СУРВАЛЖИЛГА: Монголд ургах боломжгүй гэдэг байсан Усан үзэм, Киви, Анар, Цангис, Тоор зэргийг тарьж, ургуулж буй Т.Батсүхийнд зочиллоо

СУРВАЛЖИЛГА: Монголд ургах боломжгүй гэдэг байсан Усан үзэм, Киви, Анар, Цангис, Тоор зэргийг тарьж, ургуулж буй Т.Батсүхийнд зочиллоо

Усан үзэм, банана, киви, анар, тоор зэрэг жимс зөвхөн халуун оронд ургадаг, жилийн дөрвөн улиралтай 40 градус хүрч хүйтэрдэг манай улсад ургах боломжгүй гэдэг. Тэгвэл үүнийг боломжтой болгож, эх орныхоо хөрсөнд халуун орны жимс тариалахаар ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Т.Батсүх долоон жилийн өмнө хашаандаа өвлийн хүлэмж барьж, усан үзмийн мод тариалж эхэлжээ.

Түүний тууштай хөдөлмөр өдгөө үр шимээ өгч, 20 төрлийн усан үзмийн модноос 150кг усан үзэм хурааж авахаар ажиллаж байна. Иймд бид Т.Батсүхийн хүлэмж болон жимсээ хэрхэн тариалж буй талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

"УСАН ҮЗМИЙГ ГАДАА -40 ХЭМИЙН ХҮЙТЭНД Ч ҮР ЖИМСЭЭ ӨГДӨГ БОЛГОХ ЗОРИЛГО ТАВИАД БАЙНА"

Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Т.Батсүх “Би олон улсын харилцааны мэргэжилтэй. АНУ-д 10 жилийн хугацаанд ажиллаж, амьдарч, сураад эх орондоо ирсэн. Эх орондоо ирээд жижиг дунд бизнес эрхлэхээр ханцуй шамлан орсон доо. Одоогоос таван жилийн өмнө Канад, Турк, Сингапур, Орос, Казакстан, Узбек гээд зургаан орны өөр, өөр сортын 200 гаруй усан үзмийн үр, үрсэлгээ, суулгацыг нутагшуулах зорилго тавьж, энэ ажлаа эхэлж бйалаа. Эхлээд дөрөв тавхан модноос л жимс авч байсан. Харин өнөөдөр 20-иод төрлийн усан үзмийн мод нутагшуулжээ. Нийт таван жил усан үзэм тариалснаас сүүлийн гурван жилийн хугацаанд ургац авлаа.

Энэ жил хэдий 30 хүрэхгүй усан үзмийн модтой ч 150 кг жимс хурааж авна. Цаашид усан үзмийг зуны хүлэмжид тарина. Мөн гадаа -40 хэмийн хүйтэнд ч үр жимсээ өгдөг болгох зорилго тавиад байна. Ганц усан үзэм биш тоор, киви, анар, лийр, ялам, цангис, алим зэрэг жимсийг тариалж байна. Манай хүлэмжинд их хэмжээгээр биш ч ховор нандин жимс байдаг” гэлээ.

Т.Батсүхийн хүлэмжид халуун оронд ургадаг жимснээс гадна олон төрлийн нарийн ногоо ургажээ. Тухайлбал, салатны навч, бууцай, өргөст хэмх, улаан лооль, хулуу зэргийг тарьж ургуулсан байна. Мөн бидний агаарын тээврээр, өндөр үнээр импортолдог улаан сарнай, лили зэрэг цэцэг тарьжээ.

"ИМПОРТЫН УЛААН САРНАЙ, ЛИЛИ ЦЭЦГИЙГ ЭХ ОРОНДОО ТАРИАЛАХ БОЛОМЖТОЙ"

Мөн үргэлжлүүлэн тарбээр, “Цэцэг бол орчин нь байхад хамгийн амархан ургадаг. Хүлэмжинд маань хурдан, өнгөлөг, том болж ургаж байгааг харах сайхан байна. Лили цэцгийн хувьд маш эмзэг цэцэг юм билээ. Хажуугаар нь өнгөрөх төдийд л дэлбээ нь уначих гээд байсан. Дэлбээ томтой, маш сайхан үнэртэй шүү дээ. Гэхдээ би иргэд дэлгүүрийн цэцэг худалдаж авахаас илүү цэцгийн саванд суулгачихсан цэцгийг хүнд бэлгэлээсэй гэж хүсэж байна. Өөрсдөө ч юм уу эсвэл эх орондоо тарьсан цэцгийг хайртай дотнын хүмүүстээ бэлэглэвэл хавар, өвөл гээд ургаад л байна шүү дээ. Цаашид 30 төрлийн жимс жимсгэнэ тариалах төлөвлөгөөтэй байна” гэлээ.