Амбий агсны хүү Б.Эзэнтулга: IShowspeed-д эмээгийн гарын цуйванг өгч чадаагүй ч, машинд нь үсэрч ороод хэсэг хугацааг хамт өнгөрүүлсэн нь гайхалтай байлаа

Амбий агсны хүү Б.Эзэнтулга: IShowspeed-д эмээгийн гарын цуйванг өгч чадаагүй ч, машинд нь үсэрч ороод хэсэг хугацааг хамт өнгөрүүлсэн нь гайхалтай байлаа

Дэлхийн алдартай стример, youtube хуудаснаа 38.5 сая дагагчтай IShowSpeed буюу Даррен Жэйсон Уоткинс Жуниор өчигдөр /2025.11.04/ Улаанбаатар хотын төв талбай, Чингисийн музей, Бөхийн өргөө гэх мэт газруудаар явж стрим хийлээ. Түүний бичлэгийг одоогийн байдлаар 6 сая орчим хүн үзээд байна. Харин энэ үеэр IShowSpeed-д эмээгийнхээ цуйванг идүүлэхийг хүсэж, машиных нь цонхоор үсэрч ороод сэтгэгдлээ илэрхийлсэн хүү олны анхаарлыг татав. Түүнийг Б.Эзэнтулга гэдэг бөгөөд 11 дүгээр ангийн сурагч, Амбий агсны хүү юм. Ингээд Б.Эзэнтулгатай ярилцсан сонирхолтой яриаг хүлээн авна уу.

ВИДЕО:

-IShowSpeed-ийг ирнэ гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Гуравдугаар сарын 29-н хавьцаа билүү дээ. Монголд очих талаараа өөрийн инстаграм хуудаснаа пост хийсэн байсан. Түүнийг нь хараад л мэдсэн дээ.

-Машин руу нь үсэрч орсон нь Монголд ирэхийг нь мэдчихээд эртнээс төлөвлөсөн үйл явдал байсан уу?

-Speed-ийг Монголд ирвэл эмээгийнхээ цуйванг идүүлбэл гоё юм байна даа гээд бодож байсан. Гэхдээ энэ хүнтэй уулзана гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Фейсбүүк, Тик ток, инстаграм зэрэг сошиал платформууд дээрээс л царайг нь харж байсан хүнээ хажуугаас нь харах огт өөр мэдрэмж байна лээ. Гэхдээ машиныхаа цонхоор ороод ир гэж тоглож л хэлсэн юм байна лээ. Тэгэхээр нь би өөрөө жаахан дураараа зан гаргаад л орчихсон доо.

-Сошиал орчноос л хардаг байсан хүнээ хажуугаас нь, бүр машин дотор нь үсэрч ороод хамт сууж байгаад харах тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцаач. Та хоёр хамт сууж явах богинохон хугацаандаа юу ярьсан бол?

-Юун түрүүнд анзаарсан зүйл нь үнэхээр гоё үнэртэй байсан. Урд нь бас хажууд сууж явсан хамгаалагчдаас нь жаахан айсан. Намайг суухад “Hi Bro” гэж хэлсэн. Гэхдээ өөр юу гэж  хэлснийг нь сайн санахгүй байна. Уг нь эртнээс ярих юмнуудаа бэлдчихсэн байсан юм л даа. Гэхдээ үнэхээр их сандраад хамаг юмаа мартчихсан. Манай найзууд яагаад юм яриагүй юм бэ гэж хэлсэн л дээ.

Тэр үед эмээ рүүгээ залгаад андуураад “Hey, Grandmother where are you?” гээд Англиар хэлчихсэн. Манай эмээ англиар ярьдаггүй шүү дээ. Тэгээд Speed-тэй нэг их ярьж амжаагүй.

Гэхдээ “super idol” гэдэг дуу дуулсан. Бас үнсэхэд гоё байсан. Би өөрөө их энэрэнгүй, найрсаг хүн. Буухдаа яагаад ч юм дотно мэдрэмж өгмөөр санагдаад хацар дээр нь үнсчихсэн. Машинд нь суугаад 1-3 минут л болсон байх. Жолооч ах нь бас надаас болоод торгуулсан гэсэн.

-Яагаад эмээгийнхээ цуйванг өгье гэж бодсон бэ?

