СУРВАЛЖИЛГА: Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхонд шинээр байгуулсан арал нь “Иж бүрэн гудамж” төслийн өөр нэгэн амжилтгүй хувилбар болжээ

СУРВАЛЖИЛГА: Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхонд шинээр байгуулсан арал нь “Иж бүрэн гудамж” төслийн өөр нэгэн амжилтгүй хувилбар болжээ

Улаанбаатар хот “арлын хот” болоод байгаа. Өнгөрсөн хавар л бид “Өнөр хороолол”-ын арын замын “арал”-ын талаар шуугьж байсан бол өнөөдөр ч мөн л дахин шинэ арлаа угтаж авч байна.

Isee.mn сайтын сурвалжлах баг хамгийн сүүлд байгуулсан “шинэ арал” -аас сурвалжилгаа бэлтгэлээ. Энэ арал Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон Тэс петролиум колонкийн хойд талд байрлах 21-р хорооллоос Хилчин хотхон хүртэлх автозам дагуу байрлаж буй.

ВИДЕО: 

Юуны өмнө бид замын дунд байрлуулсан энэ арлын талаар иргэд, жолооч нар ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Нэгэн жолооч “Замын голд ийм зүйл байрлуулж зорчих хөдөлгөөнд саад учруулах хэрэггүй л юм байгаа юм. Энэ арлаас болж зорчих хэсэг нарийсаад хөдөлгөөнд саад учруулж байгаа. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд өнгөрсөн шөнө энд ажил үүргээ гүйцэтгэж явсан түргэн тусламжийн машин зайлшгүй шаардлагаар урсгал сөрж ороод энэ арлыг мөргөж осол гаргасан. Ажил үүргээ гүйцэтгэж явсан машиныг буруутгах аргагүй шүү дээ. Хөдөлгөөнд саад учруулдаггүй л замтай болох хэрэгтэй” гэсэн юм. Түүнчлэн Хилчин хотхоноос 21-р хороолол хүртэлх автозам гэрэлтүүлэг муутай, явган хүний зам хангалтгүй байдаг талаар ярьж байлаа. Түүнчлэн өөр жолооч нар ч мөн дээрхтэй ижил зүйлийг ярьж байсан юм.  Тухайлбал, замын дунд арал хийснээс үүдэн жолооч нар эргэлт хийхэд хүндрэлтэй, заавал хоёр гурав дахин маневрлаж байж эргэдгийг хэлсэн юм. Түүний хувьд мөн л гэрэлтүүлэг муу, нарийн замтайг мөн дурьдаж байв.

Бид дээрх асуудлын хүрээнд нэгэн автобусны жолоочоос мөн нөхцөл байдлыг тодрууллаа. Тэрбээр “Замын инженер ажилчид гээд мэддэг хүмүүс нь л энэ ажлыг хийсэн байх. Би юу хэлэх билээ. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцоход төвөгтэй л байна” хэмээн ярьсан юм. Түүнчлэн Хилчин хотхоны ойр орчимд амьдардаг явган зорчигчдоос бид аралын талаар байр суурийг нь тодруулсан юм. Иргэдийн хувьд “Хурд сааруулагчийг л явган хүний гарц болгож ашиглаад, түүнийхээ дунд арал байгуулчихсан юм шиг байна. Замын хажуу талд явган хүний гарцны тэмдэглэгээ байрлуулчихсан байгаа. Гэхдээ зам дээр нь цагаан зураас байхгүй тул яг гарц эсэхийг нь мэдэхгүй. Ер нь ямар зориулалттайг нь сайн мэдэхгүй о байна. Энэ хавиар оройн цагаар гэрэл муу учраас цагаан зураасгүй энэ гарцыг хайж олж зам гарахад хэцүү, шөнийн цагаар явахад маш эрсдэлтэй” хэмээн ярьж байлаа. 

Жолооч, явган зорчигчдоос гадна энэ замаар алхаж буй хамгийн эрсдэлтэй бүлэг нь сургуулийн сурагчид байв. Хилчин хотхоны ойр орчимд ЕБС байхгүй тул сурагчид хичээлдээ явахын тулд заавал зам тээврийн хөдөлгөөнд оролцох шаардлага үүсдэг гэсэн үг. Энэ үеэр дунд сургуулийн бололтой хоёр охин зам хөндлөн гарч байхтай бид таарлаа. Тэдний зүгээс “Гарцны тэмдэглэгээ байхаар нь л гарчихсан. Цагаан зураас байхгүй болохоор жоохон аюултай л санагдаж байна. Бас дунд нь байгаа шороон дээр өмд шороо болохоос эхлээд хүндрэлтэй байгаа” гэсэн юм.

Дэлхийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд зөвхөн автомашинд зориулсан бус, явган болон дугуйтай иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн “иж бүрэн гудамж”-ийг бий болгохоор ажиллаж буй. Энд тэнд гэнэт, гэнэтхэн ийм жижиг арал гарч ирээд буй нь энэхүү иж бүрэн гудамжтай холбоотой байж магадгүй байгаа юм. Тодруулбал, энэ гудамжинд аюулгүй явган болон дугуйн зам, зам хөндлөн гарах гарц, мөн аюулгүй зорчиход зориулсан арал хүртэл багтдаг аж. Гэвч дэлхийн жишгийг Монголд нутагшуулах зорилготой дээрх төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалт бүр зорилгодоо нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Үүний нэг жишээ нь “Макс Рөүд” ХХК-ийн гүйцэтгэж буй Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллоос  Хилчин хотхоны авто зам дээрх энэхүү арал юм. Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах учиртай арал нь  жолооч нарын саадгүй зорчих боломжийг ч хангаж чадахгүй байгаа нь “иж бүрэн гудамж”-ийн үндсэн зарчимтай хэр нийцэж байна вэ гэсэн асуудлыг дагуулж байна. 




Өнөөдөр үхэр өдөр

34 минутын өмнө