ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Давж заалдах шатны шүүхээс тойм мэдээлэл бичжээ

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Давж заалдах шатны шүүхээс тойм мэдээлэл бичжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн талаараа тойм мэдээлэл бичжээ. 

Тус мэдээлэлд "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Номинсувд нар нь бүлэглэн

  • “Нандин-Ухаан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяагаас бэлнээр 70,000,000 төгрөгийн,
  • “Анхтуяа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Анхтуяагаас бэлнээр 50,000,000 төгрөгийн, нийт 120,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль авч,

Л.Бямбасүрэн нь “Чадамжийг үнэлэх журам”-ын дагуу чадамжийн үнэлгээг хийхгүй байх, хууль бус үүрэг чиглэлийг өөрийн удирдлагад ажиллаж буй албан тушаалтнуудад өгч, зохих хяналт шалгалтыг хийхгүйгээр, хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх хоёр оношийг нэмсэн гэрээг “Нандин-Ухаан” ХХК, “Анхтуяа” ХХК-тай байгуулж батлан,

  • Л.Бямбасүрэн нь 50,000,000 төгрөгийг,
  • А.Төвшин нь 50,000,000 төгрөгийг,
  • Б.Номинсувд нь 20,000,000 төгрөгийг тус тус авсан,  

-Мөн А.Төвшин, Б.Номинсувд нар нь бүлэглэн “Баянзүрх эмнэлэг” ХХК-аас эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр эмнэлгийн гүйцэтгэх захирал Ө.Айгиймаагаас 7 удаагийн үйлдлээр 70,000,000 төгрөгийн хахууль авсан,  

-Б.Номинсувд болон Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга С.Ундрам нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан 1,881,794,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий автозамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Сант баян бэрх” ХХК-ийг шалгаруулж, албаны чиг үүрэгтэйгээ хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд нь санхүүжилтийн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө 90,000,000 төгрөг өгөхийг тус компанийн хувьцаа эзэмшигч  О.Мөнхчулуунаас шаардсан;  

 - “Ти ай жэй хип” ХХК-д “Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авч өгнө гэж албаны чиг үүрэгтэйгээ хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр гүйцэтгэх захирал Ө.Мөнхтулгаас нь хоёр удаагийн үйлдлээр нийт 20,000,000 төгрөгийг хахуульд авч, Б.Номинсувд нь 8,500,000 төгрөгийг, С.Ундрам нь 11,500,000 төгрөгийг тус тус авсан;  

- Б.Номинсувд нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар олгогддог “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-г “Бөхөд” ХХК-д гаргаж өгнө гэж компанийн менежер С.Цэдэнсодном, дэлгүүрийн түрээслэгч П.Алтантуяа нараас 3,000,000 төгрөгийн хахууль авсан;  

- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын сонгон шалгаруулалт, гэрээлэлт, гэрээний хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Баянжав нь “Нандин ухаан” ХХК-ийн эмнэлгийн тусгай эрхийг хасахгүй байх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр гүйцэтгэх захирал Т.Ариунтуяагаас нь 10,000,000 төгрөгийн хахууль авч, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Хууль тогтоогчоос 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинжийг  болон оногдуулах ялын төрөл хэмжээг хүндрүүлэн өөрчилсөн ба дээрх хахууль авах гэмт хэргийг 2023-2024 онд үйлдсэн байх тул өөрчлөлт орсон хуулийг хэрэглэсэн.

Шүүгдэгч А.Төвшин, Б.Номинсувд нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бүлэглэн, хахууль өгөгчөөс авсан 120,000,000 төгрөгийн хэмжээ нь нэг зуун мянган нэгж буюу 100,000,000 төгрөгөөс их учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан их хэмжээний хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэж, мөн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Б.Номинсувдтай бүлэглэн “Сант баян бэрх” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхчулуунаас 90,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, үүнээс гадна 11,500,000 төгрөгийн хахууль авсан шүүгдэгч С.Ундрамын үйлдлийг, 10,000,000 төгрөгийн хахууль авсан Д.Баянжавын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авсан, шаардсан” гэмт хэргийг үйлдсэн байна гэж шийдвэрлэв.

Засгийн газрын агентлагийн дарга нь “Улс төрд нөлөө бүхий этгээд” болохыг Эрүүгийн хуулийн тусгай ангид хууль тогтоогч тайлбарласан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна. Шүүгдэгч Л.Бямбасүрэн нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Б.Номинсувд, А.Төвшин нартай бүлэглэн 120,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хахуулийг хахууль өгөгчөөс авсан байх тул түүний үйлдлийг “Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн.

Мөн Л.Бямбасүрэн нь хахуульд өөрийн авсан 50,000,000 төгрөгөөсөө 48,000,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт үйлчлэгчээр ажилладаг Г.Даваадуламын данс руу шилжүүлж, БНСУ-руу захиалсан “Mercedes Benz E300” загварын тээврийн хэрэгслийн төлбөрт оруулж, тус машинаа Г.Даваадуламын нэр дээр бүртгүүлэн улсын дугаар авч, хахуульд авсан мөнгөний эх үүсвэрээ нуун далдалсан үйлдэл хийснийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн” гэж шийдвэрлэсэн.

Харин Л.Бямбасүрэнг гэм буруутайд тооцсон мөнгө угаах гэмт хэргээс “...хахууль авах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг мэдсээр байж үйлдсэн..." гэсэн  Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгов.

Иймд анхан шатны шүүхээс Л.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, нийт 13 жилийн хорих, Б.Номинсувдын нийтийн албанд ажиллах эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж 7 жилийн хорих, С.Ундрамд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих, Д.Баянжавт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин А.Төвшин нь анхан шатны шүүхийн улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 60,000,000 төгрөгийг төлсөн, гэм буруугаа зөвшөөрснийг харгалзан түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхээс А.Төвшинд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 5 жил 6 сарын хорих ял болгож, нийтийн албанд ажиллах эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэвээр үлдээв.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Ариунтуяа, Т.Анхтуяа, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ял, торгох ялыг хуулийн шаардлагыг хангаж Эрүүгийн хуульд заасан тухайн зүйлийн төрөл, хэмжээний дотор оногдуулсан байна гэж дүгнээд хэвээр үлдээж шийдвэрлэсэн" гэжээ.