Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг 78 дахь удаагийн Каннын Олон Улсын кино наадам 2025 оны 05 дугаар сарын 13-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь тус кино наадмын дэргэдэх “Marche Du Film” кино маркетын хүрээнд “Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээг зохион байгуулна. Уг арга хэмжээнд танилцуулагдах кино төслүүдийг 2025 оны 04 дүгээр сарын 01-10-ны өдрүүдийн хооронд хүлээн авсан бөгөөд нийт 8 уран бүтээлч материалаа ирүүлсэн. Улмаар Монголоос найруулагч А.Энхтөгсийн "I Hate Pink", найруулагч Ж.Жамьянсүрэнгийн "Шар хөвийн зэрэглээ" (In The Beginning), продюсер Х.Баярмаагийн "Зүрхний хайртай эгч минь" (To My Dear Sweet Sister), продюсер Т.Алтантуяагийн "Сар" кино оролцохоор шалгарсныг Монголын Кино урлагийн зөвлөл мэдээллээ.