-Ер нь миний хамгийн хайртай хүмүүсийн нэг бол манай эмээ. Эмээ дээрээ найзуудтайгаа очиж цуйван иддэг. Үнэхээр гоё цуйвантай. Speed-д өөрийнхөө дуртай хоолыг л амсуулж үзмээр байсан. Эмээгийн гарын цуйван бол миний амьдралдаа идэж байсан хамгийн гоё хоол.

-Магадгүй чиний амьдралдаа хийсэн мартагдахааргүй гайхалтай үйл явдлуудын нэг болсон байх. Тийм үү?

-Тэр үйл явдал болсноос хойш би өөрөө ч цонхоор орсон юм шиг санагдахгүй байгаа. Надтай адилхан хүн л тэр цонхоор нь орчихсон юм шиг. Итгэж чадахгүй л байна. Ирээдүйд гоё дурсамж л болж үлдэх юм даа. Би гэхдээ зургаа ч даруулна гэж бодоогүй. Зүгээр л хойноос нь явж байгаад царайг нь харья л гэж бодож байсан юм.

-Хүмүүс хэрхэн хүлээж авч байна. Эерэг, сөрөг сэтгэгдлүүд чамд өөрт чинь ямар санагдаж байна?

-Хүмүүсийн хэлж байгаагаар намайг сэргэлэн зангаараа боломжийг их сайн ашигласан байна гэж байна лээ. Үзэн ядсан сэтгэгдлүүд ч байсан. Гэхдээ тэр бүгдийг нэг их тоогоогүй. Намайг үзэн ядаж байна гэдэг нь нэг бодлоор дэмжиж байна гэж ойлгодог.

-Аавынхаа талаар ярьж болох уу. Жүжигчин агсан Амбийгийн хүү гэж сонслоо.

-Манай аавыг Ц.Батхуяг гэдэг. “Амбий” гэх хочтой. Манай аавын талаар хүмүүс бүгд мэдэж байгаа. Ямар сайн хүн байсныг нь, ямар сайн жүжигчин байсан гэдгийг нь.

Аавынхаа талаар нэг их яримааргүй байна. Яах вэ жаахан ярина гэх юм бол манай аав их хөдөлмөрч хүн байсан. Намайг Амбийгийн хүү гэхээр хүн болгон их гоё харьцдаг. Бас хүмүүст их тусалдаг хүн байсан гэж боддог. Ээж “чи аавыгаа сайн харж байгаагүй юм байж үйлдэл, хөдөлгөөн, зан чинь ямар адилхан болоод байна” гээд л байдаг юм.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ. Мэргэжлээ сонгосон байгаа юу?

-3-р ангиасаа хойш жүжигчин болно гэж боддог байсан. Гэхдээ больчихсон. Больсон нь хувийн шалтгаантай. Одоогоор мэргэжлээ сонгоогүй л байна. Боломж нь олдвол найзуудтайгаа видео, стрим хийнэ гэж боддог доо. Гэхдээ үндсэн мэргэжлийнхээ хажуугаар.

-IShowSpeed Монголд ирснийг хэрхэн харж байна. Бас залуу хүний хувьд хэрвээ дахин ийм алдартай хүн ирвэл монголчууд, монгол хүүхдүүд ямар байх ёстой бол. Тэр талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэхгүй юу?

-Жаахан муухайгаар хэлэхэд Speed Монголд ирж байгаа нь бидний хувьд их том аз. Speed-ийн ирэхээсээ хоёр хоногийн өмнө хийж байсан стрим дээрээ интернэт нь муу болохоор Монгол явахаас айж байна гэж байсан. Тэр асуудлаа зохицуулаад манай улсад ирж байгааг иргэд маань сайхнаар хүлээж авч, нааштай хандаасай гэж бодож байна. Бас хүүхдүүд өнөөдөр машин дээгүүр харайж үсрээд их танхайрсан. Тийм болохоор ийм од хүн ирж байхад нь сайнаар хүлээж авбал манай улсад л сайн шүү гэж хэлмээр байна даа. Мөн найзуудтайгаа сонирхолтой бичлэгүүд хийнэ гэж бодож байгаа. Бичлэгүүдийг маань манай "Vero.cell" цахим хуудсаас үзээрэй.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө