үнэн зөв мэдээлэл өгөөд, дараа нь цагдаад хандаад, бүр олдохгүй бол дараа нь хэвлэл мэдээлэлд хандах хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Тэр сайт ч гэсэн ингэж нийгэмд сенсаацалж байгаад харамсаж байна. Уг нь тэр ирсэн сэтгүүлч миний хэлсэн, ярьсаныг маш сайн ойлгож байна гэж харагдсан.

-Цагдаагийн байгууллагаас танайд хэзээ хандсан бэ?

-Тавдугаар сарын 19-нд хандаад  20-н гэхэд хүүхдийг олчихсон гээд хэлсэн. Би энэ л байж магадгүй гэсэн хоёр хүүхдийн мэдээллийг өгсөн. Ингэж хүнийг ор үндэсгүй гүтгэж болохгүй. Бидний ажлыг харлуулж болохгүй шүү дээ.

АСРАМЖИЙН ГАЗАР АЮУЛТАЙ ЮУ? АСРАМЖИЙН ГАЗРААС ГАДУУРХ
НИЙГМИЙН АМЬДРАЛ ИЛҮҮ АЮУЛТАЙ ЮУ?

-Энэ асуудалтай холбоотой гадны санхүүжилтээр ажилладаг асрамжын газрыхан хүүхдийг гадагшаа үрчлүүлдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд тарсан. Энэ талаар ямар байр суурьтай байна?

-Хүүхдийг гэр бүлтэй нь эргэн нэгтгэх үйлчилгээ бол “энэ айлын байдал сайжирсан, архинаас гарсан, цалин орлоготой болсон, хүүхдээ  тэжээн тэтгэх чадамжтай болсон” зэрэг үндэслэлүүд дээр хэрэгждэг. Харин үрчлэл бол маш нарийн асуудал. Энэ ажлыг бид нар хийдэггүй. Манай асрамжаас ийм ийм хүүхэд үрчлүүлэх боломжтой гэсэн нэрээ дүүргийхээ нийгмийн хөгжлийн хэлтэст өгдөг. Нийгмийн хөгжлийн хэлтэс цаашаа холбогдох байгууллагуудаараа дамжуулан энэ ажлыг хийж гүйцэтгэдэг. Ингэхдээ холбогдох бүх баримт бичиг болох эцэг эхийн үрчлүүлэх хүсэлт, үрчилж авсан хүний мэдээлэл, мөн хэзээ хаашаа авч явсан протокол гээд бүх зүйлий нарийн бэлдэж ажилладаг. Хүмүүсийн яриад байгаа гадаад үрчлэлт бүр нарийн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаадын иргэн харьяатын газар үүнийг хариуцаж ажилладаг. Тэрнээс биш бид дур мэдэн үүнийг огт хийдэггүй. Бид зөвхөн асран хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гэр бүлд нь эргэн нэгтгэх, үрчлэлд  бэлдэн дараагийн байгуулллага руу явуулах зэрэг ажлыг л хийж гүйцэтгэдэг.

-Танай байгууллага байгуулагдасанаа хойш нийт хэдэн хүүхдийн эрхийг хамгаалж ажиллав?

-900 гаруй хүүхдийг хүлээн авч ажилласан байна. Манай байгууллага хүүхдийн хувийн нууцыг маш нарийн хамгаалж ажилладаг. Тиймээс ч олон нийтийн сүлжээгээр бид асрамжын газраа зарлаад байдаггүй. Харин очоод үзэх бүх хүнд нээлттэй. Одоогоор нөхцөл байдлаас болоод л хаалттай ажиллаж байна. Бас тодорхой хэмжээний хүмүүс ирж тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Тэр хүмүүс ч бас мэдэж байгаа байх. Ер нь асрамжын газар аюултай юу, асрамжын газраас гаднах нийгэм аюултай юу? Энэ асуудлыг хүн бүхэн дотроо дүгнэж бодоосой гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Асрамжинд байдаг хүүхдүүдийн хувийн хэрэг

2010.10.26-ний өдөр ирж хүүхдийг авахдаа бичсэн өргөдөл