Засгийн газраас Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2026 оны долоодугаар сарын 6-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Улмаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо аравдугаар сарын 14-нд хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн бол өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Тэгвэл уг хуулийн төслийг гол өөрчлөлтүүдийн талаар хүргэе. Стандартын тухай хууль нь зөвхөн бараа бүтээгдэхүүний чанарт хамаарахгүй. Хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэл, үйлчилгээ, импорт, экспорт, лабораторийн шинжилгээ зэрэг олон салбарт мөрдөх шаардлагыг зохицуулдаг. Тиймээс уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд стандарт хэрэглэхээс эхлээд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шалгах, баталгаажуулалтын мэдээлэл авах хүртэлх харилцааг хамруулжээ.
-"БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ШАЛГАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙ БОЛГОНО"-
Одоо мөрдөж буй хуулиар бүтээгдэхүүн стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангаж байгаа эсэхийг үнэлж, баталгаажуулах харилцааг зохицуулдаг. Харин шинэчилсэн найруулгын төсөлд заавал тохирлын үнэлгээнд хамруулах бүтээгдэхүүний жагсаалт, баталгаажуулалт, аюулгүй байдлын тэмдэг болон импортын үеийн хяналттай холбоотой зохицуулалтыг тусгажээ.
Заавал үнэлгээнд хамруулах бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газар батлахаар төсөлд заасан байна.
Тохирлын үнэлгээ гэдэг нь тухайн бүтээгдэхүүн тогтоосон шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, баталгаажуулах үйл явц юм. Тухайлбал, аж ахуйн нэгж гадаадаас цахилгаан хэрэгсэл импортолдог гэж бодъё. Хэрэв тухайн бүтээгдэхүүн заавал тохирлын үнэлгээнд хамрагдах жагсаалтад багтсан бол холбогдох шаардлагыг хангаж, баталгаажуулалт хийлгэх хэрэгтэй. Харин хэрэглэгч бүтээгдэхүүн сонгохдоо шаардлагатай баталгаажуулалттай эсэхийг шалгах боломжтой болно. Ингэснээр үйлдвэрлэгч, импортлогчид ямар бүтээгдэхүүнд ямар шаардлага тавигдахыг тодорхой мэдэх, хэрэглэгчид бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар мэдээлэлд тулгуурлан сонголт хийх нөхцөл бүрдэх юм.
-"ЛАБОРАТОРИЙН ТОГТОЛЦООГ ГУРВАН ШАТЛАЛТАЙ БОЛГОНО"-
Хуулийн төсөлд лабораторийн үйл ажиллагааг хяналтын, баталгаажуулалтын, лавлагаа гэсэн гурван шатлалд ангилан зохион байгуулахаар тусгажээ. Хяналтын лаборатори орон нутагт, баталгаажуулалтын лаборатори бүсийн төвүүдэд ажиллах бол лавлагаа лаборатори шинжилгээний үр дүнтэй холбоотой маргааныг магадлан шалгаж, эцсийн шийдвэр гаргах үүрэгтэй байхаар заасан байна.
Одоо мөрдөж буй хууль лаборатори болон тохирлын үнэлгээний байгууллагын үйл ажиллагааг зохицуулдаг ч шинэ төсөлд лабораториудын чиг үүрэг, хоорондын уялдаа холбоог нарийвчлан тусгажээ. Мөн тоног төхөөрөмж, урвалж бодис, программ хангамж, хүний нөөцийн чадавхыг сайжруулах зохицуулалт багтсан байна. Жишээлбэл, нэг бүтээгдэхүүний шинжилгээний үр дүнтэй холбоотойгоор үйлдвэрлэгч болон хяналтын байгууллага санал зөрөлдсөн тохиолдолд лавлагаа лабораторийн шинжилгээ, шийдвэр чухал болно. Энэ нь маргааныг шийдвэрлэх тусгай зохицуулалттай болохын зэрэгцээ бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг үнэлэх лабораторийн тогтолцоог сайжруулах зорилготой юм.
-СТАНДАРТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ НЭГ САНГААС АВНА-
Шинэчилсэн найруулгын төсөлд стандартын баримт бичиг, итгэмжлэгдсэн байгууллага, баталгаажуулалтын үр дүн, лабораторийн шинжилгээ болон техникийн хяналтын мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн сантай болохоор тусгажээ.
Холбогдох байгууллагууд мэдээллийг санд оруулж, үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд хуульд заасан нууцад хамаарахаас бусад мэдээллийг нээлттэй байлгахаар заасан байна. Өмнө нь эдгээр мэдээллийг авахын тулд холбогдох байгууллага, эх сурвалжийг тус тусад нь хайх шаардлага гарч болох байсан бол нэгдсэн сан бүрдсэнээр мэдээллийг нэг дороос авах боломж нэмэгдэнэ.
Тухайлбал, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ шинжлүүлэх лаборатори сонгохдоо тухайн байгууллага шаардлагатай чиглэлээр итгэмжлэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Нэгдсэн мэдээллийн сан бүрэн ажилласнаар ийм мэдээллийг хайж олох нь хялбар болно. Харин иргэд бүтээгдэхүүн, баталгаажуулалтын талаарх нээлттэй мэдээллийг шалгаж, сонголт хийх боломжтой юм.
Хуулийн төсөлд үндэсний стандартыг үнэ төлбөргүй ашиглах зохицуулалтыг мөн тусгасан байна.
Сануулахад, Хэрэв энэ хууль батлагдвал 2027 оны гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр заасан байна.