Нийслэлийн өмчийн 3-р байр буюу Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх шийдвэр гарч, 2024 оны нэгдүгээр сард нураан далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг байршилд зөвхөн цэцэрлэгт хүрээлэн хийхээс гадна B1 давхартайгаа нийлээд нийт дөрвөн давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгыг барьж байгаа юм. Үүнд нийт 44 тэрбум төгрөгийг зарцуулж буй.
ВИДЕО:
-НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨР ГОЛОМТЫН Д.БАЯСГАЛАНГИЙН БИЗНЕСИЙГ ЭХЛҮҮЛЭВ ҮҮ-
Уг бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгчээр "Бодь пропертийз" ХХК шалгаран өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гэрээ байгуулсан. Уг компани нь "Бодь групп"-ийн охин компани бөгөөд "Голомт"ын гэх тодотголтой Д.Баясгалангийн эзэмшлийнх. Иймд Голомтын Д.Баясгалан Нийслэлийн өмчөөр бас нэгэн бизнесээ эхлүүлэхээр зэхэж байна уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Учир нь Д.Баясгалан Нийслэлийн болон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэгчээр сонгогдох эс бөгөөс төсвийн мөнгөөр түүний хувийн бизнесийг тэтгэсээр ирсэн. Тодруулбал, Х.Нямбаатар Нийслэлээс бонд босгож 300 тэрбумаар Голомтын Д.Баясгалангийн “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-д хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Х.Баттулга ерөнхийлөгч болоод Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг оффтейк гэрээ байгуулж байгаад “Бодь групп”-ээр хийлгэх зэргээр Д.Баясгалан нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоо харилцаа тогтоож, бизнесээ өргөжүүлж, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж түүнээсээ ашиг хонжоо олж байдгийг нотлох баримт хангалттай бий.
Харин Хотын дарга Х.Нямбаатарын хэрэгжүүлж буй 44 тэрбум төгрөгийн өртөг бүхий урт цагааны бүтээн байгуулалтын ажлын тендерт Д.Баясгалангийн “Бодь пропертийз” шалгаран ажиллаж эхэлсэн бөгөөд 196 автомашины зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Уг авто зогсоол энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтанд орох бөгөөд цэцэрлэгт хүрээлэн ч энэ зун ашиглалтанд орно гэж мэдэгдсэн.
-УРТ ЦАГААНЫ БУУРИН ДЭЭР БАРИГДАХ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ИРЭХ ОНД БАГТААН АШИГЛАТАНД ОРОХ НЬ Ч ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА-
Биднийг уг бүтээн байгуулалт өрнөж буй байршилд очиход Цэцэрлэгт хүрээлэн барих ажил хараахан эхлээгүй байна. Манай улс жилийн дөрвөн улиралтайгаас хамаарч хавар болон зуны улиралд л цэцэрлэгт хүрээлэнгийн мод, ургамлыг тарьж, тохижуулах боломжтой байдаг бол одоо эхлээгүй байгаа Урт цагааны буурин дээр хийгдэх цэцэрлэгт хүрээлэнгийн байгууламж ирэх онд багтаж ашиглалтанд орох нь ч эргэлзээтэй байна.
Түгжрэлийг шийдэх цогц аргуудын нэг нь хотын төв цэгүүдэд автомашины зосгоолуудыг олноор байгуулах явдал мөн. Иймд Урт цагааны буурин далд авто зогсоол байгуулахыг ч ойр орчмын оршин суугчдын ихэнх нь дэмжиж, санал өгсөн. Гагцхүү төрийн өмчийн газарт, төрийн мөнгөөр хувийн хэвшил, тэр дундаа Голомтын Д.Баясгалан дахин нэг бизнесээ эхлүүлэх гэж байна уу гэсэн болгоомжлолын үүднээс энэ удаагийнхаа мэдээллийг бэлтгэн хүргэлээ.