Ирэх намар ногоон бүсийн гэр хорооллын 50 мянган өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна гэв

Ирэх намар ногоон бүсийн гэр хорооллын 50 мянган өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна гэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /2025.04.15/ үеэр хотын даргын орлогч А.Амартүвшин  "Ирэх намар нийслэлийн гэр хорооллын 51.080 өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5 хувиар бууруулах тооцооллыг хийсэн.

Энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51 мянган өрхийн үнийн урамшууллыг тооцсон. Бүх төрлийн хийн түлшид шилжих 51 мянга гаруй айл өрхийн үнийн хөнгөлөлтийг 2025 оны аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт долоон сарын хугацаанд олгохоор төлөвлөж байна.

Тодруулбал, аравдугаар сард 50 мянга, арваннэгдүгээр сард 100 мянга, арванхоёрдугаар сард 200 мянга, нэгдүгээр сард 250 мянга, хоёрдугаар сард 100 мянга, гуравдугаар сард 50 мянга, дөрөвдүгээр сард 50 мянга гээд нэг айл өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна" хэмээн ярилаа. 

Тэгвэл энэхүү урамшуулалд ногоон бүсэд амьдарч буй нийслэлийн СХД-ийн 23, 21 дүгээр хороо, БГД-ийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хорооны 10.850 өрх цахилгаан халаагуурт хамрагдах бол хийн халаагуурт СХД-ийн 6, 8, 9, 11 28, 30, 39, 43 хороо, СБД-ийн 12, 13 дугаар хороо болон БГД-ийн 16 дугаар хороо, БЗД-ийн 29 дүгээр хороо ЧД-ийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хороо, байгалийн хийн халаагуурын БЗД-ийн 2, 21, 27, 30, 31 дүгээр хорооны нийт 40234 өрх хамрагдана гэж албаныхан мэдээллээ.