Аудитаар 60.0 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 165 албан тушаалтанд хариуцлага тооцох 151 албан шаардлагыг хүргүүлжээ

Аудитаар 60.0 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 165 албан тушаалтанд хариуцлага тооцох 151 албан шаардлагыг хүргүүлжээ

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайланг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, баталсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр (2025.07.07) мэдээлэл өглөө.

Үндэсний аудитын газраас 2025 онд нийт 61 төсвийн ерөнхийлөн захирагч болон тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийсэн. Аудитаар 60.0 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 165 албан тушаалтанд хариуцлага тооцох 151 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Мөн 1.0 их наяд төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 6001 зөвлөмж өгсөн бол, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 10.2 тэрбум төгрөгийн зөрчлийг шалгуулахаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Аудитын хүрээнд зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаас гадна тухайн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх нь чухал. Мөн энэ жилийн дүнд үндэслэн ирэх жилийн аудитаар илрэх алдаа, зөрчил эрс багасах учиртай. Тиймээс Үндэсний аудитын газар ирэх наймдугаар сард хийх завсрын аудитын хүрээнд өмнө нь өгсөн акт, албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төсвийн ерөнхийлөн захирагчидтай онцгойлон анхаарч ажиллана” гэдгийг тодотголоо.

Санхүүгийн тайлангийн аудитаар илэрч буй зөрчлүүдийн хувьд голчлон төсвийн хөрөнгийг хуулийн хүрээнд захиран зарцуулахгүй байх, зориулалт бусаар зарцуулах, тухайн байгууллагад байгаа өр авлагыг баталгаажуулахгүйгээр тайлагнах тохиолдол илэрч байна. Мөн төсөв захирагчид шилэн дансаа хуулийн хүрээнд хөтлөхгүй байгааг Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг тодотголоо.

Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн аудитаас гадна үйл ажиллагааны гүйцэтгэл, нийцлийн аудитыг хийж гүйцэтгэдэг. 2024 оны тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарын 69 барилга байгууламж, соёлын салбарын 12, эрүүл мэнд, эмнэлгийн 24, инженерийн дэд бүтцийн 18 байгууламж, дэд бүтэц болон цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах 28 барилга, байгууламж болон 202.4 км авто замд хийсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд аудит хийсэн. Аудитаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тухайн жилийн санхүүжилт 62.7 хувийн гүйцэтгэлтэй, тухайн онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл арга хэмжээний хэрэгжилт 69 хувьтай байсныг ҮАГ-ын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд мэдээллээ.

Мэдээллийн үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 7.3 их наяд төгрөгийн татвартай холбоотой мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлаар мөн тайлбар өглөө.

Тэрбээр “Татварын Ерөнхий газраас татварын бүрдүүлэлт, ногдуулалттай холбоотой зөрчил, гэрээ, бараа, ажил, үйлчилгээ, мөнгө угаасан байж болзошгүй нийт 7.3 их наяд төгрөгийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, борлуулалтын орлогоо бууруулсан, нуусан, зардлаа нэмж тайлагнасан гэрээ болон үйл ажиллагаатай холбоотой 94 иргэний 3.9 их наяд төгрөг, 56 аж ахуй нэгжийн 2 их наяд төгрөг буюу нийт 6 орчим их наяд төгрөгийн зөрчлийг татварын байгууллага илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Түүнээс гадна худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь нотлогдоогүй цахим төлбөрийн баримт шивүүлж, НӨАТ-ыг бууруулсан 17 аж ахуйн нэгжийн 950.0 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нотлогдоогүй ч их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон 66 аж ахуйн нэгжийн 855.2 тэрбум төгрөгийн зөрчил, эцэст нь мөнгө угаасан байж болзошгүй цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 43 аж ахуйн нэгжийн 337.8 тэрбум төгрөг, 1 иргэний 600.0 сая төгрөг гээд нийт 338.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Эдгээр 4 зөрчлийн дүн нийлээд 7.3 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд дээрх дүн нь төрийн байгууллага, тэр дундаа Засгийн газар, салбарын яамд, төсөвт байгууллага, төрийн өмчит компаниудтай хамаагүй” гэдгийг онцоллоо. Харин хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын ээлжит шалгалтын хүрээнд илэрсэн зөрчилтэй холбоотой дүн аж. Үндэсний аудитын газраас “Татварын хэрэг маргаантай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх процесс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох” зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн байна. Тодруулбал, 2019 онд холбогдох хуульд орсон өөрчлөлтөөр татварын байцаагч нь татварын хэрэг маргаанд шинжээчээр оролцох боломжгүй болсон. Энэ нь их хэмжээний дүнтэй олон хэрэг маргаан хууль хяналтын байгууллагад шийдвэрлүүлэхээр хүлээлт үүсгэх болсныг эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар шийдвэрлэх зөвлөмжийг хүргүүлсэн юм.

ВИДЕО: