Зургаан өдөр үргэлжилсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэргийн шүүх хурлын үеэр дурдагдсан ноцтой байж болох баримтад нийтлэлүүдийг бид өмнө нь цувралаар хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад Ц.Даваацэрэнгийн "Хэрэг" юу болов гэдгийг тоймлон хүргэж байна.
ВИДЕО:
Анхан шатны шүүх хурлын танхимд Ц.Даваацэрэн мэдүүлэхдээ, "Би Ачит ихт компанийн 34 хувийг эзэмшихийг би эрмэлзэж байсан. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр орлогч А.П.Фоменкотой ярилцаж байгаад 2013 онд "Ачит Ихт" компанийн 34 хувийг эзэмших гэрээг хийсэн. Гэтэл энэ нь Оросын талын эсэргүүцэлтэй тулгарч А.П.Фоменко Ачит ихтийн 34 хувийг эзэмших тус гэрээнд гарын үсэг зурснаас болж ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд И.В.Ройг томилсон. Тиймээс 2015 оны гэрээг И.В.Рой ахалж ажиллаад, хамтын шийдвэр гаргаж, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бүгд гарын үсэг зурсан" хэмээн өгүүлсэн энэ яриа бол түүний бодит байдлын талаар өгүүлсэн үнэний өчиг юм.
Шүүх хурлын үеэр хэлсэн түүний эл үг өөрийгөө өмгөөлсөн үг мэт сонсогдож байвч цаасан дээрх баримт ч түүний эдгээр үгийг гэрчилж, нотолж буй юм. Тодруулбал, Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Зөвлөлийн 2000 оны дунд үеийн шийдвэрээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус овоолгуудыг ашиглуулах шийдвэр гарч, энэ дагуу олон улсын компаниуд овоолгуудыг нь судалж үзээд, эдийн засгийн үр ашиггүй гээд хаяад гарсан байдаг.
-"АЧИТ ИХТ"-ИЙН 34 ХУВИЙГ ЭЗЭМШИХ ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН ХЭМЭЭН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ БАЙСАН БАЙНА-
Харин “Ачит Ихт” компани уг төслийг үргэлжлүүлэхээр болж, 2010 онд “Эрдэнэт үйлдвэр” болон “Ачит Ихт” компанийн хооронд гэрээ байгуулагдсан байгаа юм. Тус гэрээгээр “Ачит Ихт” катодын зэсийн үйлдвэрээ өөрийн 100 хувийн хөрөнгөөр барих бөгөөд "Эрдэнэт үйлдвэр" хөрөнгө оруулахгүй" хэмээгээд төсөл амжилттай хэрэгжиж, үйлдвэрийн “Зөвлөл” зөвшөөрсөн нөхцөлд "Эрдэнэт үйлдвэр", "Ачит Ихт"-ийн 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшихээр болж байж.
Харин 2013 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн тухайн үеийн захирал Ц.Даваацэрэн нэгдүгээр орлогч А.П.Фоменкотой ярилцаж байгаад "Ачит Ихт" компанийн 34 хувийг эзэмших гэрээг байгуулжээ. Гэвч энэхүү гэрээ нь Оросын талын эсэргүүцэлтэй тулгарч хэрэгжээгүй төдийгүй гэрээ байгуулсан нэгдүгээр орлогч А.П.Фоменког оросууд ажлаас нь чөлөөлж, түүний оронд И.В.Рой гэх хуульч хүнийг томилсон байна.
-"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН "АЧИТ ИХТ" КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН 2015 ОНЫ ГЭРЭЭГ ОРОСЫН ТАЛЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ И.В.РОЙ УДИРДАН ХИЙЖЭЭ-
Энэ үед буюу 2014 оны сүүлчээр "Ачит Ихт" компанийн катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орж, тус компани гэрээ ёсоор “34 хувиа "Эрдэнэт үйлдвэр"-т эзэмшүүлье. Үүнийгээ Улсын бүртгэлд бүртгэе. Компанийн удирдлагад орох хүмүүсийнхээ нэрийг өгнө үү” хэмээн "Эрдэнэт үйлдвэр"-т албан бичгээр хандсан байгаа юм.
Тиймээс "Ачит Ихт" компанийн 34 хувийг эзэмших оролдлого хийгээд бүтэлгүйтсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэн нь "Ачит Ихт" ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллах ажлыг шинээр томилогдсон Оросын талын нэгдүгээр орлогч И.В.Ройгоор удирдуулан хийлгэсэн байна. Ингэхдээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн бүх цех, хэлтсүүдээс санал авч, улмаар Иргэний хуулийн дагуу ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллахаар болж, холбогдох албан тушаалтнууд нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
-ХАМТЫН ШИЙДВЭРЭЭР БҮГД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АТАЛ НЭГ ХҮНИЙГ СУГАЛЖ, ХЭРЭГТЭН БОЛГОВ-
Өөрөөр хэлбэл, "Ачит Ихт" компанийн 34 хувийг эзэмших асуудлыг Оросын тал огт дэмжээгүй, зөвшөөрөөгүй учир 2013 оны гэрээ анхнаасаа хэрэгжээгүй, харин 2015 оны гэрээг тухайн үеийн Орос талын захирал И.В.Рой боловсруулж, дүрмийн дагуу Ерөнхий захирал болон Эрдэнэт үйлдвэрийн холбогдох удирдлагууд гарын үсэг зуржээ.
Нөхцөл байдал ийм атал нэг гарын үсгийн эзэн болох Ц.Даваацэрэнг л мөрдөх байгууллагаас яллагдагчаар татан шалгаад прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс Ц.Даваацэрэнд 6 жил 9 сарын хорих ял оноосон байгаа юм.
Мөн "Ачит Ихт" компани 2014 оноос хойш “34 хувиа үнэ төлбөргүй эзэмшүүлье” гэсэн хүсэлтээ "Эрдэнэт үйлдвэр" болон холбогдох төрийн байгууллагуудад нийт 15 удаа албан ёсоор хүргүүлсэн ч эдгээр хүсэлтэд өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр, хариу өгөөгүй атлаа 34 хувиа "Эрдэнэт үйлдвэр"-т эзэмшүүлэхээр хөөцөлдөж, хүсэлтээ удаа дараа тавьсаар ирсэн "Ачит Ихт" компанийг дээрх хэрэгт иргэний хариуцагчаар татаад олон тэрбум төгрөгийн төлбөрт унагажээ. Эдгээрээс үзэхэд, Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан гэрээний хоёр тал огт маргаагүй, нэг тал нь бүр 34 хувиа үнэ төлбөргүй шилжүүлэх саналаа удаа дараа гаргаж байсан байхад энэ асуудал яагаад эцэстээ эрүүгийн ял, олон тэрбумын төлбөр болов гэдэг нь анхаарал татж буй юм.