Швейцарын Лозанн хотод амьдарч буй Монгол Улсын иргэн Содномжамцын Бодьгэрэл аравдугаар сарын 2-ны өдөр 13 давхар орон сууцанд гарсан гал түймрийн үеэр 12 настай охин, 85 настай өндөр настны амь насыг аварч, галыг шуурхай унтраан, олон хүнийг болзошгүй аюулаас хамгаалсан бахархалт үйл хэрэг бүтээжээ.
Мэргэжлийн гал сөнөөгчдийг ирэхээс өмнө өөрийн амь нас, эрүүл мэндийг үл хайхран галын голомтод орж, нөхцөл байдлыг зөв үнэлэн, галын хорыг зохистой ашиглаж, аюулыг таслан зогсоосон түүний эр зориг, авхаалж самбаа, хариуцлагатай үйлдлийг Швейцарын мэргэжлийн байгууллага өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна.
Түүнчлэн Швейцар Улсын иргэн Оноре Антуан Беккер Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайдын яаманд талархлын захидал ирүүлж, Монгол Улсын иргэн С.Бодьгэрэлийн энэхүү баатарлаг үйл хэрэгт талархал илэрхийлжээ.