Баавгайг нойрсуулах буу, сум нийлүүлэх компаниудын санал авах хугацаа өнөөдөр дуусна

Баавгайг нойрсуулах буу, сум нийлүүлэх компаниудын санал авах хугацаа өнөөдөр дуусна

Хүрэн баавгайг нойрсуулах зориулалттай буу, сум болон холбогдох хэрэгслийг гадаадаас нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийн саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өнөөдөр буюу аравдугаар сарын 16-нд хүлээн авч дуусна.

Тодруулбал, тус яамнаас хүрэн баавгайг нойрсуулах бууны иж бүрдэл худалдан авах 450 сая төгрөгийн тендерийг аравдугаар сарын 8-нд зарласан бөгөөд шалгарсан аж ахуйн нэгж бууг гэрээ байгуулснаас хойш 21 хоногийн дотор нийлүүлэх юм байна. 

БОУАӨЯ-ны мэдээлснээр, хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэх, малд халдах тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1 тэрбум 88.3 сая төгрөгийг асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болжээ. Үүнээс 810 сая төгрөгийг дөрвөн төрлийн худалдан авах ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн байна. Нойрсуулах бууг зөвхөн суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг аюулгүй шилжүүлэхэд ашиглахаас гадна зэрлэг амьтанд судалгаа хийх, хүзүүвч зүүх, биологийн болон генетикийн сорьц авах зэрэг ажилд ашиглах боломжтой аж.